УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл хийлээ.
2028 он хүртэл баримтлах энэхүү бодлогод бэлчээрийн мал аж ахуй зонхилон эзэлж, тариалан голлосон газарт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр заажээ. Мал аж ахуйг хөгжүүлэхдээ бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахад голлон анхаарч байгаа аж.
2017 онд Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон нь өмнөх оныхоос 7.6 хувиас өссөн. Мөн экспортын орлого өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр “Мал аж ахуйн салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж, орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үздэг.
Малын тоо толгой өссөн ч өнөөдөр малчид, хөдөө аж ахуйн салбар хямралын хүнд үетэй нүүр тулаад байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжихгүй байна. Малчдын амьдралд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт өссөн ч биет хэмжээ буурсан гэдэг мэдээлэл бидэнд ирлээ.
Махны экспорт өмнөх жилийн мөн үеийнхээс буурсан гэдэг мэдээлэл ирж байна.
Ардчилсан нам эрх барьж байхдаа баруун таван аймгаас эхлээд малын гоц халдварт өвчнийг бууруулах араг хэмжээг хэрэгжүүлж байсан. Гэвч өнөөдөр малын гоц халдварт өвчин газар авсан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ муу байгаагийн илрэл.
Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт отор нүүдлийн зохицуулалт хийгээгүй, малчдад гоц халдварт өвчний талаар ухуулан таниулах ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс голомтыг тэлж, хүрээг тэлсэн. Зүүн аймгуудад хадлан тэжээл бэлтгэх үйл ажиллагааг зөвшөөрч зохицуулалтгүй явуулснаас малын гоц халдварт өвчнийг нэмэгдүүлсэн гэж ард иргэд ярьж байна’ гэлээ.
Г.ДАРЬ