Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Улсын дээд шүүхийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.
Тус хуульд, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан байна. Энэ заалтаар шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлжээ.
Ингэснээр, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах, мэтгэлцэх, зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж улмаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.
Иймд тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалтын үйлчлэлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.
Эх сурвалж: үндсэн хуулийн цэц