Монголд шатахуун нийлүүлэхэд тээвэрлэлт бэрхшээлтэй

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Монголд шатахуун нийлүүлэхэд тээвэрлэлт бэрхшээлтэй

Монголд шатахуун нийлүүлэхэд тээвэрлэлт бэрхшээлтэй

Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин өнөөдөр /2018.02.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Казахстаны нийгэм, эдийн засгийн байдал, Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын шинэ оны эхэнд ард түмэндээ хаягласан илгээлтэд багтсан зорилтууд хийгээд тус улсын гадаад бодлогын талаар товч мэдээлэл өгч, дараа нь Монгол ба Казахстан хоёр улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.


КАЗАХСТАНД ЯДУУРАЛ 13 ДАХИН БАГАСЧЭЭ

Дэлхийн хөгжингүй 30 улсын эгнээнд багтан орох том амбицтай Казахстан улс “Казахстан-2050” хөгжлийн стратеги баталж, тэр дагуу үндэсний төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа юм.

2017 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4 хувь, аж үйлдвэрийн өсөлт 7 хувьтай байжээ. Аж үйлдвэрийн нийт дүнгээр авч үзвэл, боловсруулах салбар 40-өөс дээш хувийг эзэлж байгаа аж.

Мөн ядуурал 13 дахин багасч, ажилгүйдлийн түвшин 4.9 хувь хүртэл буурсан байна. 

НАЗАРБАЕВЫН АРД ТҮМЭНДЭЭ ХАЯГЛАСАН 10 ЗОРИЛТ БҮХИЙ ИЛГЭЭЛТ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уламжлал ёсоор шинэ оны эхэнд ард түмэндээ илгээлтээ хүргэсэн. “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөхцөл дэх хөгжлийн шинэ боломжууд” нэртэй тус илгээлтэд Казахстаны хөгжлийн дараагийн шатыг тодорхойлох үндсэн 10 зорилтыг дэвшүүлжээ. 

Эдгээр зорилт нь технологийн эрин үетэй хөл зэрэгцэн аж үйлдвэрийн шинэ шаардлагад дасан зохицоход чиглэсэн байна.

Ерөнхийлөгч Назарбаевын танилцуулсан 10 зорилт

АЖ ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТЭД ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ

  • Дижитал буюу тоон технологид суурилсан шинэ арга хэрэгслийг туршиж, нэвтрүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, инновацийн шийдлийг боловсруулах,

УЛСЫН НӨӨЦ БАЯЛГИЙН ЧАДАВХЫГ ХӨГЖҮҮЛЭХ

  • Нүүрс, газрын тос зэрэг дан ганц байгалийн баялагт тулгуурлахгүйгээр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүч ба ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах,

ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРТ “уХААЛАГ ТЕХНОЛОГИ” НЭВТРҮҮЛЭХ

  • Жимс, ногоо тариалах, газар тариаланд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэх, үйлдвэрлэхэд шинэ арга хэрэгсэл ашиглах,

ТЭЭВЭР-ЛОГИСТИКИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 

  • Транзит зам тээврийг хөгжүүлэх, транзит тээврийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх,

БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРТ ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАХ

  • Барилгын зураг төсөл, хот байгуулалтад барилгын шинэ арга, орчин үеийн материал, зарчмын хувьд шинэ арга барил ашиглах, байшин барилгын чанар, экологийн аюулгүй байдал, эрчим хүчний үр ашигтай байдалд өндөр шаардлага тавих,

САНХҮҮГИЙН САЛБАРЫГ “дАХИН АЧААЛАХ” 

  • Банк, санхүүгийн байгууллагад тавих хяналтыг сайжруулж, ард түмэнд ашигтай байдлаар хөгжүүлэх,

ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

  • Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, багш, эмч нарын амьдрал, нийгмийн асуудлыг шийдэх, боловсролыг англи, орос, казах гэсэн гурван хэл дээр олгох, латин үсэглэлд шилжих, орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгох, тэтгэвэр, цалин нэмэх,

ҮР АШИГТАЙ ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХ

  • Төрийн удирдлагыг орон нутагт нь олгох, төрийн үйлчилгээг саадгүй хүргэх, “Нэг цонх”-ны зарчмаар бизнесийн салбарынхны төрийн үйлчилгээ авах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системийг интеграцчилах байдлаар тус тусад нь олгодог үйлчилгээг “нэг өргөдөл”-ийн зарчмаар цогцоор олгох,

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ

  • Шүүхийн болон хууль хамгаалах тогтолцоог сайжруулах, иргэдийн эрхийг хамгаалах,

“УХААЛАГ ХОТ” БУЮУ ОРЧИН ҮЕИЙН ХОТ БАЙГУУЛАЛТАД ХҮРЭХ

  • Ухаалаг хотын жишиг стандартыг бүрдүүлж, хотуудын хооронд шалгарсан шилдэг практикийг дэлгэрүүлэх гэсэн асуудлууд багтсан болохыг Элчин сайд Калыбек Кобландин танилцуулсан юм. 

КАЗАХСТАН НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ДАРГАЛАВ

Казахстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувиар 2018 оны нэгдүгээр сард тус зөвлөлийг даргалсан нь гадаад улс төрийн томоохон үйл явдал болохыг Элчин сайд Кобландин онцоллоо. Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын урилгаар өнгөрсөн нэгдүгээр сарын 16, 17-нд АНУ-д хийсэн албан ёсны айлчлал олон талын ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн юм. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг цаашид стратегийн түншлэлд хүргэх талаар зөвшилцөж, нийт 20 гэрээ, баримт бичигт гарын үсэг зурж, 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. 

Назарбаев НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг тэргүүлсэн хугацаанд мөн Нью-Йорк хотноо “Үй олноор устгах зэвсгийг үл дэлгэрүүлэх: Итгэлцлийн арга хэмжээ” нэртэй уулзалт зохион байгуулсан байна.


МОНГОЛ-КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛНО

Хэвлэлийн бага хурлын үеэр Элчин сайд Калыбек Кобландин ирэх гуравдугаар сард Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болох тухай мэдээлэл өгсөн юм. Одоогоор бэлтгэл шатанд яваа тус хуралдаанаар  хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан Казахстанд ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар албаны хүмүүстэй санал солилцсон тухай Элчин сайд хэлсэн юм. Мөн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстанд айлчлал хийхээр төлөвлөгдсөнийг мөн дуулгалаа. 

Элчин сайдын хэлснээр Монгол, Казахстаны худалдааны эргэлт 2017 оны эхний арван сарын байдлаар 70 сая ам.долларт хүрч, жилийн эцсийн байдлаар 80 сая ам.доллар давсан байна.


Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин

Үүний дараа Элчин сайд Калыбек Кобландин сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Астана-Улаанбаатарын хооронд хийх
шууд нислэгийн талаар

-3-4 жил яригдаж байгаа энэ сэдэв Элчин сайдын яамны нэн тэргүүнд шийдэх асуудлын нэг юм. Монголын төр энэ асуудал дээр татгалзах зүйлгүй гэсэн. Гагцхүү шууд нислэг үйлдэх Казахстаны Air Astana болон Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ компани хооронд байгуулах арилжааны гэрээтэй холбоотой юм. Би хувьдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, харьяа асуудал эрхэлсэн сайд нартай уулзах үедээ энэ асуудлыг сөхөж ярьдаг. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар шууд нислэгийн асуудал яригдах байх.

Та бүхэн санаж байгаа байх, бараг шийдэгдэх сүүлийн шатанд явж байх үед нь Монголд парламентын, дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болж, удалгүй хэд хэдэн Засгийн газар солигдсон нь асуудлыг шийдэхэд сөргөөр нөлөөлсөн тал бий.

Монгол Улс Казахстанаас нефть, газрын тосны
бүтээгдэхүүн импортлох тухайд

-Казахстан улс өнгөрсөн жил 70-80 сая тонн газрын тос олборлосон. Газрын тос олборлогч дөрвөн компани бий. Казахстан шатахууны хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг. Харин онгоцны түлшийг ОХУ-аас импортоор авдаг. Казахстан тодорхой хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог. Тухайлбал, төмөр замаар тээвэрлэж Хятад, Вьетнам, баруун Азийн орнууд руу, мөн Иранд нийлүүлдэг. Манай улс Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Гэвч, өнөөх тээвэрлэлтийн асуудал бэрхшээлтэй. Оросын нутгаар дамжин тээвэрлэхэд үнэ өндөр тусах асуудал яригдана. 

Назарбаевын илгээлтэд багтсан зорилтын биелэлт,
хэрэгжилтийн үр дүнгийн талаар

-Ерөнхийлөгчийн илгээлтийг Засгийн газарт хүргүүлдэг. Улмаар харьяа яам, агентлагт шилждэг. Сар бүр, эсвэл улирал тутамд тэдгээр байгууллагаас тайлан авч, жилийн эцэст Казахстаны Тусгаар тогтнолын баярын өмнө Ерөнхийлөгчид тайланг хүргүүлдэг. Казахстаны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилтууд шат шатандаа бүрэн хэрэгждэг.

Казахстан улс авлигатай хэрхэн тэмцэж байна вэ?

-Сүүлийн гурван жилд Казахстанд удирдах албан тушаалд ажиллаж байсан 2500 гаруй хүн авлигын хэргээр саатуулагдсан. Мөн 17 сая тенгег улсын орлого болгосон. Казахстан улс авлигаас сэргийлэх тал дээрээ хууль, эрх зүйн орчныг төгс болгож чадсан. Одоо шүүх, хуулийн хяналттай холбоотой асуудлыг парламентын түвшинд хэлэлцэж байна.

Казахстан латин үсэглэлд шилжих асуудлаар

-Казахстан улсын үндэсний хэл нь казах. Орос хэлийг олон улсын харилцах хэл гэж тодорхойлсон байдаг. Харин латин үсэглэл дэлхий даяар өргөн тархсан, хэрэгцээ шаардлага бий гэж үзсэн учраас дунд сургуулийн сурагчдад гурван хэл дээр хичээл заах шийдвэр гаргасан байгаа. Гурван хэл дээр хичээллэх үйл явц шат дараатай үргэлжилнэ. 2019 оноос ахлах сургуулийн 10, 11 дүгээр ангийнханд математик, газар зүй зэрэг зарим хичээлийг англи хэл дээр зааж эхэлнэ. Шатлалтайгаар хэрэгжүүлсээр аажимдаа нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хичээл казах, орос, англи гэсэн гурван хэл дээр ордог болох юм. Энэ ажлын хүрээнд их, дээд сургуульд тусгай багш нарыг бэлтгэж эхэлсэн.

Казах хэл 42 үсэгтэй. Гэвч төдийлөн ашиглагддаггүй үсгүүд ч бий. 1990 онд Казахстан улс тусгаар тогтносон цагаасаа хэлний асуудалдаа анхаарч эхэлсэн. Улмаар казах үсгийг латинаар орлуулах ажилд орсон. 2025 оноос латин үсэглэлд бүрэн шилжинэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж