Д.Гантулга гишүүн “Биднээс хамаарна” донорын аяныг санаачиллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Д.Гантулга гишүүн “Биднээс хамаарна” донорын аяныг санаачиллаа

Д.Гантулга гишүүн “Биднээс хамаарна” донорын аяныг санаачиллаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга “Биднээс хамаарна” донорын аяныг санаачлан, өнөөдрөөс /2018.02.02/ эхлүүлж байна. Аяны нээлт Тусгаар тогтнолын ордонд болсон юм. Аян эхэлсэнтэй холбоотойгоор олны танил 20 гаруй хүн өнөөдөр цусаа хандивласан бол нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 500 орчим оюутан ч аянд нэгдэхээ илэрхийлэв.

“Биднээс хамаарна” аяныг Эрүүл мэндийн яам, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Сонгогч, төлөөлөгчдийн хөгжлийн түүчээ сан зэрэг олон газраас дэмжин оролцож байгаа аж.

Хоёрдугаар сард цөөн хоногтой, “Цагаан сар” тохиодог учраас цусны хомсдолд орох эрсдэлтэй байдаг гэнэ. Иймд энэхүү аяныг хоёрдугаар сарын 2-нд эхлүүлж, дөрөвдүгээр сарын 4 хүртэл улс орон даяар явуулахаар төлөвлөжээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

-Аяныг зохион байгуулж байгаа гол зорилго нь Донорын тухай хууль батлагдсантай холбоотой. Энэ цаг үед чуулган завсарладаг учраас дээрх хуулиа олон нийтэд танилцуулах зорилготойгоор аянаа эхлүүлж байна. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

-Дэлхий дээр сая сая хүн цусан бүтээгдэхүүн сэлбүүлж, амь насаа авруулдаг. Монгол Улсын Засгийн газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилга байгууламжийн асуудалд анхаарал хандуулсны үндсэн дээр бид шинэ барилгатай боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 он гэхэд улс орон бүр сайн дурын авлагагүй доноруудаас бүрдүүлсэн цусны нөөцтэй болох зөвлөмж хүргүүлсэн. Үүнд Монгол Улс ч багтаж байгаа. Гэнэтийн гамшиг осол тохиолдоход бид цус, цусан бүтээгдэхүүний нөөцтэй байх ёстой. Өнөөдрийн арга хэмжээг залуучууд сайхан дэмжиж байгаад баяртай байна. Нэг хүн нэг удаа цус өгөхөд цаана нь 3-5 хүний амь нас аврагдаж байдаг. Тиймээс аянд нэгдэж байгаа залуустаа талархал илэрхийлье.

Хамгийн залуу хүндэт донор Б.Бямбажав:

-Би 2013 оноос 17 настайгаас цусаа өгч эхэлсэн. Одоо 46 дахь удаагаа цусаа өгөөд байна. 2017 онд Монголын хамгийн залуу Хүндэт донор болсон. Би бага байхдаа баатартай кино их үздэг байсан. Хүн аврахын тулд, баатар болохын тулд цусаа өгье гэж шийдсэн. Эгчдээ туслаад эмнэлэгт ажиллаж байхдаа хүндрэлтэй төрсөн эхчүүдэд цус хэрэгтэй байдгийг дэргэдээс нь харж мэдэрсэн. Тиймээс хүний амь аваръя гэсэн санаагаар цусаа өгч эхэлсэн. Залуу хүний оролцоо Монгол Улсад хэрэгтэй. Сайхан бүхэн биднээс хамаарна гэж боддог. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж