"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөний III бүсийн зөвлөгөөн өнөөдөр Дорнод аймгийн төв Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотод эхэллээ.

Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн багш, ажилтнууд, БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Зөвлөгөөн нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан гэсэн 2 үндсэн хэсэгтэй хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нэгдсэн хуралдааны нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрээр аймгийнхаа боловсролын салбарт санаачлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн амжилтын талаар товч дурдаж, “Багш итгэл алдарвал, сурагч итгэл алдарна” гэдэг тиймээс багш нарыг ажлын байрандаа ажиллангаа тасралтгүй хөгжих, суралцах боломжийг бүрдүүлэх, багшийн ачааллыг тохируулах, механик ажлыг багасгах, технологийн дэвшлийг тогтмол нэвтрүүлэх, багшийн цалин, урамшууллыг нэмэх зэрэг санал уламжлав.

Нээлтийн ажиллагааны дараагаар “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдэвт БСШУС-ын сайдын илтгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал А.Туяа, “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Х.Ганцэцэг, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Лхагвасүрэн, Боловсролын чиг хандлага сэдвээр судлаач Б.Банзрагч нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Нэгдсэн хуралдааны дараагаар дөрвөн салбар хуралдаанаар нийт 16 асуудлыг хэлэлцэж, оролцогчдын саналыг тусган зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гаргана.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж