АН: Ц.Нямдорж 49 хувь гэж цээжээ дэлдэж байхаар 51 хувийг яриач

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

АН: Ц.Нямдорж 49 хувь гэж цээжээ дэлдэж байхаар 51 хувийг яриач

АН: Ц.Нямдорж 49 хувь гэж цээжээ дэлдэж байхаар 51 хувийг яриач

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2018.02.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар оролцов. 


АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ

-Ардчилсан намаас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал амжилттай боллоо. Энэ жагсаалд 60-70 мянган хүн оролцсон гэсэн албан бус мэдээлэл байна. Ардчилсан намаас тавьсан шаардлагын хариуг уржигдар өгсөн ч бид хангалтгүй гэж үзээд, жагсаалаа хийсэн. Хариуцлагагүй байгаа Засгийн газарт улс төрийн хариуцлага тооцож ажиллана. Энэ тухай мэдэгдлээ өнөөдөр Засгийн газарт хүргүүлж байна. 

Өчигдөр сэтгэл зовоосон нэг ноцтой асуудал хэвлэлээр явлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь алдагдсан тухай. Английн арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, өдөрт 75 сая орчим төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. "Стандарт" банкнаас нэхэмжилсэн гурван удаагийн нэхэмжлэхийг хангах шийдвэрийг Английн арбитрын шүүх гаргажээ. 51 хувь Монголын Засгийн газарт үлдэх үү, гадны банкны төлбөр тооцоонд явах уу гэдэг эмзэг асуудал үүс байна. Ингэж 51 хувь нь эрсдэлд орчихоод байхад МАН 49 хувьтай ноцолдсоор байгаад таарлаа. Магадгүй 49 хувийн асуудлаар Английн арбитрын шүүхийн шийдвэрийг хаацайлах гэсэн бодлого байсан байж мэдэх юм. Монголын төр "Эрдэнэт" дээр 49, 51 гэж салгаж тоглож болохгүй. Ц.Нямдорж шударга царайлаад, 49 хувь гээд цээжээ дэлдээд яваад байна. Гэтэл 51 хувь цаана чинь алдагдах гээд байна шүү. 

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ

-Ардчилсан намаас зохион байгуулсан тайван жагсаалд оролцсон дэмжигчдэдээ талархал илэрхийлмээр байна. Энэ цуглааныг дэг журамтай байлгахад Үйлдвэрчний эвлэл анхаарч байгаа харагдсан. Бид эсэргүүцлийн жагсаалаар дамжуулж эрх баригчдад тодорхой шаардлага тавьж байгаа юм. Үүнд, 60 тэрбумтай холбоотой асуудлаа нэг тийш шийдэх, нэмсэн татвараа цуцлах, эдийн засаг өсч байгаа бол хүртээмжийг нь ард иргэдэд мэдрүүлэх гэсэн асуудлыг багтаасан. Шатахууны хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн импортлогчдод хариуцлага тооцох ёстой. 

Английн арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх шийдвэр гаргасан. Зарим хүмүүс битүүмжлээгүй гэдэг тайлбар өгөх гээд байх шиг байна. Шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Монгол Улс 100 гаруй сая ам.доллар төлөх шийдвэр гарсан байна. Төрийн өмчийг далимдуулан хулгай хийж байсан этгээдүүдийн ялыг Монгол Улс үүрэх ёсгүй. Энэ мөнгийг эзэн хариуцагчаар нь, тэр оффшор данснаас нь төлүүл. Хэрэв төсвийн мөнгөөр төлөх гэж оролдвол Ардчилсан нам ард иргэдтэйгээ нийлж, дараагийн арга хэмжээг авна гэдгээ тодорхой хэлмээр байна. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж