Ууц чануулахад 25-55 мянган төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Ууц чануулахад 25-55 мянган төгрөг болжээ

Ууц чануулахад 25-55 мянган төгрөг болжээ

Цагаан сар болоход цөөн хоног үлдээд байна. Сар шинийн баяраар монголчууд ширээн дээрх идээ, будаа элбэг байх аваас тэр жилдээ өнгөтэй байхыг билгэшээдэг билээ. Баярын уур амьсгал орж, юуны түрүүнд ширээнд тавих ууц, цагаан идээ, бууз, буузны мах, гурилны эрэлд хүмүүс гарчээ. Ямар ууц тавих вэ, хаана чануулах вэ гээд л асуудал ар араасаа хөвөрнө. Тэгээд л аль нэг цайны газарт чануулах юм уу, “Ууц, өвчүү чанана” гэсэн зарыг шүүрдэж эхэлдэг.

Өчигдрийн байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин овор хэмжээ багатай ууцыг зах дээр 150-160 мянга, дунд зэргийн ууцыг 180-200 мянга, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Мөн хувиараа ууц чанаж буй иргэдийн үйлчилгээний үнэ ханш ч багагүй нэмэгджээ. Тодруулбал, ууц өвчүүг гадуур 25-50 мянган төгрөгөөр чанаж байгаа аж.  Ингэхдээ утлагатай, утлагагүйгээс хамаарч үнийн хэлбэлзэлтэй байна. Хэд, хэдэн газраас ууц хэдээр чанаж байгааг асуухад дунджаар 40 мянган төгрөг гэсэн үнэ хэлэв. 

Бид “Ууц чанана” гэсэн зарын дагуу Зурагтын шинэ эцэст байрлах “Жаргалант” зоогийн газарт очлоо. Тус зоогийн газар нь 2012 оноос эхлэн ууц чанаж, бусад газруудыг бодвол арай баталгаатай үйлчилгээ үзүүлж эхэлсэн аж. Эднийд өдөрт 10-15 хүн ууц чануулахаар ирдэг бөгөөд ид ачааллын үед бол өдөрт 30 ширхэгийг чанах нормтой байдаг гэв. Иргэдийн зүгээс заримдаа ус шахсан ууц авчирч өгчихөөд, чануулсныхаа дараа гомдол гаргах тохиолдол гардаг талаар зоогийн газрын ажилтнууд ярилаа. Тэд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн ч ууц чанаж байгаа байрандаа зураг авахуулахыг зөвшөөрсөнгүй. 


“Жаргалант” зоогийн газрын менежер, чанар шалгагч Э.Золжаргалтай цагаан сараар эрэлттэй байдаг ууц чанах үйлчилгээний талаар товч ярилцлаа.

-Ууц чануулахдаа сайтар гэсгээх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг? Ууц чанах технологийнхоо талаар та товч мэдээлэл өгнө үү? Хувь хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Манайх өдөрт ачаалалгүй үедээ ууц, өвчүү нийлээд 10 орчимыг чанадаг. Ууц авахдаа иргэд маш сайн шалгаж үзэх хэрэгтэй. Зарим хүмүүс ууцандаа ус шахаж, жингий нь нэмж зарсан байдаг. Хүмүүс түүнийг нь мэдэхгүй худалдаж авдаг. Мэдээж ус шахсан ууцны чаналт ямар болох билээ. Чанасан хойноо хүмүүс үүнийг мэдэж, авсан хүмүүстээ биш бидэнд гомдол гаргадаг. Сүүлийн үед ууц эвдэх эртний ёс алдагдчихсан юм шиг санагддаг. Үйлчлүүлэгчид ууцаа чануулахын өмнө гэртээ 1-2 хоног сайтар гэсгээх хэрэгтэй. Хэрвээ ууц голдоо гэсээгүй хөлдүү байвал язрах магадлал өндөр. Тэгэхээр бүрэн гэсгээсний дараа чануулбал шүүс гоожихгүй, шүүрхий харагдахгүй.

Ууц сонгож авахдаа ил харагдах хэсэгт хутганы мөр орсон эсэх, эвдсэн байдал зэргийг анзаарах нь чухал. Яаж эвдсэнээс ууцны өнгө үзэмж хамаарна.

Мөн хөлдүү ууцыг гэсгээх явцдаа нурууны хэсэгт цусны толбо оруулахгүй байх нь чухал. Гэсгээхдээ ууцныхаа шүүсийг гоожуулахгүй байх хэрэгтэй. Ууцныхаа зоо хэсгийг дээш харуулж гэсгээвэл чанахад эвтэйхэн, харагдах байдал ч цэвэрхэн болдог. 

-Ууц чанах үйлчилгээ энэ жил ямар ханштай байгаа вэ?

-Үнэ ханшийн тухайд манайх ууцны хэлбэр хэмжээг үл хамааран 25-30 мянган төгрөгөөр чанадаг. Дээрээс нь утлагын үйлчилгээ үзүүлдэг. Ууцаа чанасныхаа дараа байгалийн хус модоор утдаг. Шинийн 1, 2-ны өдрөөс ууц өвчүү дороосоо үнэр орж эхэлдэг. Модоор утлага хийхийн давуу тал нь хадгалалтын хугацааг уртасгаж, дараа нь идэхэд ямар нэгэн асуудал үүсгэхгүй. Хиамны утлагад ашигладаг нитрит гэх бодис нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг болохоор энэ технологиос бид татгалздаг. Нитритийн хэмжээнд стандарт заасан байдаг л даа. Гэхдээ монголчууд таамаг маягаар шөлөндөө хийж, ашиглаад байх шиг байна. Мод ашиглан утаж байгаа нь манай давуу тал. Үнийн хувьд уталт 20 мянга, чаналт 30 мянга төгрөг гэж ойлгож болно. Харин уталт чаналт, дайвар махыг хамтад нь 55 мянган төгрөгөөр чанаж байна. Манай давуу тал бол зориулалтын сав баглаа, боодолд хийн, лацдаж хүргэж өгдөг. 

-Ууцыг эрт чануулбал муудах эрсдэлтэй юу?

-Утсан ууц олон хоног хадгалсан ч гайгүй байдаг. Бид чанасныхаа дараа бүрэн сэврээж, бага зэргийн бүлээнээр нь үйлчлүүлэгчид хүргэж өгдөг. Ямар нэгэн тоос шороо оруулалгүй, хүйтэн газар зориулалтаар хадгалбал ууц муудахгүй. Ургийн баяр, үсний найр гээд жирийн үед ч хүмүүс ууц чануулахаар ханддаг. Одоо харин ид ачааллын үе ирж байгаа болохоор олон захиалга авч чадахгүй байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш захиалга авахааргүй болсон. Ажиллах боломжиндоо тааруулаад, захиалгаа бүрэн авчихсан. 

Сар шинийн ууцаа хаана чануулах вэ? Зарим иргэдэд энэ асуултыг тавилаа. 

Хан-Уул дүүргийн иргэн М “Манайх ихэнхдээ орон сууцны хороолол дунд ажиллуулдаг гэрээр чанах үйлчилгээг сонгодог. Тэр нь амар байдаг юм. Гэртээ чанахаар тос, шүүс нь гоожно гээд л асуудал ихтэй. Ууц чанах үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн байна. Нодлин 25 мянгаар чануулж байсан. Энэ хавийн байруудад ‘Ууц чанана’ гэсэн зар зөндөө л наасан байна.  Гол нь баталгаатай газар чануулахгүй бол ууцаа алдсан тохиолдол гардаг гэсэн”  гэв.

Баянгол дүүргийн иргэн Б “Сар шинэ дөхөхөөр хамаатан садны айлаасаа гуйгаад ууцаа чануулчихдаг. Яг зориулалтын зоогийн газарт чануулж үзээгүй. Тэр талын мэдээлэлгүй байна. Ууцыг тогоонд чанахад багтдаггүй. Чанах явцыг нь сайн тооцоолохгүй бол түлэгдэх эсвэл түүхий болчих гээд байдаг’ гэлээ.

Улаанбаатар хотын захирагчийн алба, хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс цагаан сарын өмнө эрүүл ахуйн шаардлага хангасан ууц өвчүү чанах зөвшөөрөлтэй цэгүүдийн жагсаалтыг гаргадаг. Гэхдээ яг одоогоор бол дээрх байгууллагууд энэ газруудад ууц, өвчүү чануулж болно шүү гэсэн байгууллага, үйлчилгээний газруудыг нэрлээгүй байна. Тиймээс энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй цэгүүдийг таних боломжгүй байна. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах санамжийг гаргажээ.

Уг санамжид,

‘Хэрэв сургууль, цэцэрлэгийн гал тогоо, нийтийн эзэмшлийн газарт ууц чанавал “Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц чанавал торгох хуулийн заалт байгааг иргэдэд анхааруулъя. 

Харин орон сууцны дунд гэр барьж, ууц чанах үйлчилгээ үзүүлж байгааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр одоогоор хараахан алга. Хувь хүмүүс голдуу энэ үйлчилгээг эрхэлж байгаа. Магадгүй, цагаан сар дөхөхөөр холбогдох газрууд анхаарал тавих байх. 

Мэдээж, баталгаатай газарт ууц чануулахыг албаны хүмүүс сануулдаг. Чануулсан ууцаа хулгайд алдах, захиалга өгсөн хүмүүс нь сураггүй алга болох цөөнгүй тохиолдол гарч байсныг мөн сэрэмжлүүлье.

Хүргэлтээр ууц хүргэх үйлчилгээ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж