Утаатай тэмцэх соёлын довтолгоог эхлүүлье

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцэх соёлын довтолгоог эхлүүлье

Утаатай тэмцэх соёлын довтолгоог эхлүүлье

Дэлхийд тэргүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар маш олон шийдэл, санал гарч байна. Энэ ч сайн хэрэг. Олны саналыг сайтар судалж, хамгийн зөв оновчтой шийдэл, гарц олох цаг болоод байна. 

Бид аль 1990-ээд оноос л агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. Тэр үед хөрөнгө мөнгөнийхөө боломжид суурилсан арга хэмжээ авч байсан. Байгаль орчны доройтол, бохирдол бол ядуурлын улбаатай байдаг. Иймд ядуурал их байна гээд хариуцлагаас, тухайлбал, утаа үйлдвэрлэж гэмт хэрэг үйлдээд байгаа иргэд, аж ахуйн нэгжийг олон нийтийн эрүүл мэндийг сүйтгээд байгаа гэмт хэргээс нь өршөөж мултруулж болохгүй.

Маш олон жил ийм байдлаар явж ирсэн нь улстөрчдийн зориггүйн шинж, бас популизм хийж байгаагийн илрэл болно. Иймд утаатай тэмцэхэд ядуу иргэддээ “сайн нэр дэвшигч, УИХ гишүүн“ болж зусардах хэлбэрээр улстөржиж болохгүй. Утаанаас салж чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан нь энэ болно. 

Улстөржөөд, популизм хийгээд иргэддээ “сайн хүмүүс “ болох гээд л байвал хэдэн зууны турш утаатайгаа л үлдэх болно. Хийвэл зоригтой хиймээр байна. Тэгвэл жинхэнэ “баатар“ болох байлгүй дээ. Тэгвэл юу хийх вэ?

-Эрх зүйн орчноо сайжруулах, хуулийн хариуцлагыг чангатгах

-Эдийн засгийн хөшүүргийг албадлагатай хослуулах 

-Олон түмний оролцоо, хяналтыг эрс сайжруулах тэдний хүчийг дайчлах 

-Дээд сургуулиуд болон зарим албан газар, түүхий эдийн зах, үйлдвэрүүдийг нийслэлээс гаргаж дагуул хотод шингээх 

-Энэ явцдаа дулааны алдагдлыг арилгах талаар ч бас олон зүйлийг давхар бодож, шийдэх 

-Шинэ техник хэрэгсэл, технологийг дэмжиж нэвтрүүлэх 

Дээрх бүх арга хэрэгслийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрэглэж байж л амжилтад хүрнэ.

Өнөө үед 1990 оноос нийслэл хотын хүн ам бараг гурав дахин өссөн бөгөөд түүнийг дагаад агаарын бохирдлын хэмээ эрс нэмэгдсэн. Түүний гол буруутан нь айл гэрийн зуух болон цахилгаан станцад хэрэглэж байгаа түүхий нүүрс юм. Болдогсон бол түүнийг хэрэглэхгүй өөр төрлийн халаалтын болон хоол унд хийх зуухтай болох нь чухал. Гэвч улс орны болон хувь айл өрхийн хэтэвч нимгэн болохоор түүхий нүүрсээ шууд хорьж чадахгүй байгаа бөгөөд түүнийг орлуулах халаалтын шинэ төрлийн хэрэгсэл бас байхгүй байна. Гэхдээ юуны урьд түүхий нүүрс хэрэглэж байгаа гол шалтгаанаа зөв тодорхойлж түүнийг үе шаттайгаар бууруулах, улмаар арилгах талаар шат дараалсан арга хэмжээ авбал зохино.

Агаар бохирдуулж байгаа утааг үүсгэж байгаа эх үүсвэрүүдээ зөв ангилж бас тэдгээрийг өөрчлөх талаар хамгийн дөхөмтэй зөв бодлого боловсруулах шаардлага гарч байна. Утааг үүсгэж байгаа эх үүсвэрийн болон тэдгээрийн өндөрт тархах түвшнээр нь ялгаж үзэж болдог. Утааны өндрийн тархалтаар ялгаж үзвэл хамгийн нам түвшинд автомашин, нам түвшинд гэрийн зууны яндан, дунд түвшинд бага оврын уурын зуухны яндан, өндөр түвшинд цахилгаан станцын яндангууд байрлаж хар утаа, тоос, хорт хаягдал гаргаж байна. 

Нийт утааны 15-20 хувийг цахилгаан станц, 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл, 5-10 хувийг бага оврын уурын зуух, 50-70 хувийг гэрийн зуух ялгаруулдаг судалгааг бид шинээр гаргаад байгаа юм. Энэ бол их хэмжээний түүхий нүүрс шатааж үлэмж хар утаа, тортог гаргах эх үүсвэр болох цахилгаан станцын хувийн жинг үнэн бодит байдал руу дөхүүлсэн үр дүн болой. 

Улаанбаатар хотын утаа,тортог, тоосны хэмжээнд дээрх эх үүсвэрээс ялгаруулах хар утаа буюу хар карбон, тоос харилцан адилгүй хэмжээтэй байдгийг тооцож өөр өөр арга хэрэгсэл ашиглах ёстой. Өнөөдөр утааны эх үүсвэрүүдийг ярихдаа дан ганц гэр хорооллын утаа руу чиглээд байгаа нь улсын үйлдвэрийн газар болох цахилгаан станцуудыг хаацайлах гэсэн төрийн түшмэдүүдийн ядарсан хуурмаг аргатай эвлэрч бас болохгүй. 

Цахилгаан станцаас хамгийн их өтгөн хар утаа, хар карбон ялгарч нилээд хол зайд хаягддаг. Цахилгаан станцууд нь жилдээ 5 сая илүү тонн нүүрс шатааж, утаагаа нийслэлийн агаарт эрх чөлөөтэй цацдаг болоод удаж байна. Тэдгээрийн нийслэл хотын утааны хуримтлалд үзүүлэх нөлөө үлэмж их гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Улаанбаатар хотод ажиллаж байгаа дулааны дөрвөн цахилгаан станцын янданд ямар ч шүүлтүүргүй байх учир хамгийн их хар утаа тоос үүсэж нийслэл хотын хамгийн амин чухал газрууд буюу хийн шингээгч болох Туул гол, Богд уулын экосистемийг өдөр өдрөөр хөнөөж түүгээрээ дамжуулан хүн амын эрүүл мэндийг сүйтгэж байдаг.Тэдгээр цахилгаан станц нь улсын өмч учир торгууль, хяналтаас гадна үлдэж тэдгээрийг сайжруулах, байгаль орчинд аюулгүй болгох талаар ярихаа бүр больсон. 

Тэд нар технологио шинэчлэх, шүүлтүүр хэрэглэх талаар юу ч бодохоо больж нэг ёсондоо “дархлагдаад“ байгааг юу гэж ойлгох вэ? 2011 онд цахилгаан станцуудаас ялгаруулах хорт хийн стандартыг шинэчилсэн. Гэвч энэ талаар өнөөдөр хэн ч дурсаж санахгүй байгаа нь хачин. Агаар бохирдуулсны төлбөрийг цахилгаан станцуудаас авах, хууль хэрэгжүүлэхгүй, стандартыг сахиагүй тохиолдолд цахилгаан станцын захирлуудыг нь 1-6 сарын цалинтай тэнцэх торгууль ногдуулдаг болох ёстой. Хуучин станцуудыг шинэчлэх, шүүлтүүржүүлэх, шинээр барих цахилгаан станцыг хорт утаа ялгаруулахгүй байх стандарттай барьж байгуулах талаар одооноос ярьж хэлэлцэж баймаар байна. 

Хортой, химийн хүнд элементийн “уурхай” болсон хамгийн нам үүсвэр болох автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг арилгахдаа автопаркаа нэн даруй шинэчлэх, тээврийн хэрэгслээс ялгарах хийн стандартыг шинэчлэн тогтоох, дэлхий дахинд хэрэглэж байгаа хүхэр багатай илүү цэвэр түлшний стандартыг хэрэглэх талаар чиг бодлого тодорхойлох цаг болжээ. Бүх шатахуун импортлогч нарт илүү цэвэр түлж импортлох тохиолдолд зөвшөөрөл олгодог болох ёстой . 

Энэ бүхнээс үндэслэн утаатай тэмцэхдээ эдгээр эх үүсвэрээс утаа үүсэх шалтгааныг эхний ээлжинд арилгах шаардлагатай. Аль нэг эх үүсвэрийн утааг арилгаснаар утаа бас бүрэн устахгүй. Бүгдийг нь нэгэн зэрэг иж бүрэн хандлагын аргаар л арилгах шаардлагатай. Энэ иж бүрэн хандлагын аргад эрх зүйн орчныг сайжруулж, чангатгах, технологийн дэвшлийг шууд нэвтрүүлэх, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх, мэдээлэл сурталчилгааг өрнүүлж эрчимжүүлэх, олон шатны сургалт зохион байгуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгтэйгээр тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. 

Нэг ёсондоо “утаатай тэмцэх соёлын довтолгоо”-г шууд явуулах шаардлагатай. Агаарын бохирдлын төлбөрийн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэн даруй оруулж утаа ялгаруулж буй бүх субъектэд агаар бохирдуулсны төлбөр тогтоох ёстой. Агаар бохирдуулж байгаа нь гэмт хэрэг гэж үзсэн цагт л түүнийг ялж чадна. Гэр хорооллын утаа гаргаж буй бүх янданд төлбөр тогтооно. Энд ядуурал байна, амьдрал хэцүү байна гэж үзэлгүйгээр “утааны довтолгоо”-г хийх цаг болсон. 

Хэдийгээр хатуу ч гэсэн гэр хорооллын иргэд агаар бохирдуулж байгаа гэмт хэргийнхээ хариуцлагыг агаар бохирдуулсны төлбөр төлж цайруулах сэтгэхүйг бий болгож чадсан цагт л асуудал шийдэгдэнэ. “Бохирдуулагч төлбөр” төлөх тогтвортой хөгжлийн зарчим бол хагас албадлага, хагас эдийн засгийн хөшүүрэг бас хариуцлага, олон нийтийн хяналт, оролцооны арга хэрэгсэл юм. Үүнээс ухарч хэзээ ч болохгүй.

Харин утаа бага гаргадаг сайжруулсан зуух, цахилгаан хэрэгсэл ,хий ашиглах, дулааны алдагдлыг арилгах зэрэг дэвшилтэт технологи хэрэглэсэн, нэвтрүүлсэн тохиолдолд агаар бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх, бүрмөсөн чөлөөлөх нөхцөлийг зохих хууль, журмаар зохицуулж өгвөл иргэд түүнийг дагаж мөрдөж, дэмжих болно. Гэхдээ энэ ажилд албадлага хэрэглэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Энэхүү утаатай тэмцэх ажлыг гэр хорооллын иргэдтэй шууд тулж ажилладаг хорооны Засаг дарга нар өдөр тутмынхаа хамгийн гол ажил болгож хариуцлагатайгаар гүйцэтгэвэл зохино. Гагцхүү хороодын дарга нарын идэвх зүтгэл, иргэдийн ухамсартай байдал, тэдний оролцоотойгоор л утаанаас салж чадна. 

Гэхдээ үүргээ биелүүлэхгүй байгаа иргэд, ААН, хариуцлагатан нарт бас албадлагын арга хэрэглэж, хуулийн дагуу хатуухан арга хэмжээ авч байх шаардлага гарна. Хороодын дарга нар бүх айл өрхөө утаа бууруулах шинэ мэдээллээр хангаж, утаанаас салгах ажлыг гардан байгуулах шаардлагатай.

Утаатай тэмцэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хамгийн оновчтой хэлбэрээр ашиглах талаар нийслэл хотын удирдлагууд маш идэвхтэй ажиллах шаардлагатай. Эдгээр бүх арга хэмжээг нэгэн зэрэг иж бүрнээр авч хэрэгжүүлсний үр дүнд л утаа арилна. 

Мөн нийслэл хотоос бүх их, дээд сургуулийг 1-2 жилийн дотор гаргах хэрэгтэй. Тэгвэл оюутнууд, багш, ажилчид тэд нарын гэр бүл, үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг зэрэг оролцоод 400-500 мянга орчим хүмүүс хотын гадагшаа явах болно. Тэдгээр их, дээд сургуулийг өөр хооронд нь тохиролцуулан төрөлжүүлж, дээд сургуулиудын кампус хэлбэртэй барьж байгуулах ажлыг барилгын компаниудаар хийлгэж болно. Энэ ажилд улсаас богино, дунд, урт хугацааны зээл олгох нь зүйтэй юм. Дээд сургуулиуд шинэ байрныхаа үнийг хуучин байраа зарах болон бас сургалтын төлбөрийн зээлээрээ аажмаар төлж болно. 

Харин гадагшаа гарсан сургуулийн байруудыг барилгын компаниудаараа яаралтай бага зэрэг засвар хийж эхний ээлжинд гэр хорооллын айлуудад 20-40 ам метр талбайтай 1-2 өрөө байр болгож засвар хийж, урт хугацааны зээл хэлбэрээр олгож болох юм. Том өрөө хүссэн айл өрх нь нэмж төлбөр төлөөд авах боломж ч нээлттэй байх ёстой. 

Гэр хорооллын айлуудын газрыг ч гэсэн үнэлж засварласан байрны төлбөрт авч болно. Тэдгээрийн газрууд дээр шинэ хороолол барьж борлуулан утааг багасгах, хотыг хөгжүүлэх арга хэмжээнд зориулна. Зарим үлдсэн гэр хороололд дулаан, ус зэрэг инженерийн шугам сүлжээг улсын хөрөнгө оруулалтаар байгуулан өгч, иргэдээр хөрөнгө оруулалт хийлгэж хувийн өмчийн газар дээр нь шинэ авсаархан сууц бариулах ажлыг бас хийж болно. 

Энэ бүх ажилд ухамсарлуулан ойлгуулах басхүү зарим талаар бага зэргийн албадлага ч гарахыг үгүйсгэхгүй. Үүнээс өөр арга байхгүй. Дээрх бүх ажлыг хийхдээ төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын гурван талын гэрээ, хамтын ажиллагаагаар олон нийтийн оролцоо, хяналтын доор гүйцэтгэж, үр дүнг улирал тутам нийслэлийн иргэдэд нээлттэй тайлагнаж байвал зөв хандлага байх болно.

Доктор, профессор Ц.Адъяасүрэн,
Байгаль орчны Гавьяат ажилтан 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж