Цагаан ордон БНСУ-д суух АНУ-ын Элчин сайдаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан захирал Виктор Чаг томилох гэж байсан ч Хойд Солонгосын талаар явуулж буй Трампын гадаад бодлоготой тэрсэлдсэн гэх шалтгаанаар больжээ.
Виктор Ча нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушын засаг захиргааны үед БНСУ-ын асуудал хариуцсан гол зөвлөх байсан юм.
Виктор Ча Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг цэрэг зэвсгийн хүчээр зогсоох тухай Ерөнхийлөгч Доналд Трампын гадаад бодлогын стратегийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдож чадсангүй.
Виктор Чагийн томилгоог цуцалсан явдал бол Цагаан ордон Хойд Солонгост цохилт өгөх төлөвлөгөө байгааг харуулж буй хэрэг хэмээн шинжээчид бичиж байна.
Трампын засаг захиргааны Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээн дунд “Хамраас цус гаргах” төлөвлөгөө ч бий гэж Цагаан ордны нэгэн эх сурвалж мэдээлжээ.
Энэ төлөвлөгөө нь дайн дэгдээх хэмжээний биш, Пхеньянд цочрол өгч, хэлэлцээрийн ширээнд суухыг зөвшөөрүүлэх зорилготой гэнэ. Виктор Ча энэ төлөвлөгөөг эхнээс нь эсэргүүцсэн ажээ.
Эх сурвалж: South China Morning Post