Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амласан билээ. Уг мөнгө авах гэрээ хэлэлцээр Ч.Сайханбилэгийн засгийн үед явагдаж, Ж.Эрдэнэбатын танхимын үед нефтийн үйлдвэр байгуулахад зориулахаар болж, зарим нэг хэлэлцээг хийсэн. Тэгвэл У.Хүрэлсүхийн засаг уг мөнгөөр Сайншандын Алтан ширээтэд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа юм.
Зарим эх сурвалж дээрх зээл орж ирсэн гэж байхад, өнөө маргаашгүй орж ирнэ гэх мэдээлэл ч бас бий. Нэг тэрбум ам.долларыг монгол төгрөгт шилжүүлбэл 2.5 их наяд төгрөг болж байна. Энэ нь төсвийн 25 хувийг эзлэх хэмжээний хөрөнгө билээ.
Хэрэв энэ зээл орж ирсэн бол хүү нь бодогдож эхэлсэн гэсэн үг. Гэтэл энэ мөнгөөр барих газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ч байхгүй, Алтан ширээтэд байгаа газрын тосны нөөцийн хэмжээг ч тогтоогоогүйг сайд дарга нар дуулгасан. Нэг төгрөгийг ч эргэлтэд оруулж байж ашиг унадаг. Хэрвээ Энэтхэг улсаас зээлсэн мөнгө орж ирсэн нь үнэн бол сул хүү төлөөд, нефтийн үйлдвэр барьтлаа хадгалаад байх уу, эсвэл энэ мөнгийг эдийн засагт богино хугацаанд үр ашиг өгөх төсөлд зарцуулах уу гэсэн асуулт эндээс урган гарч ирж байна.
Газрын тосны үйлдвэр барихад 768 сая ам.доллар, шугам хоолой татахад 258 сая ам.доллар зарцуулахаар одоогоор урьдчилан төлөвлөжээ. Гэхдээ яг ажил эхлэх үед санхүүжилт яаж өөрчлөгдөхийг таашгүй. Засгийн газрын тооцсоноор Н.Моди ноёнтны зээлээр барихаар төлөвлөсөн нефть боловруулах үйлдвэрийн өртөг 11 жилийн дотор бүрэн нөхөгдөж, ашгаа өгөх гэнэ.
Гэвч 2,5 их наяд төгрөгийг газрын тосны үйлдвэрт зарцуулж, бас дахиад шороонд "булах" уу гэсэн эргэлзээ эрдэмтэн, судлаачид, аналистуудын дунд байна. Монголын газрын тосны үйлдвэр ашиггүй гэдгийг нийтлэлч Б.Баабар бичжээ. Тэрбээр Монголын газрын тос газрын гүндээ учраас олборлох, боловсруулахад асар их хөрөнгө, зардал шаардагдана гэдгийг онцолсон байна. Монголчуудын шатахууны жилийн хэрэглээ 1.5 сая тонн. Бусад улс орнуудын хэрэгцээтэй харьцуулахад бага хэрэглээ. Тиймээс шатахуун үйлдвэрлэх үү, шатахуун нийлүүлэх гарцаа нэмэгдүүлэх үү, нөгөө талаар Энэтхэгийн мөнгийг нефтийн үйлдвэр нэрээр дахиад л салхинд хийсгэх үү, ашигтай төсөлд зарцуулах уу гэсэн асуултыг эрх баригчдад тавъя. Ингээд нефтийн үйлдвэртэй болно гэсэн монголчуудын мөрөөдөл биелэх боломжгүй эргэлзээнүүдийг энд дурдъя.
Эргэлзээ 1
ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦИЙН 40 ХУВИЙГ Л АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын хувьд газрын тос нь газрын гүнээс оргилдог учраас тогтоосон нөөцийн 40 орчим хувийг авч, боловсруулах боломжтой гэдгийг салбар удирдаж явсан сайд нь хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нийт 330 орчим сая тонн нөөцтэй ч үүний 132 сая тонныг ашиглах боломжтой аж.
Эргэлзээ 2
ГАЗАР ДООГУУР 600 КМ ШУГАМ ХООЛОЙГ ТАТНА
Газрын тосны үйлдвэрээ ашиглахын тулд Петро Чайна Дачин Тамсагаас Алтан ширээт хүртэл 600 км шугам хоолойг газар доогуур татна гэж тооцоолж байгаа юм. Газар доогуур шугам хоолой татах нь байтугай газар дээгүүрээ 267 км төмөр зам барих гэж Монгол Улс арван жил ярьсан ч овоолсон шорооноос өөр бүтээн байгуулалт байхгүй байгааг та бид бүгд мэднэ.
Эргэлзээ 3
ХОЁР ХӨРШИЙН ЭРХ АШИГТ НИЙЦЭХ ҮҮ?
Газрын тосны үйлдвэр барьж, газар доогуур шугам хоолойгоо татсаны дараа Петро Чайна Дачин Тамсагаас боловсруулаагүй бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байгаа гэх. Петро Чайна Дачин Тамсаг энэ асуудлыг зөвшөөрлөө гэхэд манайхаас сая сая тонн газрын тос авдаг урд хөрш, боловсруулсан газрын тосоо сая сая тонноор өгдөг хойд хөршийн эрх ашгийн асуудал давхар хөндөгдөнө гэсэн болгоомжлолыг сануулах хүмүүс байна.
Модигийн мөнгөөр монголчууд тоглох вий?
Олон хүн эхнээсээ ийм дүгнэлт хийж байна. Учир нь одоог хүртэл ТЭЗҮ-г нь хийгээгүй байгаа үйлдвэрийг барьж босгоно гэх Засгийн газрын мөрөөдөл замхарсны дараа мөнгө ч үгүй, үйлдвэр ч үгүй өртэй хоцорч магадгүйг сануулахад буруудахгүй биз ээ.
Үндсэндээ 600 км шугам хоолойг газар доогуур татаж, нөөцийнхөө 40-хөн хувийг ашиглах боломжтой боловсруулах үйлдвэр барихын тулд 2,5 их наяд төгрөг зарцуулна гэдэг ямар ч бизнесмен хүний санаанд буухгүй ажил.
Үүнээс өмнө Чингис, Самурай, Дим сан бонд гаргаж, их хэмжээний өр тавин байж авчирсан мөнгө өнөөдөр бүтээн байгуулалт болсон уу, үнс болсон уу гэх асуулт одоо ч маргаан дагуулдаг. Энэ асуудал зам, орон сууц болсон гэж АН тайлбарладаг ч өнөөдөр зарим нь АТГ-ын үүдийг сахиж сууна.
Үйлдвэр ашиглалтад орсны дараа дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа нийлүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлж байгаа ч энэ нь түмэн цэргээр төмөр замаа бариулна гэх үлгэртэй агаар нэгэн сонсогдож байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд бүхнийг үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр эхлээд монгол махаа эрүүлжүүлж, гаднаас их хэмжээний доллараар авдаг эрчим хүчээ дотоодоосоо хангадаг болоход л анхаарах хэрэгтэй. Адаглаад 2.5 их наядаар Улаанбаатарын үнэр, утааг шийдэж чадна.