Өрийн дарамт, үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалыг Ардчилсан намаас өчигдөр /2018.02.01/ улс орон даяар зохион байгууллаа.
Сөрөг хүчний жагсаалыг эрх баригчид шоолж, чуулганы ширээнд тавьсан лоозонгуудыг нь “Зууны онигоо болох вий дээ” гэж баалцгаав.
Эдийн засаг хүндэрч, Монгол Улс өрийн дарамтад орсон нь өнөөдөр бий болсон асуудал биш. Засгийн эрхийг ээлжлэн барьсан Ардчилсан нам, МАН хоёулаа л буруутай. Хэнийгээ төр барьж чадаагүй, чадахгүй байна гэж шүүмжилж, шоолцгоодог юм. Эрх барихаараа ард түмний амьдрал ямар байгааг, аж ахуйн нэгжүүд ямар их дарамт дор ажиллаж байгааг мартчихдаг атлаа сөрөг хүчин болохоороо энэ бүх асуудлыг улс төржүүлдэг.
Шулуухан хэлэхэд, Ардчилсан намын өчигдөр зохион байгуулсан жагсаалыг МАН сөрөг хүчин байхдаа 2015 онд нөмгөн дээлтэй хийж, онигоонд ороод явж л байсан.
Харин тэр үед Ардчилсан нам “Өр тавихгүйгээр улс орон хөгжихгүй. Төлж чадаагүй зээлийг өр гэдэг юм” гээд өр гэдэг үгийг өглөг болгохоор хуулийн төсөл санаачилж, байв. Санах нэг нь санана.
Гэвч сөрөг хүчин болохоор яаж эрх барьснаа мартав. Өнөөдрийн энэ их өрийн дарамт дэлхийн олон улсын зах зээлээс жилийн 5-10 хувийн хүүтэй босгосон Чингис, Самурай бондтой холбоотой.
Хугацаа тулсан бонд, зээлийн төлбөрөө хийхийн тулд өнөөгийн эрх баригчдад нэмж өр тавихаас өөр сонголт үлдээгүй.
Ямар ч байсан жилийн 5-10 хувийн хүүтэйгээр босгосон бондын төлбөрийг жилийн 0.2 хувийн хүүтэй зээлээр дарах, мөн төсвийн өндөр хүүтэй алдагдлыг бага хүүтэй зээлээр нөхөх зэрэг ажиллагаа хийгдэж байна.
Авсан зээлээ өр дарах, төсвийн алдагдал нөхөхөд зарцуулах нь хамгийн муу менежмент болж харагдах ч үүнээс өөр зөв арга олох аргагүй.
Нөгөө талаас Засгийн газар Олон улсын валютын санд асуудлаа ойлгуулж чадаагүйгээс татварын нэмэгдлээ буцаах, тэтгэврийн насыг урагшлуулах зэрэг эргэж буцсан шийдвэр гаргаж яваа нь өнөөгийн эрх баригч нам бодлогогүйг харуулж буй. Татвар нэмж ард иргэд, аж ахуй нэгждээ дарамт үүсгэчихээд төвлөрсөн орлогоор нь Засгийн газрын сайд нь 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин хөлөглөж, хот дотор холхиход ашиглаж байгаа нь У.Хүрэлсүхийн танхимын алдаа.
Түмний хөрөнгийг үргүй зүйлд зарцуулахгүй, төрийн хөрөнгөөр тансаглахгүй гэх ам тангаргаа зөрчсөн үйлдэл юм.
Сөрөг хүчин байхдаа “Давхар дээл муухай” гээд жагсаал зохион байгуулж явсан атлаа Засгийн газраа 100 хувь УИХ-аасаа байгуулчихаад “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкинд тавьж туучихаад сууж буй нь бас алдаа.
Хувийн хэвшлээсээ тус үйлдвэрийн 49 хувийг хуулиар далайлгаж “дээрэмдэж” авсан атлаа 51 хувь дээр асуудал байгааг мэдсээр сууж, олон улсын Арбитрын шүүх дээр ялагдал хүлээлээ. Ийм үйлдвэрээс ард түмэнд яаж үнэгүй хувьцаа эзэмшүүлэх гээд байгаа юм бэ?.
Бусдын лоозон, жагсаал харж шоолж суухынхаа оронд ажлаа хийцгээ, эрх баригчид аа.
Сөрөг хүчин нь ч эрх барьсан жилдээ яаж ажилласандаа дүгнэлт хийж, буруу бүхнийг бусдаас хайх хэрэггүй, өөрсдөө ч үүрч сурцгаа. Тэр цагт улс төрд соёл тогтоно. Хариуцлага бий болно.
Г.ХОРОЛ