“Монгол HD" телевизийн ‘The voice Mongolia-2018’ шоу нэвтрүүлгийн оролцогчдоос чадалтай хоолойгоороо ялгарч чадсан нэгэн бол математикийн багш Б.Идэржавхлан. Туршлагатай дуучнаас дутахааргүй авьяастай тэрбээр өмнө нь UBS телевизийн "My voiсe" шоуны финалын шатанд шалгарч, “Universe best songs 2016” уралдааны шилдэг 12 оролцогчийн нэг болж байжээ. Түүний төрсөн ах “Universe best songs 2010” шалгаруулалтын тэргүүн байр, гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс гэдгийг хэдийнэ хүмүүс мэддэг болсон. Шалгуур өндөртэй ‘The voice Mongolia’ шоуны тайзнаа “Буруу эргэлт” киноны дууг тун чадварлаг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан, "Шинэ үе" дунд сургуулийн багш Б.Идэржавхлангийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Таны хамгийн анх оролцож байсан урлагийн чиглэлийн уралдаан гэвэл “My voice” шоу нэвтрүүлэг үү?
-Тийм ээ. Би багаасаа дуулах сонирхолтой, амандаа дуу аялаад л явдаг хүүхэд байсан. Найз нөхдийнхөө хүрээнд дуулчихдаг байсан бол нэг удаа өөрийгөө сориод үзье гэж шийдээд, 2015 онд тус нэвтрүүлэгт орж байсан. Ямар ч мэдлэггүй, туршлагагүй гэж өөрийгөө голж байсан ч финалын шат хүртэл явсан. Дараа нь 2016 онд “Universe best songs”-д оролцож, шилдэг 12 оролцогчийн нэгээр шалгарч байлаа. Тэр үе үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Одоо хүртэл тэр үеийг тодхон санадаг юм. Эргээд бодоход оролцсон тэмцээн бүрээсээ бага гэж чамлахааргүй их зүйл сурч мэдсэн байна.
-“My voice” шоуны финалын шатанд та ахтайгаа хамт дуулсан байдаг. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Финалын өмнөх шат буюу дөрөвдүгээр шатанд ахтай хамт “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууг дуулж байсан. Тухайн үед шилдэг оролцогчдын нэгээр шалгарахаас илүү ахтайгаа хамт тайзан дээр дуулж үзэх юмсан гэсэн нууцхан мөрөөдлөө биелүүлсэндээ сэтгэл их хангалуун байсан.
-Хүмүүс таныг ахтай чинь андуурах тохиолдол гарч байсан уу. Та хоёр үнэхээр адилхан юм
-Хүн бүр бид хоёрыг усны дусал шиг адилхан гэж хэлдэг. Намайг гадуур явж байхад хүмүүс ахтай андуурах тохиолдол олон гарна шүү. Би инээгээд л өнгөрдөг. Харин зарим хүмүүс Б.Жавхлантөгсийн дүү явж байна гээд шууд таних ч үе бий.
-Таныг "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэгт ороход гэрийнхэн тань ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Ах надад өөрийнхөөрөө л дуул гэж зөвлөдөг. Гэхдээ намайг “The Voice of Mongolia-2018” шоунд оролцож байгааг найз бүсгүйгээс маань өөр хэн ч мэдээгүй байсан. Гэр бүлийнхэн, найзууд, ажлын хамт олондоо гэнэтийн бэлэг барих гээд шоунд орж байгаагаа тас нуусан /инээв/. Шоуны хоёр дахь удаагийн дугаараас л гэр бүлийнхэн болон бусад хүмүүс мэдсэн. Тэдэнд маань яахын аргагүй гэнэтийн бэлэг болж чадсан.
Өнгөрсөн жилийн зун шоу нэвтрүүлгийн реклам цацагдаж эхэлсэн дээ. Нэвтрүүлгийн бүртгэл дуусахын алдад онлайнаар бүртгүүлчихсэн. Тэгсэн өглөө нь Монгол HD телевизээс залгаад, бүртгэл баталгаажсаныг хэлсэн. Нөгөөдөр нь телевизийн байранд очиж, урьдчилсан шалгаруулалтад орсон. Нэлээн сүүлд та шилдэг 120 оролцогчийн нэг боллоо гэдгийг хэлсэн. Ингээд л тэмцээнийхээ бэлтгэл ажилд орсон доо.
-Одоо та дараагийн шатны шалгаруулалтад хэр цаг зав гарган бэлтгэж байна?
–Багшийн ажлын хажуугаар мэргэжлээсээ өөр, дуу хөгжим, тэмцээн уралдаан хөөгөөд явах бас хэцүү юм байна. Цаг тун хомс. Уг нь бэлтгэл маш нарийн төлөвлөсөн хугацаанд явах ёстой байдаг. Ямар хувийн карьераа хөөгөөд, хичээл заадаг хүүхдүүдээ орхилтой биш. Би чинь тангараг өргөсөн багш хүн. Ямар ч байсан дараагийн шатандаа боломжоороо бэлтгээд орно доо.
-Та яагаад заавал “Буруу эргэлт” киноны дууг сонгосон бэ? Ер нь ихэнх оролцогчид гадаад дуу сонгож байх шиг байна.
–Миний багаасаа нөхөрлөсөн найз маань тэнгэрийн оронд байгаа. Тэр найздаа зориулж чин сэтгэлээсээ нэг дуулах юмсан гэж бодож явсан. Тэр хүслээ биелүүлсэн. Бусад хүнээс илүү чадвар гээд байх зүйл надад байхгүй ч сэтгэлээсээ дуулсан болохоор хүмүүст илүү хүрсэн юм болов уу гэж бодсон. Ямар ч дууны үгийг ойлгож дуулна гэдэг маш чухал. Би гадаад дуу дууллаа гэхэд үг болгон нь монгол дууны үг шиг хүний зүрхэнд хүрч чадахгүй. Хүн өөрийнхөө эх хэл дээр дуулбал тухайн дуугаа илүү хүнд хүргэж чадна шүү дээ.
-Өөрийнхөө санасан хэмжээнд хүртэл дуулж чадсан гэж бодож байгаа юу?
-ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа эгчийн хэлсэн үг санаанаас ер гардаггүй юм. “Дуучин хүний зүрх халуун, тархи хүйтэн байх ёстой” гэж. Тухайн үедээ тэр үгийг сайн ойлгоогүй өнгөрөөсөн. Харин саяын шоуны үеэр тэр үгний утгыг сайн ойлголоо. Уг нь урд өдөр нь дуугаа бэлдэхэд маш гоё дуулж байсан. Гэтэл яг тэмцээн дээр үзэгчид босоод алга ташиж дэмжиж эхлэхэд, шүүгчид эргэж харахад миний зүрх, тархи хоёр хоёулаа халсан. Тэгээд хяналтаа алдсан. Тухайн үеийн мэдрэмж нь гоё байсан болохоор өөрийгөө хянаж чадаагүй. Дуучин хүнд байх ёстой чанаруудын нэг бол өөрийгөө хянаж сурах юм байна лээ. Өөрийгөө дуулж сурах болоогүй байна даа, сурах зүйл их байгаа юм байна гэдгийг тайзан дээр гарах бүртээ илүү сайн ойлгож байна. Зүгээр нэг сайхан хоолойтой байлаа гээд дуучин болчихдоггүй гэдгийг маш сайн ойлгосон.
-Дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж харахад та их сандарсан нь илт анзаарагдаж байсан?
-Маш их сандарсан. Юу болоод байгааг ч мэдээгүй /инээв/. Нэг мэдэхэд л дуулаад гараад ирсэн. Хамгийн гоё нь танхимд байсан үзэгчид бүгд сууж байснаа босоод, дагаж дуулж дэмжиж байсан нь амьдралдаа авсан хамгийн гоё мэдрэмж байлаа.
-С.Ононбат шүүгч таныг заагаад “Ирээдүйн ялагч энд байна” гэж хэлсэн. Энэ үг танд юу бодогдуулсан бэ?
-С.Ононбат ахын хэлсэн үгэнд их урамшсан. Надад цааш ялах эсэх нь сонин биш. Миний биширч, хүндэлдэг хүн намайг тэгж өндрөөр үнэлсэн нь л хангалттай. Сэтгэл ханачихсан ч юм шиг болсон. Гэхдээ энэ нь мэдээж дараагийн шалгаруулалт хамаагүй гэсэн үг биш л дээ. Улам л хичээнэ.
-Нэвтрүүлэг гарснаас хойш илүү олон хүн таныг таньдаг болсон байх?
-Маш сайхан. Хүмүүс ирээд “Дэмжиж байгаа шүү” гэж хэлээд, гар барихаар нь хэлэх үг олдохгүй, сандраад л… Улам илүү хичээх ёстой юм байна гэж бодогдоод байдаг юм билээ. Урмын үг хэлж, дэмжиж байгаа хүн бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Таны аавыг Завханы маш сайн математикийн багш нарын нэг гэж сонслоо. Математик сонирхоход аав тань нөлөөлөв үү?
-Миний аавыг Буяндалай гэдэг. Аав, ээж, том ах гурвуулаа математикийн багш. Би багаасаа л багш болно гэж бодож өссөн. Хүүхдүүдтэй ажиллахад надад сайхан санагддаг. Манай гэр бүлийнхэн мэргэжил, сонирхлын хувьд ерөөсөө хоёр л хуваагдсан хүмүүс байдаг юм. Нэг хэсэг нь урлагийн, нөгөө тал нь тооны хүмүүс. Математикийн багш нар… Яг үнэндээ би дуулах дуртай байсан ч урлагаар явъя гэж бодож байгаагүй. Урлаг соёлоос илүү математик л намайг татсан юм шиг байгаа юм. Яагаад сайхан дуулчихдаг математикийн багш байж болохгүй гэж. Тийм ээ.
-Хамгийн анх ямар анги дааж авч байв. Анх багш болоход хэцүү санагдаж байв уу?
-19 насандаа Завханд багшилж, ажлын гараагаа эхэлсэн. 31 хүүхэдтэй арваннэгдүгээр анги дааж аваад төгсгөж байлаа. Тэр үед манай ангийн хүүхдүүд надтай чацуу, эсвэл ганц хоёр насаар дүү хүүхдүүд ч байсан. Ангийнхаа хүүхдүүдийг харахаар багш ч юм шиг, найзууд ч юм шиг байдаг байлаа. Хичээлээ заачихаад бусад үед нь ангийнхантайгаа тоглоод явчихдаг багш байсан /инээв/. Тухайн үедээ туршлагагүй, шинэ багш байсан болохоор аав, ээж хоёроосоо зөвлөгөө авна. Ямар ч байсан анхныхаа дааж авсан ангийг амжилттай л төгсгөж байсан.
-Таны дуулах дуртай дуу ямар дуу байдаг вэ? Өөрийн эрхгүй аманд аялагддаг дуу байдаг шүү дээ?
-Зөндөө дуу байгаа. Нэг мэдэхэд л дуу аялчихсан сууж байдаг. Гэртээ ч, ажил дээрээ ч тэр. Манай ангийн хүүхдүүд хаалгаар сэмээрхэн шагайчихсан, сонсоод байж байдаг шүү /инээв/.
-Найз бүсгүйтэйгээ хэрхэн танилцаж байв?
-Бид хоёр хамт ажилладаг. Найз бүсгүй маань манай сургуулийн Гадаад харилцаа хариуцсан менежерээр ажилладаг. Бид үерхээд жил гаруй болж байна.
-"The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэгт тантай яг адил “My Voice”, “Universe best songs” шоунд оролцож байсан хэд хэдэн оролцогч өрсөлдөж байгаа. Нэгэнт олонд танигдсан байж, дахин энтертайнмент шоунд оролцох хэрэг байна уу гэж бодож байгаа хүмүүс байгаа л байх. Та энэ тал дээр өөрийнхөө юу боддогийг хэлээч?
-“Universe best songs” бол үндэсний контент. Шалгуур өндөртэй, сайн тэмцээн. Зарим хүмүүс янз бүрээр хэлдэг л юм. Дуучид нь чадваргүй худлаа шоу гэх мэтчилэн. Гэтэл бусад дууны тэмцээн, уралдаан хаана л болно тэнд “Universe best songs”-ийн оролцогчид явж байна. “Universe best songs” бол оролцогчдыг ташуурдаж, тэднийг цааш нь хурцалж өгдөг үндэсний сайн шоу гэж би боддог. Тэгэхээр энэ шоунд оролцож, туршлага суусан залуус яагаад дэлхийн шоунд өрсөлдөж болохгүй гэж. Болохгүй зүйл ерөөсөө байхгүй.
-Хэрэв шоуны хоёрдугаар шатанд шүүгчид сонгосон оролцогчдоо бэлтгэх биш, оролцогчид хүссэн дуугаа дуулдаг байсан бол та ямар дуу дуулах байсан бол?
-“Никитон” хамтлагийн "Чи минийх" дууг дуулах байсан байх. Их гоё үгтэй. Ая нь ч бас гоё. Миний дуртай дуу.
Б.Жавхлантөгс, Б.Идэржавхлан нарын хамтран дуулсан
"Гүрэн Монгол чинь хүлээнэ" дууны клип
Б.Идэржавхлан The voice of Mongolia-2018 шоуны II шатанд дуулсан бичлэг