Бамбар унтарсны дараа балгас болсон хотууд

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Бамбар унтарсны дараа балгас болсон хотууд

Бамбар унтарсны дараа балгас болсон хотууд

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг. Санхүүгийн боломж бүхий өрсөлдөөнөөс алтан медаль шүүрлээ л гэсэн үг. Хотоо сурталчлах зол завшаанаас гадна их мөнгөний урсгалыг татаж, дэлхийн сая сая жуулчдын жимийг өөрийн зүг чиглүүлнэ. Мэдээж өндөр зардал, нөр их хөдөлмөрөөр бүтдэг ч олимпийн үр өгөөж түүнээс ч илүү.

Харамсалтай нь, мянга мянган тамирчдын ялалт ялагдал, баяр гуниг, бахдал цөхрөл гээд гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлж байсан цэнгэлдэх, талбай, тэр их бүтээн байгуулалт дараа нь үнэгүйдэж орхигдсон халагламаар, харамсмаар тохиолдол цөөнгүй.

Гэхдээ сайн жишээ ч бас татаж болно. Алдарт Ай Вэйвэйгийн загвараар бүтээсэн Бээжингийн “Шувууны үүр” өдгөө нүсэр концерт, тэмцээн, уралдаан хүлээн авдаг болсон. Олимпийн өлгий нутаг Грекийн нийслэл Афин дахь цэнгэлдэхүүд 10 мянга гаруй дүрвэгч, цагаачдын түр орогнох байр болжээ. Турины өвлийн олимпийн үеэр орон орны тамирчдын холхилдож байсан тамирчдын тосгонд Африкийн дүрвэгсэд төвхнөөд байна.

Харин олимпийн бамбар унтрахтай зэрэгцээд эзэнгүйдэж орхигдсон олимпийн бүтээн байгуулалт өдгөө ямар дүр төрхтэй болж вэ?


      БЕРЛИН-1936      

Германы нийслэл Берлин хотноо 1936 онд болсон зуны олимпийн наадамд зориулан зэргэлдээх Элстал хотод Олимпийн тосгоныг байгуулжээ. Өнөөг хүртэл өнгө төрхөө хадгалан оршсоор байгаа цөөн хэдэн олимпийн тосгоны нэг гэгддэг боловч тамирчдын байрлаж байсан дийлэнх барилга өгөрч мууджээ. Зөвлөлтийн цэргийнхэн байрлаж байгаад 1992 онд орхин гарснаас хойш огт ашиглагдахаа байжээ. Анх баригдсан 145 барилгаас одоо усан сан, бэлтгэлийн танхим, театр, хоолны танхим гээд 25 орчим нь байдаг аж.

Олимпийн үеэр тосгонд дэлхийн 50 орны 4000 гаруй эрэгтэй тамирчин /эмэгтэй тамирчдыг өөр газарт тусад нь байрлуулж байсан гэдэг/ байрлаж байсан энэ байгууламжийг дараа нь Германы цэргийн хуаран хэлбэрээр ашиглаж байжээ. 1945 онд Дэлхийн II дайн төгссөнөөс хойш бараг хагас зуун жил Зөвлөлтийн арми байрлаж байсан юм.

 


     САРАЕВО-1984     

1984 онд дэлхий нийтийн анхаарал Югослав /одоогийн Босни ба Херцеговина/-ын Сараево руу чиглэсэн юм.

 

14 дэх удаагийн өвлийн олимпийн наадам болсон цэнгэлдэх, талбай харамсалтай нь иргэний дайны хөлд үрэгдэж, эвдэрч сүйдэн, тос шороо, хогонд дарагджээ.

 

Зарим нь дайны үеэр цэргийнхны сургуулилтын талбай, хамгаалалтын хуаран ч болж байв.

 

Бобслейн тэмцээн болж байсан байгууламжийг дайны үеэр их бууны ангийн бэхлэлтийн зориулалтаар ашигласан гэдэг. Одоо ч энд тэнд сум нэвт гарсан нүх байдаг аж. Залуучууд өдгөө бобслейн зам дээр дугуйн элдэв үзүүлбэр туршдаг болжээ.

 

Олимпийн нээлтийн ажиллагаа болж, орон орны тамирчдын жагсаж явсан Косево цэнгэлдэх одоо зэрлэг ургамалд ороогдож, өгөрч мууджээ.

 

Игман уулан дахь цанын үсрэлтийн талбай хаягдаж хоцорчээ. Үзэгчдийн суудалд зэрлэг өвс, ургамал ургаж, зам нь эвдэрч сүйдсэн байна.

 

Олимпийн уран гулгалтын тэмцээн болж байсан Зетра цэнгэлдэхээс ийм л зүйл үлджээ.

 

Олимпийн спорт цогцолборын нэгээхэн хэсэг одоо оршуулгын газар болсон байна.

 


     БЭЭЖИН-2008     

2008 оны зуны олимпийг нүсэр зохион байгуулсан Бээжин хот 2022 онд өвлийн наадмыг хүлээн авна.

 

Зуны олимпийн бейсболын тэмцээн болж байсан цэнгэлдэх одоо золбин нохдын үүр болжээ.

 

Олимпийн “ногоон бүс” гэгдэж байсан талбай эзэнгүй орхигджээ.

 

Олимпийн дугуйн уралдаан явагдсан цэнгэлдэхийн гаднах авто зогсоолыг жолооны шалгалтын зориулалтаар ашиглах болжээ.

 

Завины уралдаан болсон талбайн гаднах хашааны тэмдэглэгээ зэвэрч муудсан ч байсаар л байна. Тэр хавьд харуулаас өөр хүн явахаа ч больжээ.

 

Олимпийн наадмаас медаль хүртсэн орны туг мандаж байсан газар одоо ийм болжээ.

 

BMX дугуйн уралдаан болсон байгууламж.

 

Цэнгэлдэх, талбайн ихэнх нь үүдээ барьж, олон нийтийг нэвтрүүлэхийг хоригложээ. Тэдний нэг энэхүү волейболын тэмцээн болсон талбай юм.


     АФИН-2004     

Грекийн нийслэл Афин хот 2004 оны зуны олимпод зориулан барьсан 22 цэнгэлдэхийн 21 нь үндсэндээ орхигдож, хаягджээ. Өрийн хямралд орж, эдийн засаг тун хүнд үед олимпод их хэмжээний мөнгө зарлагадаж байгааг ард иргэд нь ихээхэн эсэргүүцэж байсан юм. Афин олимпийн бэлтгэл ажилд 15 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

Завины уралдааны талбараас бейсболын цэнгэлдэхийг холбосон гүүр хаагдаж, шат, замын бетон ховхорч, зэрлэг ургамал хаа сайгүй ургасан байна. Ширээний теннис, спорт гимнастикийн тэмцээн болсон Галатси заалыг тойруулан хашаа татаж, хэнд ч хэрэггүй болжээ. Уг нь худалдааны төв болгохоор төлөвлөж байсан юм.

 

Олимпийн тосгон бүхэлдээ эзэнгүй хот болжээ.

 

Хотын захиргаанаас анх олимпийн тосгоныг орон сууцны хороолол болгохоор төлөвлөж байв.

Мянга мянган айл өрх тэнд амьдрах хүсэлтээ илэрхийлж, өргөдөл гаргасан ч төсөл бүтэлгүйтжээ.

 


     РИО-2016     

Зуны олимпийн наадам 40-өөд жилийн дараа Латин Америкт дахин айлчилсан нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимп байсан юм.

 

Гэвч олимпиос хойш Рио орвонгоороо эргэжээ. Сая саяар нь зарцуулсан бүтээн байгуулалтууд эзэнгүй хаягдаж, одоог хүртэл хог шорооноосоо салаагүй л байна.

 

Олимпийн үеэрх олон байгууламж одоо овоолсон төмрийн хог төдий болсон байна.

 

Алдарт “Маракана” цэнгэлдэхийн төрх. Зүлэг нь хатаж гундаад, зэлүүд газар шиг болжээ.

 

Цэнгэлдэхийн доторх өрөө, танхимуудыг хүмүүс цөлмөж, хэрэгтэй гэснээ бүхнээ юу ч үлдээлгүй авч оджээ.

 

Усан спортын цэнгэлдэхүүд ч мөн засч сэлбэхийн аргагүй болжээ.

 

Цэнгэлдэхийн дотор тал мөн бүхэлдээ сүйдсэн. Зэвэрч шарласан хоолой, өмхийрч ногоорсон ус нь шумуул үржих таатай орчин болжээ.

 

Гадна тал нь ч мөн базаахгүй. Хотын захиргаанаас олимпийн дараа удалгүй усан санг буулгана гэж байсан ч биеллээ олсон нь үгүй.

 

20 сая ам.доллар зарж тохижуулсан олимпийн гольфын талбай нэг иймэрхүү.

 

Олимпийн парк.

 

Риогийн олимпийн тосгон. Тамирчдын тухалж байсан энэ газар одоо эзэнгүй байшингууд болжээ.

 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж