Хунтын засагт алдарсан итгэл ба бугуйн цагны дуулиан

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Хунтын засагт алдарсан итгэл ба бугуйн цагны дуулиан

Хунтын засагт алдарсан итгэл ба бугуйн цагны дуулиан

Тайланд бүх нийтийн сонгуулийг дахин хойшлуулжээ. 2014 онд генерал Прают Чан-очагаар удирдуулсан арми цэргийн эргэлт хийж, Хунтын дэглэм тогтоосноос хойш тус улсад бүх нийтийн сонгууль гурав дахь удаагаа хойшлогдож байгаа нь энэ юм.

Өчигдөр /2018.02.01/ Хунтын томилсон хууль тогтоох байгууллага сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Генерал Прают Чан-оча 2017 онд өгсөн амлалтдаа 2018 оны арваннэгдүгээр сард бүх нийтийн сонгууль явуулна гэсэн билээ. Гэвч 2019 оноос нааш Тайландад ардчилсан сонгууль болохгүй нь тодорхой байна.

Улс төрийн ажиглагчид Тайландад сонгууль дахин хойшлогдохыг таамаглаж байсан бөгөөд энэ нь генерал Праютыг сонгуулийн өмнө олон нийтээс дэмжлэг олж авахаар цаг хожиж буй арга гэж үзэж байгаа юм. Гэхдээ Тайландын Хунтын хоёр дахь нөлөө бүхий генерал, шадар сайд Правит Вонгсувоны 1.5 сая ам.долларын үнэтэй тансаг бугуйн цагны цуглуулгатай холбоотой дуулиан тэдний төлөвлөгөөг нурааж мэдэх юм.

Генерал Правит Вонгсувон

Тайландын Авлигын эсрэг үндэсний комисс генерал Правит Вонгсувоны өндөр үнэтэй бугуйн цагны цуглуулгатай холбоотой дуулианы дараа энэ хэргийг шалгаж эхэлсэн юм.

Нэгэн зураг авалтын үеэр генерал нарнаас нүүрээ халхлахад гартаа зүүсэн бугуйн цаг нь ил гарч, тэр нь 100,000 ам.долларын Richard Mille RM29 загвар байсан нь олон нийтийн анхаарлыг татсанаар энэ дуулиан дэгдсэн билээ. Олон нийтийн цахим сүлжээний нэгэн хэрэглэгч генералыг үнэтэй цаг зүүсэн 25 өөр зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Энэ дуулиан Тайландын иргэдийг ихэд бухимдуулсан. Фэйсбүүк цахим сүлжээний нэгэн хэрэглэгч “Авлигатай тэмцэнэ гэж амласан цэргийн хүнд кино одуудад л байдаг үнэтэй бугуйн цагны цуглуулга байх нь зохисгүй” гэж буруутгасан юм.

Генералын зүүсэн 1.5 сая ам.долларын үнэтэй бугуйн цагны цуглуулгатай холбоотой дуулиан Тайланд даяар салхи шиг таржээ. Генерал Правит тэр цагнуудыг найзаасаа зээлсэн гэж тайлбарласан боловч хэн ч түүнд итгэсэнгүй. Шадар сайд, генерал Правитыг огцруулахыг шаардсан юм. 

Харин Хунтын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Прают Чан-оча Шадар сайдын бугуйн цагны дуулианыг хувийн асуудал хэмээгээд, энэ хэргийг авлигатай тэмцэх комисс шалгаж байгаа учраас огцруулах тухай шаардлагыг хүлээж авахгүй гэжээ. Тиймээс ч 2014 онд авлигатай хайр найргүй тэмцэнэ хэмээн амлаж, сонгуулиар сонгогдсон Засгийн газрыг огцруулж, төрийн эрхийг авсан Хунтын Засгийн газарт иргэд эргэлзэж эхэлжээ. Хунтын Засгийн газарт итгэл алдсан иргэдийн дунд 2014 оны цэргийн эргэлтийг дэмжсэн Бангкок хотын элит хүрээнийхэн ч цөөнгүй байгаа ажээ.

Тайландын иргэдийн дунд явуулсан албан ёсны агентлагуудын судалгаагаар Хунтын Засгийн газрын рейтинг дөрвөн жилийн өмнөхөөс буурч, хамгийн доод түвшинд очсон байна.

2014 онд Тайландын  Ерөнхий сайд асан Такшин Чинаватра, түүнийг дэмжигчид болон цэргийнхний хоорондох хагарлаас болж улс төрд хямрал нүүрлээд байсан үед  генерал Правит, Прают нар цэргийн эргэлт хийж, Засгийн газрыг огцруулсан.

Тайландад цэргийн эргэлт гарах үед Ерөнхий сайд асан Такшин Чинаватрагийн дүү Инглак Чинаватра Засгийн газрыг тэргүүлж байсан бөгөөд түүнийг улс төрөөс амархан зайлуулсан билээ. Тайландын хөдөө тосгодод Чинаватрагийн нэр хүнд өндөр хэвээр байгаа ажээ.

Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Хунтын Засгийн газар том сорилттой тулгараагүй ч цаашид зөрчил, мөргөлдөөн гаргуулахгүй байх генерал Праютын бодлого амжилт олохгүй гэж ажиглагчид үзэж байна.

Генерал Прают “том ах”-ыгаа халах уу?  
 

Хунтын Засгийн газрын тэргүүн, генерал Прают сонгуульд ялалт байгуулсан нам Ерөнхий сайдыг томилох тухай өөрчлөлтийг хуульд оруулж, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг сунгах сонирхолтой гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Гэвч Прают иргэдийн итгэлийг дахин олж авахын тулд мөр зэрэгцэн зүтгэж явсан “ах”-ыгаа огцруулах уу гэдэг асуулт үлдэж байгаа юм. Учир нь Тайландын улс төрийн намууд ийм дуулианд холбогдсон улстөрчтэй хамтрах нь амиа хорлосонтой адил гэж үздэг. Хунтын Засгийн газрын Ерөнхий сайд Прают, шадар сайд Правит нар нэг армид алба хааж байсан бөгөөд хамтдаа цэргийн эргэлт хийсэн билээ. Засгийн эрхэнд гарсны дараа тэд хүнд суртлын аппаратаа өөрсдөд нь үнэнч хүмүүсээр хүрээлүүлсэн. Ерөнхий сайд Прают “ах” гэж хүндэлдэг генерал Правитыг огцруулах амаргүй гэдгээ ил далд илэрхийлсээр байгаа билээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж