“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Дөчдүгээр бүлэг
ХӨГШИН ХАТАН, ДА ГУАНЬ ЮАНЬД ХОЁРОНТАА ХУРИМЛАЖ, ХҮҮХЭН ЮАНЬ ЯН, ДААЛУУНЫ ДҮРМИЙГ ГУРВАНТАА ЗАРЛАВ
Өгүүлэх нь: Бао Юй зарлагын үгийг сонсуут санд мэнд явж, хув халхавчны дэргэд очвол “Түргэн очигтүн, чиний юу ярихыг хүлээгээд зогсоцгоож байна” гэх сонсогдов. Бао Юй яаран дээд өрөөнд орвол Жя Мү, Ван Фүрэнь, олон эгч дүүстэй Шы Шян Юньд хариу барих найрын тухай зөвлөлдөж байв. Бао Юй:
-Гадны зочингүй тул идээний зүйлийн тоо тогтоох хэрэггүй. Аль дуртай зүйлээсээ бэлтгүүлээд, найрын ширээ ч засалгүй, хүн бүрд ширээ тавьж, дуртай идээнээс нь өрөөд дээр нь нэг жимсний багвар, архины сав тавьбал сонин, шинэ янзтай болох юм бишүү гэсэнд Жя Мү: “Тун эвтэйхэн” гээд тогооны гэрт маргааш бидний дуртай идээг бэлтгэж, хүний тоогоор багвар савалж авчирагтун. Өглөөний будааг ч хүрээлэнд бэлтгэтүгэй гэв. Ийн ярилцаж байтал дэн, зул асаасныг үл өгүүлэн өгүүлэх нь:
-Өглөө эртлэн босоод харвал тунгалаг сайхан өдөр болох ажээ. Ли Вань эрт босож, эмгэд шивэгчдээр унасан навчсыг шүүрдүүлэн ширээ сандлыг арчин зүлгүүлж, аяга таваг бэлтгүүлж байтал Лю Лаолао, Бань Эр хоёрыг Пин Эр дагуулж ирээд:
-Буурай эмээ тун их яарч байна гэж хэлсэнд, Ли Вань:
-Би чамайг өчигдөр явж чадахгүй гэж байхад зүгээр яараад л гэсэнд Лю Лаолао:
-Лао тайтай бас намайг нэг өдөр наргиад яв гээд явуулаагүй юм гэсэнд том жижиг хэдэн түлхүүр барьсан Пин Эр:
-Манай найнай, гадаа ил байгаа өндөр ширээ арай хүрэхгүй тул байшин онгойлгож тэнд байгаа ширээг гаргаж нэг өдөр хэрэглэвэл дээр гээд… Найнай өөрөө ирэх гэтэл тайтайтай юм ярьж байгаа учир их найнай таныг хаалга нээж өгөөд хүнээр зөөлгүүл гэж байна гэсэнд Ли Вань хэдэн зарц эмгэд хоёрдугаар хаалганы хэдэн бага зарцыг дагуулан өөрийнхөө Да Гуань Юань асрын дор зогсож харан байгаад тагтнаас ширээнүүдийг нэг нэгээр нь доош буулгав. Зарц эмгэд, инж, бага зарц нар зэрэг хөдлөн өнөөх хэдэн ширээг дээрээс буулгаад зөөж эхлэхэд Ли Вань: “Сайн хичээгээрэй, чөтгөрт хөөгдсөн мэт яарч, сандарч байгаад өнцөг ирмэгийг нь сэвтээчихэв дээ” гээд Лю Лаолао: “Дээшээ гарч үзнэ үү” гэсэнд эмгэн, жаахан бандиа дагуулан шатаар өгсөж гараад дотогш орж үзвэл, халхавч, ширээ, сандал, их бага дэнлүү мэтийг өрсөнийг хэдий нарийн ялгаж танихгүй боловч өнгө будаг эрээлжлээд этгээд сонин харагджээ. Хөдөөний эмгэн, хотын ийм юмуудыг сонирхохын хамт айсан мэт маани уншсаар бууж ирэв. Тэндээс гарч явтал Ли Вань:
-Лао тайтай урамшин баярлаж мэдэх учир тэдгээр завины хөшүүрэг, сэлүүр, нарны хөшиг зэргийг буулган, авчирч бэлтгэн тавь гэсэнд зарц нар хэлсэн ёсоор нь бүх юмыг буулган авчрав. Сэлэгч бүсгүйчүүдээр онгоцны татаалаас хоёр онгоц гаргаж тавиул гэж бага зарц нарт захив. Тэднийг ийнхүү яаран гүйлдэж байх зуур Жя Мү хүмүүсийг дагуулан хүрч ирэв. Ли Вань тосож очоод:
-Буурай тайтай хөдөөний хүн танд их баярлаж хүрч ирсэн. Би таныг үсээ самнаж байгаа байх гэж бодож байлаа. Сая удвал цэцэг таслан очъё гэж бодож байсан юмаа… гэтэл нэг шивэгчин, дотор нь өнгө бүрийн удвал тасдан суулгасан лянхуан навчин хэлбэртэй индранил таваг өргөж барьсанд Жя Мү нэг бүдүүн улааныг шилж аван сангчигтаа хатгаад гэдрэг эргэн Лю Лаолаог хармагцаа инээн: “Ирж цэцэг зүүгтүн” гэв. Энэ зуур Фөн Же эмгэнийг хөтлөн ирээд: “Алив би чамайг засаж өгье” гээд нэг таваг цэцгийг толгойд нь хөндлөн гулд, баруун зүүнгүй хатгаж овоолсонд Жя Мү нар ихэд хөхрөлдөв. Эмгэн бас инээд алдан:
-Миний энэ толгой ямар буян хураасныг мэдэхгүй боловч ямар ч байсан өнөөдөр их эрхэмсэг болчихлоо гэсэнд бас л бүгдээр хөхрөлдсөнд Жя Мү:
-Чи наад толгойтохоо мулталж аваад наадахынхаа нүүр рүү шидэж орхихгүй, юү хүлээгээд байгаа юм бэ. Чамайг засаж байгаа нь энэ гээд хөгшин шулам болгочихлоо гэв. Лю Лаолао инээж: “Би хэдий өтөлсөн боловч залуудаа бас хуар цэцэг, оо энгэсэгт дуртай хээнцэр хүн байсан юм чинь. Өнөөдөр өтөлсөн ч гэсэн гоёчихоё доо” гэв.
Тэд ийн ярилцсаар сайхан үнэр анхилах Чинь Фөн Тинд хүрвэл инж нар их магнаг дэвсгэр авчирч хашлаганы шал дээр дэвссэнд Жя Мү хашлага түшин суугаад Лю Лаолаог дэргэдээ аваачин: “Энэ хүрээлэн ямар байна” гэж асуусанд цаадах нь мааниа хэлсээр: “Манай хөдөөнийхөн шинэлэх үеэр хотоос зураг аваачиж наагаад дэмий ярихдаа “Энэ зураг дээгүүр зугаалан явахсан” гэдэг байлаа. Зураг гэгч худал юм. Юуны энэ үнэн газартай тэнцэх вэ. Өнөөдөр энэ хүрээлэнд ирж үзэхэд, тэр зурагнаас олон хувь хэтэрчээ. Энэ хүрээлэнг цаасан дээр зурдаг хүн байвал, би нэгийг аваачиж үзүүлэх юмсан. Тэгж чадвал амьд яваагийн хэрэг бүтлээ гэсэн үг” гэв. Жя Мү, Ши Чүнийг зааж:
-Миний энэ бяцхан ач охиныг харахгүй юү. Энэ гайхал зурж чадна. Маргааш түүгээр нэг зуруулаатахъя гэв. Лю Лаолао ихэд баярлан, босож очоод Ши Чүньд:
-Охин минь, чи ийм багаасаа зураг зурна гэнээ. Ийм сайхан төрсөний дээр ийм чадалтай байна гэдэг аль нэгэн дагина, бурханы бүрэлбаа юм бишүү гэв. Жя Мү болон бусад хүн хөхрөлдөв. Тэд эмгэнийг дайлж баахан амраасны дараа дагуулж юм үзүүлэх болов.
Дотогш ормогц, замын хоёр хажуугаар ногоон хулс жигдэрч хөвд хөлмөг газраар хөглөрнө. Тэр дундуур чулуу дэвсэн нарийн зөрөг зурайна. Лю Лаолао замаас гарч газраар явах гэхэд нь: “Замаар яв. Хөвд өвсөнд хальтарна шүү” гэсэнд эмгэн: “Зүгээр зүгээр. Бид чинь ийм газраар явж сурсан юм. Та нар харин тэрүүгээрээ яв. Наад гутал шаахай чинь шавар шороо болчихно шүү” гэсээр хүмүүстэй энэ тэрийг ярилцан санаандгүй яваад нойтон ногоонд хальтран унав. Охидууд хөхрөлдөв. Жя Мү өөрөө инээсэн мөртөө “Муусайн өлөгчингүүд юундаа хөхрөлдөв. Татаж босго” гэж зандрав. Лю Лаолао ингэж сурсан янзтай өөрөө босоод цааш алхав. Тэрбээр:
-Дэмий яриандаа болоод шившиг болж байгааг харав уу гэсээр цаашлахад нь Жя Мү: “Нуруугаа гэмтээгээгүй биз. Энэ инж нараар даруул” гэсэнд цаадах нь: “Юундаа би чинь, эрх танхи болчихов. Аль өдрийн хэд гурав унахыг тэр гэхэв. Тэр бүхэнд нуруугаа нухлуулаад суувал ч харин яршиг л байна” гэв. Зы Жюань хулсан орхиулыг өргөж, Жя Мү нарыг оруулж суулгасны дараа Дай Юйг заагаад: “Энэ бол миний энэ зээ охины гэр юмаа” гэв. Дай Юй хавхагтай цайны цом пял тавагт тавьж Жя Мүд эхлээд цай барив. Ван Фүрэнь: “Бид цай уухгүй. Авхай битгий аягал” гэв. Лю Лаолао цонхны наадах ширээн дээр бэхний нийлүүр, бичгийн тавиур дээрх бичиг номыг хараад: “Энэ лавтай аль нэгэн агийн бичгийн өрөө юү” гэж асуув. Жя Мү, Дай Юйг заагаад: “эднийх шүү дээ” гэсэнд хөдөөний эмгэн, орчныг ажин хараад: “Тийм байхаа энэ гэгээтэй хүний гэрийн янз байсан юм. Дээд зэргийн бичгийн гэр юмаа” гэв. Жя Мү: “Бао Юй яагаад үзэгдэхгүй байна вэ” гэж асуув. Олон инж бараг зэрэг: “Нуур дээрх онгоцонд байна” гэцгээв. Жя Мү: “Хэн нь бас онгоц зэхчихсэн бэ” гэсэнд Ли Вань:
-Сая тагт нээж авчирсан юм. Би тайтай таныг баярлаж магадгүй гээд бэлдүүлсэн юм… гэтэл Жя Мү нэг юм хэлэн завдтал гаднаас: “И тайтай ирлээ” гэх сонсогдов. Жя Мү нар босон зогстол Шюэ Има орж ирээд суудалд суух зуураа: “Өнөөдөр буурай дайдай их баяртай байна даа, өдий эрт ирснээр бодоход” гэсэнд Жя Мү инээж:
-Би сая оройтож ирэгсдийг торго гэж хэлсэн шүү. Санаандгүй байтал харин И тайтай хождож ирдэг юм байжээ гэсэнд нирхийтэл хөхрөлдөв. Жя Мү цонхны хөшиг онгож гандсаныг хараад: “Энэ анх сайхан өнгөтэй байсан. Баахан удаад хурц өнгөө алдчихаж. Энэ хүрээнд тоор, гүйлсний мод ч үгүй юм. Энэ хулс яахав, аяндаа ногоон өнгөтэйн дээр дахиад бас ногоон шаа наавал харин өнгө ялгарахгүй болно. Манайд урьд бас дөрөв таван өнгийн цонхны шаа тор байсан шиг санагдана. Маргааш энэ цонхны торон хөшгийг сольж өг” гэж Ван Фүрэньд хэлэв. Фөн Же тэндээс:
-Өчигдөр сангийн гэрийг нээхэд, том модон авдар дотор хэдэн толгой улаавтархан өнгөтэй, тарзын жигүүрийн шаа байна лээ. Бас янз бүрийн цэцгэн хээтэй, бүр “Багваахай үүлэнд дүүлсэн” хээтэй, “Өнгийн эрвээхэй цэцэг дээр бүжиглэсэн” хээтэй ч байна лээ. Өнгө нь хурц тод, бас хөнгөн зөөлөн юм билээ. Би тийм юм ер үзсэнгүй. Хоёр толгой авчирч хэдэн торон хөнжил хийвэл лавтай сайхан болноо гэв. Жя Мү: – түй гээд:
-Хүн бүхэн чамайг мэдээгүй, үзээгүй юмгүй гэдэг байтал ядаж энэ хэдэн торон хөшгийг танихгүй байж бас нэг их мэдэмгийрхнээ чи гэв. Шюэ Има:
-Тэр хэдий үзэж, мэдсэн ч яаж Лао тайтайд хүрэх вэ. Харин Лао тайтай яагаад түүнд зааж сургаагүй юм бэ гэв. Фөн Же инээж:
-Лао тайтай минь наддаа хэлж өгч байгаарай гэсэнд Жя Мү инээж, Шюэ Имад: “Тэр торон хөшиг чинь та нараас ах юмаа. Энэ охин түүнийг тарзын жигүүрийн шаа гэх ч бас аргагүй. Уг нь нилээд төстэй шүү. Мэдэхгүй хүн бол түүнийг тарзын жигүүрийн шаа гэнээ. Чухам нэр нь “Униархаг гурамсан сиймхий” гэдэг юм гэсэнд Фөн Же:
-Энэ чинь сайхан нэр байна. Гэвч би өдий болоход, шаа торыг хичнээнээр нь үзсэн боловч ийм нэр дуулаагүй юм байна гэсэнд Жя Мү инээж:
-Чи хэдий их наслаад, хичнээн их юм үзсэндээ мэдэмгийрхдэг юм бэ. Тэр униархаг гурамсан сиймхий бол дөрөвхөн өнгө байна. Нэг нь биндэрьяагийн өнгөтэй, нөгөөх нь ногоовтор шар өнгөтэй, бас нэг нь хар ногоон өнгөтэй, нэг нь улаавтархан өнгөтэй байдаг. Орхиул хийж цонхонд өлгөхөд, холоос харахад униар манан татсан юм шиг үзэгдэнэ. Тэгээд ч униархаг гуравсан сиймхий гэсэн байх. Тэр улаавтархан өнгөтэйг нь туяархаг шаа гэж нэрлэх ч бий. Одоо эзэн хааны ордонд хэрэглэж байгаа торон хөшигнүүд, хөнгөн зөөлөн, нягт зузаан нь, манай эд нар шиг бишээ гэж ярив.
-Фөн охин үзэх байтугай, би хүртэл сонсоогүй юм байна гэж Шюэ Има хэлэв.
Тэднийг ийн ярилцаж байх хооронд Фөн Же нэг толгой торон хөшиг аваад ирэв. Түүнийг харуут Жя Мү: “Яг мөн” гэж дуу алдаад:
-Урьд бид цонхонд өлгөж байлаа. Сүүлдээ орхиул, хөнжил хийж үзсэнд их сайхан болж билээ. Маргааш хэдэн толгой авчраад, улаавтарханаас энэ цонхонд хий гэсэнд Фөн Же: “За” гэж хүлээн авав. Мөнөөх торыг бүгд үзэж ихэд шагшин гайхацгааж, Лю Лаолао ч бүр нүдээ онийлгон хараад мааниа уншсаар байснаа:
-Бидэнд дээл хийх юм олдохгүй байхад, цонхонд наавал даанч хайран бишүү гэсэнд, Жя Мү: “Дээл хийвэл харин муухай болноо” гэв. Фөн Же өмсөж яваа гал улаан хөвөн шаа олонтойнхоо энгэрийг татаж гаргаад, Жя Мү, Шюэ Има хоёрт үзүүлж: “Миний энэ олонтойг үзтүгэй” гэсэнд цаадуул нь: “Энэ бол дээд сайн нь байна. Одоо хааны ордонд хэрэглэж байгаа. Гэхдээ л энүүнд хүрэхгүй” гэв. Фөн Же:
-Энэ нимгэн эдийг бас хааны ордонд хэрэглэнэ гэнээ. Харин ноёдын эдэлдэгт бас хүрэхгүй байгаад… гэтэл Жя Мү:
-Дахиад эрж үзэгтүн. Бас байж мэднэ. Байвал энэ Лю худгайд хоёр толгой өг. Биндэрьяа өнгөтэйгээс нь манайд нэг орхиул хийж өлгөгтүн. Үлдсэнээр нь, доторлоод ханжаар хийж, охид, инж нарт өмсгөгтүн. Хадгалсаар байтал үжрээд хөвд дарагдана шүү гэсэнд, Фөн Же за гээд мөнөөх шааг буцааж хүнээр явуулав. Жя Мү: “За энд боллоо. Одоо өөр газраар явж үзэцгээе” гэсэнд Лю Лаолао тайтайгийн гол гэр ба их авдар, их ор тохируулан тавьсныг үзсэн. Үнэхээр сүртэй юмаа. Тэр авдар манай гэрийн нэг тасалгаанаас ч өндөр, их байсан. Арын хүрээнд нэг шат байхыг хараад би байшингийн орой дээр гарч юм хатаахгүй байтал энэ шатаар яадаг юм бэ гэж гайхаж байлаа. Сүүлд нь харин дээрх авдрыг нээж юм авахад тэр шатгүй бол болдоггүй юм байна гэж мэдлээ. Өнөөдөр би бас энэ бага гэрийг үзээд тэр их гэрээс нэн тэгш цэвэр байхыг харлаа. Гэр дүүрэн тавьсан юмны сайхныг үзээд гайхсанаас цаашгүй, тэр болгоны нэрийг ч мэдэхгүй юм. Энд юм үзэх тусам энэ газраас салмааргүй болох юм гэсэнд Фөн Же: “Энэнээс сайхан бас бий. Чамайг аваачиж үзүүлнээ” гэв.
Энэ мэтийг ярилцсаар Шяо Шян Гуаниас гартал хэсэг хүн тэртээх нууранд онгоцоор хөвж явах харагдав. Жя Мү: “Тэнд нэгэнтээ онгоц бэлтгэсэн юм бол бид очиж сууя л даа” гэсэнд тэд усны хөвөө даган явсаар тэнд хүрч очив. Нуурын дэргэд хүрэхийн алдад хэдэн эмгэн, алталсан жаазтай том багвар бариад ирсэнд Фөн Же Ван Фүрэнийгээс: “Өглөөний хоолыг хаана бэлтгэх юм бэ” гэж асуусанд: – Лао тайтайгаас асуугаад хаана бэлтгэ гэнэ вэ. Тэнд нь бэлтгэнээ” гэв. Тэдний ярихыг Жя Мү сонсчихоод эргэн харж: “Гуравдугаар охин дүүгийн чинь тэнд зүгээр байхаа. Чи хүн явуулж бэлтгүүл. Бид онгоцоор очно” гэж хэлэв. Фөн Же, Ли Вань, Тань Чүнь, Юань Ян, Ху По нарын хамт, ногоо юм зөөх хүмүүсийн хамт дөт замаар явсаар хоол хийх газраа очиж ширээ засаж, хоол умдаа бэлтгэж эхлэв. Юань Ян инээж:
-Гаднах Лаое нар архи ууж, хоол идэхдээ, заавал ч үгүй нэг шог яриа үүсгэгчтэй байх юм гэж ярилцдаг даа. Тиймээ. Өнөөдөр манай бүсгүй зочинтой байгаа шүү гэж өдөж байх янзтай хэлэв. Ли Вань номхон шударга хүн болохоор тоомсорлосонгүй. Фөн Же сонсоод, Лю Лаолаог хэлж байгааг мэдээд, өнөөдөр түүгээр тоглоотохоё гээд хоёул зөвлөлдөж эхлэв. Ли Вань инээж:
-Та нар сайн юмыг бодохгүй юм. Одоо хүүхэд ч биш болж дээ. Ингэж алиалж марзаганах хэрэг байдаг юм уу. Лао тайтайд зэмлүүлэх юм л эрээд байна уу гэсэнд Юань Ян:
-Их найнайд ер хамаагүй. Миний хэрэг гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Жя Мү нар хүрээд ирэв. Тэднийг суулгасны дараа инж нар цай барив. Фөн Же янбуу алчуураар ороосон мөнгөн бөгжтэй ум зандан савхнууд авчирч суудал дараалан тавилав. Жя Мү: “Тэр бяцхан агар ширээг авчирч энд тавиад Лю худгайг миний дэргэд суулгагтүн” гэсэнд, яаран авчирч тавив. Фөн Же, Юань Янгийн зүг нүд ирмэсэнд цаадах нь Лю Лаолаог авч гараад баахан үг зааж өгөөд: “Энэ бол манай гэрийн ёс. Зөрчвөл бид шоолно” гэжээ. Шюэ Има хоол идээд ирсэн тул захдуухан суугаад цай ууж байна. Жя Мү, Шян Юань, Дай Юй, Бао Чай нар нэг ширээнд, Ван Фүрэнь, Ин Чүнь эгч дүү гурав нэг ширээнд суужээ. Жя Мүг хоол идэх үед нэг бяцхан шивэгчин дэргэд нь алчуур, тоосны гөвүүр, нулимах сав зэргийг барьж зогсдог ёстой.Энэ хэр Юань Ян хэдийн энэ мэтийн ажлыг хийхээ байсан боловч өнөөдөр зориуд тоосны гөвүүр барин гүвэх маягтай зогсож байна. Инж нар түүнийг, Лю Лаолаог-аар элэг доог хийх гэж байгааг мэдсэн учир түргэн холджээ. Юань Ян, асран зогсох зуураа нүд ирмэсэнд Лю Лаолао: “Авхай санаа амар байгтүн” гэв. Тэрбээр суудалд суугаад савх авсанд даагдмааргүй хүнд санагджээ. Фөн Же, Юань Ян хоёр зориуд, алтаар бөгжилсөн их хуучны зааны ясан савх тавьсан юм байж. Лю Лаолао мөнөөх савхыг заагаад:
-Энэ эд манай тэндэхийн төмөр тэрэгнээс хүнд тул яаж өргөж дийлнэ вэ гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Нэг бүсгүй гартаа нэг багвар барьж зогсоход, нэг инж ирээд тагийг авсанд дотор нь хоёр аяга зууш байсны нэгийг Ли Вань авч, нөгөөг Жя Мүгийн ширээнд тавив. Фөн Же зориуд нэг аяга тагтааны өндөг авч Лю Лаолаогийн ширээнд тавьжээ. Жя Мү: “Хоолоо идэцгээ” гэсэнд Лю Лаолао босож зогсоод, чангаар:
-Лю Лаолао миний зоогийн сав үгүй мэт, нэгэн мэгж гахайг идэвч толгойгоо өргөхгүй гэж хэлээд, хацраа түмбийлгэн, нүд цавчилгүй гөлрөн зогсов. Бүгдээр гайхан байснаа гэнэтхэн ойлгоод нижигнэтэл хөхрөлдөв. Шян Юнь амандах цайгаа тургин хөхрөв. Дай Юй элгээ хөштөл хөхрөөд сүүлдээ дуугарч чадахаа болиод ширээ түшин ёолно. Бао Юй хөхөрсөөр Жя Мүгийн өвөр дээр тунтраглан унасанд, тэвэрч аваад: “Элэг зүрх минь” гэж үглэж байхад Ван Фүрэнь хөхөрсөөр дуугарч чадахаа болиод дэмий л Фөн Жег чичилнэ. Шюэ Има бас тэсэж чадалгүй, аман дахь цайгаа Тань Чүний хормогч дээр асгаж, цаадах нь бас хөхөрсөөр аягаа Ин Чүний гар дээр хөмрөв. Ши Чүнь босож, хөхүүл эх дээрээ очоод: “Гэдэс хурдан илээд аль” гэв. Бусад нь элгээ тэврэх нь тэвэрч, гэдрэг унах нь унаж, зарим нь гадаа гарч суугаад хөхөрч байв. Харин Фөн Же, Юань Ян хоёр, юу ч болоогүй юм шиг царай гарган Лю Лаолаог дайлж байв. Тэрбээр савхаа даахгүй мөртөө, эндэхийн тахиа мөн сайхан юмаа. Ийм хөөрхөн өндөг гаргадаг байна шүү. Нэгийг амталдаг хэргээ гэсэнд арай гэж хөхрөхөө больсон хүмүүс дахиад л хөхрөлдөв. Жя Мү бүр нулимсаа гартал хөхөрсөнд Ху По охин нурууг нь дарж өгөв. Тэгтэл Жя Мүэ “Энэ ер нь Фөн охины гаргасан нохой ухаан байхаа. Түүний үгийг сонсоод хэрэггүй” гэж үглэх ажээ. Лю Лаолао тэр өндөгийг хөөрхөн гэж өхөөрдөхөд нь Фөн Же: “Нэг нь лан мөнгөний үнэтэй юм. Хурдан амтлагтүн. Хөрчихвөл амтгүй болдог юм шүү” гэсэнд цаадах нь өндгийг савхдах юм болов. Тэгтэл өнөөдүүл нь аяга дотор бөмбөрөөд хавчигдахгүй байв. Оролдсоор байгаад нэгийг савхдаж аваад үмхэх санаатай бөхийхэд мултраад газарт уначихав. Санд мэнд савхаа тавиут түүгээд авчих гэсэнд, тэнд зогсож байсан инж нар хамж аваад гараад явчихав. Эмгэн санаа алдан: “Лан мөнгөний үнэтэй зүйлийнхээ дууг нь ч сонсож чадалгүй явуулчихлаа шүү” гэж гунигтай гаслав.
Хүмүүс хоол идэх сонирхолгүй зөвхөн түүнийг харж инээж хөхөрнө. Жя Мү: “Хэн тэр савхыг гаргаж ирсэн юм бэ. Гийчин зочин залж, хурим найр хийгээгүй байтлаа шүү. Энэ ер нь цөм Фөн охины үйлдсэн хэрэг байлгүй. Савхыг нь сольж өгөхгүй яасан юм бэ” гэсэнд хэн нэг нь: “Ясан савх байгаагүй. Түүнийг Фөн Же, Юань Ян хоёр авчирсан юм” гэсний дараа мөнгөн савх авчирч тавив. Лю Лаолао:
-Алтыг мөнгөөр солилоо ч миний гар даахгүй гэсэнд Фөн Же:
-Будаа, ногоонд хор байвал энэ мөнгөн савхаар шалган мэдэж болно шүү гэсэнд эмгэн,
-Энэ ногоонд хор байвал манай тэр цөмөөрөө хүнцэл болох байх аа. Хордож үхсэн ч, цөмийг идэж байж мэдье гэв. Жя Мү түүний энэ мэт инээдэмтэй аашилж, бас их амтархан идэхийг хараад, өөрийнхөө ногоо зуушийг ч түүнд өгөв. Бас нэг хөгшнийг явуулж янз бүрийн ногоо зууш авчруулан Лю Лаолаод өгүүлэв.
Хоолны дараа Жя Мү нар, Тань Чүний өрөөнд орж энэ тэрийг ярьж баахан суув. Энэ зуур хоолны ширээ сандлыг хурааж цэвэрлээд, өөр нэг ширээ засаж, Ли Вань, Фөн Же хоёр нүүр тулан сууж хоол идэхийг хараад Лю Лаолао санаа алдаж:
-Бусад юм ч яахав. Би ганцхан танай гэрийн энэ журмыг их тоож байна. “Ёс бол их гэрээс үүснэ” гэдэг зөв юмаа гэв. Фөн Же инээж:
-Чи харин юм бодох хэрэггүй. Сая бол бүгдээрээ наргиж наадсан төдий болой гэсэнд Юань Ян орж ирээд:
-Та битгий уурлаарай. Би настаны өмнө буруугаа хүлээе гэв. Лю Лаолао сандран инээж:
-Авхай та юү гэнээ? Би Лао тайтайгийн сэтгэлийг баясгасан төдий бишүү. Уурлах юм юү байхав. Чи над урьтан хэлсэн болохоор, би бүгдээрээ л инээлдэн баясах юм байна гэж мэдсээн. Би уурлах байсан бол хэлэхгүй шүү дээ гэв. Юань Ян:
-Та минь яагаад Лю Лаолаод цай барихгүй байгаа юм бэ гэсэнд:
-Тэр бэргэн надад цай өгснийг нь би уучихсаан гэж эмгэн хэлэв.
Тэгээд Юань Ян, Фөн Же, Ли Вань нартай цуг сууж хоолоо идэв. Эмгэн инээж: “Та нар ийм бага юм иддэг болоод л салхинд хийсмээр харагддаг юм байна шүү дээ, өлсдөггүй л юм байх даа” гэж байв. Юань Ян “Баахан юм үлдчихэж. Үүнийг яах вэ” гэж асуусанд тэндээс эмгэд “Тэнд бас байгаа. Нийлүүлээд энэ хавийнханд идүүлчихье” гэцгээв. Юань Ян, “Ийм их юм барах уу, цаадуул чинь. Сайнаас нь хоёр аягыг хоёрдугаар найнаагийнд Пин Эр охинд аваачиж өг” гэсэнд Фөн Же: “Тэр өдийд хоол идчихсээн. Түүнд өгөөд яахав” гэв. Юань Ян “За яахав. Тэр идэхгүй бол танай муур хүртчих байлгүй дээ” гэтэл эмгэд нэг хэсгийг багварт хийгээд авч гарав. Юань Янь “Сү Юнь хаачив” гэсэнд Ли Вань “Тэд нар цөм энд хамтдаа идэх болохоор түүнийг эрээд яахав” гэсэнд Ши Рэнь ирээгүй шүү дээ. Чи харин, хүн зарж түүнд юм явуулаач… Гэтэл цаадах нь тэгье гэнгүүт хүн явуулах болов. Юань Ян нэг эмгэнээс: “Мөд архи уухад хэрэглэх зүйлийн идээний хусыг төхөөрөв үү” гэж асуусанд: “Жаахан байзная” гэж эмгэн хариулав. Юань Ян: “За тийм бол надад сануулж байгаарай” гэв. Цаадуул нь: “За, за” гэцгээнэ. Фөн Же нарыг Тань Чүнгийн өрөөнд ирэхэд хөгшид залуус хөхрөлдөн ярилцаж байв. Тань Чүнь угаас уудам саруул байдалд дуртай хүн болохоор энэ гурван жан өрөөг улам ч тохижуулж, гантиг чулуун өртэй ширээ тавьж дээр нь алдар цуут бичээч нарын гар бичмэл, үнэтэй ховор бэх нийлэгч, өнгө бүрийн бийрний савыг хэдэн арваар нь өрж тавиад, бийрийн цараад ой шугуй мэт харагдахаар олон арван бийр хатгасан ажээ. Тэртээх буланд, тэвэрт багтамгүй юм Рү Яо нутгийн цэцгийн сав1 тавьж дээр нь болор бөмбүлэгт цагаан удвал цэцгийг дүүртэл хатгажээ. Баруун хаяаны гол дунд Ми Шян Ян2 зурсан том “Манан борооны зураг” өлгөж хоёр талд нь Янь Лү гун3-гийн бичсэн уянгат шүлгийг өлгөжээ. Түүнд бичсэн нь:
Үүл мананд нуугдан суух бие
Уул усанд зугаацан сэлүүцэх амьдрал… гэжээ.
Ширээн дээр нэг их Шанлу тавьж, зүүн талын хүрэн зандан тавиур дээр том пял тавьжээ.
Дотор нь шар өнгөтэй сайхан “жимснүүд” хийжээ. Баруун талын тавиур дээр халбин загасны хэлбэртэй цагаан хаш туурга4 хажууд нь нэг бяцхан дохиур өлгөжээ. Энэ хэр хөдөөнөөс эмээгээ дагаж ирээд эдэнд баахан дасчихсан Бань Эр тэр дохиурыг аваад цохьж үзэх гэсэнд инж нар санд мэнд хориглон болиулав. Бас тэр жимснээс авч идэх гэсэнд Тань Чүнь нэгийг авч өгөөд: “Тоглодог юм. Идэж болохгүй” гэв. Зүүн талд том ор тавьж дээр нь цэцэг, өвсөн хорхой шавьж хосолж хатгасан ногоон торгон торон хөшиг өлгөжээ. Бань Эр бас очиж үзээд: “Энэ нь голио, тэр нь царцаахай” гэж хуруугаар хатгасанд Лю Лаолао сандран очиж нэг нударч аваад: “Олив нөгчсөн муу бэлтрэг, эрий хурайгүй түйвээгээд, чамайг энд оруулж үзүүлсэн юм багадав уу” гэж загнав. Бань Эр уйлсанд, цөмөөр аргадаж болиулав.
Жя Мү, цонхоор арын хүрээ өөд хараад: “Арын хонгилын саравч доорх уянгат мод баахан нарийн боловч сайхан ургаж байна даа” гэтэл салхи сэржигнэхийн хамтад хэнгэрэг цангийн дуун бүдэгхэн сонсогдоно. Тэрбээр “Энэ чинь хэнийх найрлаж байгаа юм бэ. Эсвэл гудамжны шуугиан юмуу” гэж гайхсанд Ван Фүрэнь инээн: “Гудамжны чимээ юу гэж сонсогдох вэ. Энэ бол манай тэр өнөө арван хэдэн охины бишгүүрдэх сургууль хийж байгаагийн чимээ байхаа” гэсэнд Жя Мү: “Тэд сургууль хийж байгаа юм бол энд хийхэд яадаг юм бэ. Бид ч сонирхоё, тэд ч бас зугаалаг” гэсэнд Фөн Же тэднийг дуудуулж, ирэх хооронд нь урт сандал тавиулан улаан эсгий дэвс гэж тушаав. Жя Мү:
-Тэр Оу Шян Шегийн усан тэнхимийн тэнд засвал дээр биш үү. Усны цуурайтай хосолж хөгжим улам сайхан сонсогдоно. Бид ч тэр асрын дор суугаад архи амтлахад, уудам саруул мөртөө сонсоход ойр юм гэвэл цөм: “Зүйтэй, сайн” гэцгээв. Жя Мү, Шюэ Имад: “Бид явлаа. Энэ охид гэрт нь хүн ирэхэд төдий л дуртай биш, гэрийг нь муухай болгохоос зовно. Бид ч хүний царайг мэдэж байна. Онгоцонд сууж очоод архиа ууцгаая” гэсээр бүгд босож явахыг завдтал Тань Чүнь: “Юунд тийм байх вэ дээ. Их тайтай, Има тайтай нарыг ирээч гэж хүсээд байхад ирдэггүй шүү дээ” гэсэнд Жя Мү:
-Миний энэ гуравдугаар охин харин сайн. Ганцхан тэр хоёр Юй их муу. Мөд согтож байгаад, тэднийхээр орж үймүүлэх юм хуна даа. Өшөөгөө авъя байз гэсэнд бүгд хөхрөлдөв. Тэгээд гадагш гарч онгоцонд суух санаатай явж байтал, хоёр онгоцчин охин хоёр модон онгоцоо аваад хүрч ирэв. Эхлээд Жя Мүг түшиж оруулав. Дараа нь Ван Фүрэнь, Шюэ Има, Лю Лаолао Юань Ян, Юй Чуань нар онгоцонд суусанд сүүлд нь Ли Вань оров. Дараа нь Фөн Же орж очоод, онгоцыг хөших гэж толгойд нь гарч зогсов. Жя Мү дотроос:
-Тэр харин тоглоом биш шүү. Хэдий том гол мөрөн биш боловч энэ чинь хэрдээ л гүнзгий шүү. Хурдан наашаа орж ир гэсэнд Фөн Же:
-Би айгаагүй байна. Та минь, тайван бай гэсээр тулгуурлан түлхсэнд онгоц нууранд оров. Онгоц бага, хүн олон болохоор их дайвалзах мэт санагдсанд Фөн Же сандарч, хөшүүргийг онгоцчин охинд өгөөд дотогш орж явган суув. Нөгөө нэг онгоцонд Ши Чүнь эгч дүү нар, Бао Юйн хамт сууцгаан араас нь даган ирэв. Бусад инж нар, эмгэд нуурын хөвөө даган явцгаана. Бао Юй: “Энэ муусайн лянхуан навчийг яагаад түүлгэж хаяулахгүй байна” гэсэнд Бао Чай “Энэ жилийн энэ хэдэн өдөр энэ хүрээлэнг ер сул сэлүүн байлгасангүй. Өдөр бүр тойрон зугаацаад байсан болохоор хаанаас цэвэрлүүлэх зав гаргааж” гэв. Тэндээс Дай Юй: “Ли Ишаний5 шүлэгт би дургүй боловч “Унасан лянхуаг байлгаж, борооны чимээг чагнана” гэдэг мөрд би дуртай. Тэгтэл та нар тасарч унасан лянхуаг заавал түүж хаяна гэх юмаа” гэв. Бао Юй: “Наадах чинь үнэхээр сайхан мөр байна. Тэгэхээр бид хожим битгий цэвэрлээрэй гээд эднийг орхиё” гэв.
Тэднийг ийн ярилцсаар Хуа Шюй ороонгын тохойд хүртэл их бүрхэг жихүүн санагдаж, хоёр эргийн хатаж хярвайсан өвс зангуу намрын шинжийг илтгэнэ. Жя Мү голын хөвөөний саруул уудам хашаа байшинг хараад: “Энэ Шюэ авхайтны гэр мөн үү” гэж асуусанд бүгдээр “Мөөн мөн” гэцгээв. Онгоц эрэгт тулж хүмүүс буугаад чулуун шатаар өгсөхөд этгээдийн сайхан үнэр хамарт ханхална. Тэндэхийн ховор өвс ногоо, нандин ороонго сэрүүсэх тусам улам дэлгэрч, үр нь боловсроод, шүрэн буурцаг унжсан мэт үнэнхүү сайхан харагдана. Дотогш орвол чимэг зүүлт нэг ч үгүй, цасан агуй мэт бөгөөд ширээн дээр ганцхан Дин яо газрын болхи лонх нэгийг тавьж, дотор нь удвал цэцэг хэдийг хатгаснаас гадна дэвтэр бичиг, цайны тавагнаас өөр юмгүй ажээ. Орны ширээнд зөвхөн ногоон торон хөшиг өлгөөд, хөнжил дэвсгэр ч тавьсан гүй тун энгийн харагдана. Жя Мү санаа алдаж: “Энэ охин даанч номхон ажээ. Чамд засал чимгийн юм үгүй бол юунд Инянгаасаа аваагүй юм бэ. Би ч хайхарсангүй. Ухаанд ер орсонгүй. Та нар юмаа гэртээ орхиод авчраагүй нь мэдээж” гэсээр Юань Янг баахан хуучин эд авчир гэж явуулаад бас Фөн Жед уурлаж, охин дүүдээ юм өгөхгүй ярдаглах хэрэг юу байна вэ гэж хэлэв. Ван Фүрэнь, Фөн Же нар инээж: “Тэр өөрөө авдаггүй юмыг чинь яах юм бэ. Аваачаад өгөхөд хүртэл буцаагаад явуулдаг юм шүү дээ” гэсэнд Шюэ Има “Энэ охин гэртээ байхдаа ч тиймэрхүү юмаар төдий л оролддоггүй байсан байх” гэв. Жя Мү толгой сэгсэрч:
-Тэгж болохгүй. Түүнд хэдий амар боловч гэнэт ах дүү амраг садан нь хүрээд ирвэл муухай бишүү. Дахиад хэлье. Залуу охидын гэр ийм эль хуль байх бас цээртэй байдаг. Бүгд ийм байх юм бол мань мэтийн хөгшид одоо морины хашаанд суухад хүрнэ шүү. Та нар тэр, бичиг ном, ший жүжигт гарч байгаа гэгээ гэрэлтэй улсын гэрийг хар. Гайхалтай сайхан бишүү? Та нарын эгч дүү нар, тэр гэгээнтэнүүдтэй зэрэгцэж болохгүй боловч битгий тэднээс хол хоцорол доо. Бэлэн байгаа эд юмсыг юунд энд авчирч тавьдаггүй юм бэ. Цэвэр цэмцгэр, саруул сайханд төдий л дуртай биш бол дутаж байгаа юмыг нь тавьж болно. Би залуудаа, хэнээс ч илүү гэрээ засдаг байсан. Одоо бол тэр мэтийг бодохтой мантай болж дээ. Харин энэ эгч дүүс засаж сурвал сайн байна. Сайн эд юмс байж байхад, сайхан тавьж чадахгүй байхаас зовох ёстой. Харж байхад, тэд нар сайхан засаж янзлах төлөвтэй байдаг. Мөд би та нарт засаж харуулая. Лавтай цэвэр, саруул, тэгш сайхан болгож болно доо. Би хоёр зүйлийн хайртай эдээ, одоо болтол Бао Юйд үзүүлэлгүй хадгалж байгаа. Түүний нүдэнд өртсөн бол тэр өдийд хэдийн арилсан байгаа гэснээ, Юань Яныг дуудаж, чи тэр гаднах чулуун үзэмж6 болоод бяцхан торон халхавчийг бараавтар чулуун хүлийстэй аваад ир. Энэ гурвыг тэр ширээн дээр засаж тавьбал аятайхан болно. Тэр усан будгийн зурагтай цагаан дурдан хөшгийг авчирч энэ хөшгөөр сольж өг гэж хэлэв. Юань Ян инээж: “Энэ юмнууд чинь, зүүн байшинд аль авдарт нь байгаа юм бол доо. Аажуухан эрвэл олдох л байх. Маргааш л эрье” гэсэнд Жя Мү: “Маргааш, нөгөөдөр нь ч яахав, битгий л март” гэж сануулав.
Тэнд жаахан сууж, энэ тэрийг ярьж байгаад Жүй Жиньгө асрын тэнд хүрч очвол Вэнь Гуань нар тосон ирж мэндлээд: “Ямар хөгжим сонсох вэ” гэж асуусанд Жя Мү:
-Та нар хамгийн боловсронгуйгаас нь хэдийг тоглоотох гэсэнд тэд хүлээн авсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Фөн Же тэнд сайхан суудал засуулж, дээд захад хоёр ор тавиулж магнаг бүтээлэг, зөөлөн олбог дэвсэн, орны өмнө сийлбэртэй аяганы ширээ хоёрыг тавьсаны нэг нь хайтан цэцгийн хэлбэртэй, нөгөөх нь тэргүүлэгч цэцгийн хэлбэртэй ажээ. Бусад ширээнүүд нь, лянхуа, наранхуар хэлбэртэй, зарим нь дугариг, зарим нь дөрвөлжин хэлбэртэй байв. Ширээ бүр дээр хүжсийн эдлэл иж бүрэн7 жимсний багвар тавив. Дээд захын хоёр ор, дөрвөн ширээнд Жя Мү, Шюэ Има нар, дараагийн нэг түшлэгт сандалд Ван Фүрэнь, цаашлаад Лю Лаолао, Шян Юнь, Бао Чай, Дай Юй, Тань Чүнь, Ин Чүнь нар сууцгаав. Ли Вань Фөн Жегийн ширээг гурван давхар хашлага дотор хоёр давхар шаа хөшигний8 гадназасчээ. Жимсний багвар ширээ болгон дээр архийг өөрсдөө хийж уух мөнгөн сав, өнгийн цэцэгтэй паалантай хундага зэргийг тавьсан ажээ. Бүх хүнийг суудалд суусны дараа Жя Мү:
-Бид урьдаар хоёр хундага уугаад, бас нэг дүрэм гаргавал бас ч сонин болно гэв. Шюэ Има инээж:
-Лао тайтайд яриангүй архины сайн дүрэм бий. Бид яаж чадах вэ. Биднийг согтоох гэж байгаа тул бүгдээр илүү хэдэн хундага уувал барав гэсэнд Жя Мү:
-Шюэ тайтай өнөөдөр бас хэтэрхий хөнгөмсөглөх нь, намайг өтлөв гэсэн санаа байхаа гэтэл цаадах нь инээж:
-Хөнгөмсөглөх ч бишээ. Дүрмийг хэрэгжүүлж чадахгүй инээдэм болохоос л зовно гэв. Ван Фүрэнь:
-Хэлж чадахгүй бол илүү нэг хундага ууж согтоод унтана. Тэгэхэд хэн биднийг шоолох юм бэ гэсэнд Шюэ Има:
-Дүрмийг дагана. Лао тайтай нэг хундага дүрмийн архи баривал зохино гэсэнд Жя Мү инээж: “Зүйтэй” гээд нэг хундага уув. Фөн Же яаран ирж дунд нь зогсоод:
-Дүрмийг Юань Ян эгч ирж явуулбал зүгээр гэсэнд цөм: “их сайн” гэж зөвшөөрөв. Фөн Же Юань Янг хөтөлж авчирсанд Ван Фүрэнь: “Дүрмийн дотор байвал зогсох ёсгүй” гээд гэдрэг эргэж бага инж нарт хандан: “Сандал авчраад хоёр найнайгийнхаа суудлын дэргэд тавьж өг” гэв. Юань Ян ч түлхэж татсаар талархан ёслоод сандалд сууж, нэг хундага архи уугаад инээж:
-Архины дүрэм бол цэргийн ёстой адил чанга. Дээд, доодод ялгалгүй цөм миний үгийг дагах хэрэгтэй. Миний үгийг зөрчвөл дор нь торгоно гэсэнд Ван Фүрэнь нар хөхрөлдөж: “Лавтай тийм болно. Хурдан хэлэгтүн” гэв. Юань Янг юм хэлэх гэтэл Лю Лаолао суудлаас босон гараар сэжиж: “Битгий ингэж хүнийг элэг доог болгож бай. Би харилаа” гэсэнд цөм хөхрөлдөн: “Яаж болох вэ,” гэсэнд Юань Ян бяцхан инж нарт: “Авчирч суулгагтүн” гэж зандарсанд тэд ухасхийн эмгэнийг аргадан авчирч суудалд нь суулгав. Эмгэн суудалдаа суухдаа: “Намайг өршөөгөөрэй” гэж хэдэнтээ хэлж бөхөлзөв. Юань Ян: “Дахиад илүү юм яриад байвал нэг хоовон торгоно шүү” гэсэнд Лю Лаолао дуугүй болов. Юань Ян: “Одоо би гурван ясан даалууны нэр хэлнэ. Лао тайтайгаас эхэлж дараалан явсаар Лю Лаолао хүрээд зогсоно. Би энэ гурван ясан даалууг нэг нэгээр нь салгаж, урьдаар нэгдүгээрийг хэлээд дараа нь хоёрдугаарыг хэлнэ. Гурвуулыг хэлж дуусаад нийлүүлэн нэг нэр болгож хэлнэ. Үүний хариуд шүлэг дуу, оньсого таавар, зүйр цэцэн үгийг нийлүүлэхдээ утгыг авцалдуулна шүү. Тэгэхгүй бол нэг хундага торгуулна” гэсэнд бүгдээр инээлдэн: “Энэ дүрэм сайн юмаа” гэцгээв. Юань Ян:
-За анхаар! Нэгдүгээр нь “Тэнгэр” даалуу гэсэнд Жя Мү: “Дээр түмэн нүдэт тэнгэр байна” гэтэл бүгд “Сайхаан” гэцгээв. Ахиад хоёрдугаар нь “Үзэмжит үүлүү” гэтэл Жя Мү: “Үүлүү даалуу ширээний хуар, үзэм жимс сархадын дарлага” гэсэнд Юань Ян: “За гуравдугаар нь “Шивээ долоо”” гэтэл Жя Мү: “Долоон бурхан орой дээр гарвал үүр цайхаа болихуу” гэхэд нь Юань Ян энэ гурав нийлбэл “Сэгсгэр үст чөтгөр болой” гэсэнд Жя Мү: “Энэ чөтгөр очирвааний гуяыг тэвэрчээ” гэтэл бүгдээр гайхалдан хөхрөлдөв. Жя Мү нэг хундага уув. Юань Ян:
-За бас нэг гурвын нэгдэх нь “Барзан арав” гэсэнд Шюэ Има: “Аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй” гэсэнд, Юань Ян: “Хорёдох нь цэцэг арав” гэв. Шюэ Има: “Чийг хур буувал цэцэг хуар дэлгэрэхээ байна уу” гэв. Юань Ян: гуравдах нь “Дундах нь хамар долоо” гэтэл Шюэ Има: “Хэнгэрэг хэдрэг хоёр од, долооны үдэш уулзана”9 гэв. Юань Ян, энэ гурав нийлбэл, “Амраг хонгор хоёул алтан богдод зугаална” гэсэнд Шюэ Има: “Ертөнцийн хүний жаргал, хувилгаан дагинад үл хүрнэ” гэв. Хүмүүс магтан сайшааж архи балгацгаав. Юань Ян:
-За дахиад гурав. Нэгдэх нь, “Нүдний шил” гэсэнд Шиян Юнь: “Наран саран хоёр нь агаар тэнгэрийн дэнлүү” гэв. Юань Ян: хоёрдох нь “Сохор хоёр” гэсэнд Шиян Юнь: “Сул цэцэг газарт унавал дуугүй” гэв. Юань Ян: “Дундах нь улаан тав” гэтэл Шиян Юнь: “Жаварт тэнгэрийн хаяа улаан, зуудаг нохойн нүд улаан” гэв. Юань Ян: “Энэ гурав нийлбэл, есөн улаан тоор болно” гэсэнд Шиян Юнь: “Алим тоор амтатны манлай, архи дарс хурим найрын манлай” гээд нэг хундага татав. Юань Ян:
-Бас нэг гурвыг баруун талд “Чөдөр зургаа” гэсэнд Бао Чай: “Хун, галуу мэт дуугаа нийлүүлж, хулан, тахь мэт зүсээ нийлүүлнэ” гэв. Юань Ян зүүн талд: “Чөдөр зургаа” гэв. Бао Чай: “Ах дүү гурвуул, аман хүзүү зургуул” гэв. Юань Ян дунд нь “Дэгээ ес” гэсэнд Бао Чай “Жаран есөн тэнгэрээ тахивал ноён баян болохоо байх уу” гэв. Юань Ян энэ гурав нийлбэл “Төмөр гинжээр агсам хүлгийг чөдөрлөнө” гэтэл Бао Чай: “Төрсөн энэ бие минь түмэн зовлонд шанална” гээд хундагатай архийг авч ууна. Юань Ян бас нэг гурвыг зүүн талд “Тэнгэр даалуу” гэсэнд Дай Юй: “Тааламжит сайхан үдшийн цагт гачигт тэнгэр бууна” гэв. Бао Чай сонсоод эргэж харахад Дай Юй ганц торгуулахгүйг хичээн тоомжиргүй сууна. Юань Ян дунд нь хоргой халхавчид (Алаг арав) хурц өнгөлөг тусна” гэсэнд, Дай Юй: “Торгомсог цонхонд бас Хун Нян ирж мэдээлсэнгүй” гэв. Юань Ян баруун талд “Арав найм” гэсэнд Дай Юй: “Арал ихэт тэрэг нь алхаад хүрэхгүй газар, алаг гардийн зулзага нисээд хүрэхгүй газар” гэлээ. Юань Ян энэ гурав нийлбэл “Архины хундага болно” гэвэл Дай Юй: “Амтат сархадыг амсар тэгш бялхуулаад, арван хурууны үзүүрт тогтоон барьсугай” гэсээр Юань Янд хундагыг дэвшүүлэв. Юань Ян зүүн талд “Хүзүү ес” гэсэнд Ин Чүнь: “Есөн хүзүүтэй амьтан ер үгүй болой” гэсэнд бүгд хөхрөлдөж: “Таагаагүй мөртөө маргасанд торгоно” гэсэнд Ин Чүнь инээж архинаас амсаад тавив.
Фөн Же, Юань Ян хоёр Лю Лаолаогийн инээдмийг сонсох тул зориуд буруу хэлэв гэцгээв. Ван Фүрэньд хүрэхэд Юань Ян нэгийг орлуулан хэлээд дараа нь Лю Лаолаогийн ээлж гэсэнд цаадах нь: – манай хөдөөнийхэн, тайвуухан байвал хэдүүл нийлээд ийм юмыг хэлж чаднаа. Харин эд нар шиг уран сайхан хэлж чадахгүй. Яахав, би ч гэсэн оролдоод хэлж үзье гэсэнд бүгдээр хөхрөлдөн: “Амархаан. Хамаа байхав, хэл хэл” гэцгээв. Юань Ян инээж: – зүүн талын “Улаан найм нь хүн болой” гэсэнд Лю Лаолао хэсэг бодоод: “Хөдөөгийн тариачин хүн байхаа” гэв. Бүгд түрхийтэл инээд алдан хөхрөлдөв. Жя Мү: “Сайхан л хэлж байна. Энэ мэтээр хэлээд бай” гэтэл Лю эмгэн инээн: “Манай хөдөөгийн тариачин хүн юу байснаа хэвээр нь хэлнэ. Авхай, авгай нар минь, битгий шоол” гэв. Юань Ян дундах нь “гоё долоо, улаан цагаан нь ялгарна” гэсэнд Лю Лаолао: “Улаан галаар, үст хорхойг шатааж ална” гэв. Бүгдээр хөхрөлдөн “Тэр ч байх хэрэг. Чи мөн юу байдагаа тэр л хэвээр нь хэл” гэцгээв. Юань Ян баруундах “Улаан тав нь үнэхээр сайхан” гэсэнд Лю Лаолао: “Улаан лууванг давсалж идвэл бас ч амттай” гэв. Бас л хөхрөлдөв. Юань Ян инээж: “Энэ гурав нийлбэл нэг цэцэг болно” гэсэнд эмгэн хоёр гараар занган хөхрөхийг завдсанаа: “Цэцэг нь зулгараад, нэг том лянхуа үлджээ” гэв. Хүмүүс бие биеэ дууриан удаан хөхрөлдөв. Энэ зуур гадаа их үймээн шуугиан гарав. Юу болсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзэгтүн!
Тайлбар:
Рү Яогийн цэцгийн сав-Сун улсын үед Хе нань мужийн Жоу Ру газарт их ховор, үнэтэй нарийн шаазан эдлэл хийдэг байжээ. Цэцгийн сав гэж дугариг олон нүхтэй, лонх хувин мэтийн сав. Нүх бүрд нь цэцэг хатгадаг.
Ми Шян Ян-Сүн улсын алдарт зураач Ми Фэй. Шян Ян газрын хүн тул ингэж нэрлэжээ.
Янь Лү гун-Тан улсын алдарт бичээч Янь Жэнчин. Лу улсын гүн өргөмжилсөн тул Янь Лү гун гэжээ. Түүний бичиж, зурсан зүйл туйлын ховор, үнэтэй тул үүгээр энэ гэрийн засал гайхамшигтайг харуулжээ.
Хаш туурга-Хашаар сийлсэн нэг зүйлийн хөгжим. Энд ширээн дээр үзүүлэн болгон тавьсан ажээ.
Ли Ишан-Тан улсын шүлэгч Ли Шан янь.
Газрын чулуун үзэмж-Шаазан буюу чулуу сав доторх хад чулуу, ой модыг дууриалган зохиосон заслын зүйл.
Хүжисийн эдлэл нэгэн иж-Үнэртэн шатаахад хэрэглэдэг шан лу, багвар, лонх гурвыг хүжийн иж бүрэн эдлэл гэдэг юм.
Халуун газар ялаа шумуулаас сэргийлсэн торон бүрхүүлийг ширээн дээр дөрвөлжлөн өлгөнө.
Хятад ардын эртний домог-Нэг үхэрчин хүү, тэнгэрийн дагинуудыг нуурт биеэ угааж байхад очоод, нэгийнх нь дээлийг авсанд дээлийн эзэн дагина буцаж чадсангүй. Тэгээд үхэрчин хүүтэй сууж нэг хүү төрүүлжээ. Сүүлд дагины эх ирж охиноо авчээ. Үхэрчин хойноос нь нэхсэнд эх үсний хатгуураараа нэг зурсанд замд нь гол ус бий болж тэгээд уулзаж чадсангүй. Тэр хоёр жилд ганц долоон сарын 7-ны өдөр л уулзах болзоо тогтоож. Тэр өдөр нь олон шаазгай гүүр болж өгч уулзуулдаг. Тэр хоёрыг тэнгэрийн оёдлын хоёр талд байгаа хэнгэрэг од, хэдрэг од гэдэг домогтой ажээ.
Холбоотой мэдээ