Монголын сагсан бөмбөгийн холбооны (MBA) 19 дэх удаагийн Дээд лигийн тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд нээлтээ хийнэ. Энэ удаагийн лигийн тэмцээнд “Танан гарьд”, “АВТ Төв ургац”, “Хан-Уул Хангарьд”, “Хасын хүлэгүүд” болон “Этүгэн ирвэсүүд” гэсэн таван баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Лигийн тоглолтууд даваа, лхагва, баасан гаригуудад 18.00 цагаас Спортын төв ордонд болох юм байна.
MBA Дээд лигийн тэмцээний нээлтийн тоглолт "Танан гарьд", "Хасын хүлэгүүд" багуудын тоглолтоор эхлэхээр болжээ.
Сагсан бөмбөгийн холбооны Дээд лиг эхэлж байгаатай холбогдуулан дараах тодруулгыг авлаа.
С.Бямбажав (Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга)
-Манай холбоо 1962 онд байгуулагдсан. Өнгөрсөн жил 55 жилийн ойгоо өндөр түвшинд тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жилийн Дээд лигт таван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн. Баг нэмэгдэх боломжтой. Лигийн тоглолтын журмаар багт гурван ленионер тоглогч байж болно. Талбай дээр хоёр легионер тоглогч гарч тоглоно гэж заасан байгаа. Бүх багийн лидер тоглогчид болон шигшээ багийн тамирчид багтсан. Зарим баг легионер тоглогчдоо авчирсан. “Төв ургац” багийн легионер тоглогч нээлтийн тоглолтод оролцоход бэлэн гэсэн мэдээллийг өгсөн. Бусад багууд эхний тойрогтоо багтаад легионер тамирчдаа авчрах байх. Өнгөрсөн жил орон нутгийн багууд оролцож байсантай холбогдуулан аймагт очиж тоглож байсан. Энэ жил Спортын төв ордонд тэмцээнүүд үргэлжилнэ.
Дээд лигийн тэмцээний мэдээллийг MBA ДЭЭД ЛИГ фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэх юм байна.
Ч.БОЛОР