Пёнчан-2018 өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд ердөө 7 хоногийн хугацаа үлдлээ. XXIII өвлийн наадамд Монгол улсын гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөх бөгөөд баг тамирчдыг үдэх арга хэмжээ өчигдөр /2018.02.01/ БСШУСЯ-нд болсон юм. Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын багийн төлөөлөгч, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэнтэй ярилцлаа. Монголын баг тамирчид хоёрдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ыг зорино.
-Монголын цанын холбоо Сочи-2014 наадмаас хойш энэ олимп хүртэл хэдэн эрх авах төлөвлөгөө тавьсан байсан бэ? Тамирчдын тоо нэмэгдэх боломж байсан уу?
-Манай холбооны зүгээс Пёнчан-2018 өвлийн наадамд А зэрэглэлийн тэмцээнээс эрхээ авах зорилт тавин ажилласан. Хоёр ба түүнээс дээш тамирчин эрх авах зорилготой байлаа. Урьд нь В зэрэглэлээс дөнгөж эрхээ авдаг байсан бол одоо А зэрэглэлээс эрх авах хэмжээнд хүрч байгаа нь нэг амжилт юм. Тиймээс дараагийн олимпийн наадамд хамгийн багадаа дөрвөн тамирчин оролцуулах боломж бидэнд байна гэж үзэж байгаа.
-Энэ удаагийн Монголын баг бүрэлдэхүүний талаар та нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
-Х.Хаш-Эрдэнэ хоёр удаа олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан бол энэ удаа дасгалжуулагчаар оролцох гэж байна. Анх удаа олимпийн наадамд уралдах Б.Ачбадрах ДАШТ-д хоёр удаа оролцож, В зэрэглэлд хүрэл медаль хүртсэн. Манай эмэгтэй тамирчин болох Ч.Отгонцэцэг Сочи-2014 наадамд оролцож байсан учраас туршлагатай. Тиймээс энэ удаагийн баг тамирчдад туршлага дутна гэсэн асуудал байхгүй. Ванкувер-2010, Сочи-2014 наадамд эзэлсэн байраа урагшлуулж, цагийн амжилтыг ахиулах (нягтаршуулах) зорилготой байгаа.
-Цаначид холын зайн төрөлд уралдана. Цаашид энэ зай дээр түлхүү анхаарах уу?
-Ер нь 1964 оноос өнөөдрийг хүртэл уралдаж эхэлсэн Монголын цаначдын зай бол эрэгтэй 15, эмэгтэй 10 км байдаг. Дунд нь эмэгтэй 5 км-т уралдсан цөөн тохиолдол бий. Эргээд харьцуулахад бид 5, 10 км-т амжилт гарсан эсэх дээр анхаарах хэрэгтэй. Мэдээж амжилт гаргахад хэцүү зайг сонгох нь дэмий. Тиймээс дараагийн олимпод ойрын зай болон бусад зайд оролцоно.
-Та олимпийн наадамд хоёр удаа оролцохдоо Ванкурвер-2010 наадамд тугчаар сонгогдсон. Олимпийн түүх болсон тэр үеийг эргээд дурсахгүй юу?
-Би өөрөө олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан тамирчны хувьд наадам дөхөөд ирэхээр сэтгэл их хөөрнө. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би тамирчин байсан гэж баярлахаас илүүтэй уралдах гэж байгаа тамирчдынхаа амжилтыг ахиулахын төлөө ул суурьтай хандах ёстой. Магадгүй сүүлийн жилүүдэд ширээний ард суухдаа тамирчдынхаа амжилтад юу чухал вэ гэдгийг арай өөр өнцгөөс харж, сайжруулахын төлөө ажиллалаа.
-Манай өсвөрийн тамирчид Швейцарь улсад хамтарсан бэлтгэл хийлээ. Францад болсон тэмцээнд холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртлээ шүү дээ?
–Өнгөрөгч нэгдүгээр сард гүйлтийн цанын өсвөрийн 15 тамирчин, хоёр дасгалжуулагч болон орчуулагчийн хамтаар Швейцарь улсад 18 хоногийн бэлтгэлд хамрагдсан. “Laussane 2020” залуучуудын III өвлийн олимпийн наадам зохион байгуулагдах хүрээнд бэлтгэгдэж буй төслийн ажил байсан. Энэ багт Увс, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан гэх мэт бүхий л аймгаас өсвөрийн тамирчид хамрагдаж чадлаа. Тамирчид Швейцарьт хамтарсан бэлтгэл хийснийхээ дараа Францад насны ангиллынхаа тэмцээнд оролцлоо. Олон улсын хамтарсан багийн энэ төсөл гурван жил буюу 2020 он хүртэл үргэлжилнэ. Францад болсон тэмцээнд баг тамирчид амжилттай оролцож, ойрын зайн спринт уралдааны холимог багийн төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртсэн. Энэ багт Завхан аймгийн өсвөрийн цаначин Б.Ойгонзаяа, Хэнтий аймгийн өсвөрийн цаначин М.Бямбаа нар багтсан байгаа. Бусад хүүхдүүд ч өөрсдийн хувийн амжилтаа ахиулсан.
-Олон улсын төсөлд хамрагдсан хүүхдүүд орон нутаг руу тэмцээнд явсан гэсэн. Тэднийг дотоодын тэмцээн хүлээж байгааг дууллаа?
-Хүүхдүүд маань өнгөрөгч лхагва гаригт эх орондоо ирээд, Булган аймгийн Тэшиг сум руу явсан. Тэнд баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно. Манай тэмцээнүүд амралтын өдөр бүр аймгуудад ээлжлэн болсоор байна. Өвлийн улирлыг урт гэдэг боловч цастай үе бага байдаг. Тэгэхээр бид 1-3 сард тэмцээн, уралдаанаа зохион байгуулж байна. Ирэх амралтын өдөр Булганд тэмцээн болох бол дараагийн долоо хоногт Хөвсгөл аймагт болно. Ингээд тэмцээнээс тэмцээний хооронд явна даа.
-Бээжин-2022 өвлийн наадмыг та бүхэн хэрхэн харж байна вэ?
–Бидэнд дөрвөн жилийн дараа болох өвлийн олимпиос илүүтэй хоёр жилийн дараа болох залуучуудын өвлийн олимп чухал байна. Laussane-2020 наадамд Монголын баг оролцох учраас эндээс бид дараагийн алхам, өнгийг харна. Өмнө нь залуучуудын олимпод нэг тамирчин явдаг байсан бол энэ удаа хэдэн тамирчин явж, ямар амжилтыг үзүүлэхээс дараагийн төлөвлөгөө яригдаж эхэлнэ.
Ч.БОЛОР, Н.ЭНХБАТ
Холбоотой мэдээ