“Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч бүсгүй, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа” киноны алаг нүдэн, “Газарчин” киноны индиан эмэгтэйн дүр таны сэтгэлд хоногшин үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Уншигч та түүний тоглосон цөөн хэдэн дүрээс дурьдахад л “Мартагдашгүй танил” булангийн зочин хэн болохыг таньсан байх. Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг урин ярилцлаа. Түүний залуу насыг мөнхөлсөн олон сайхан дэлгэцийн уран бүтээлийнх нь тухай мартагдашгүй дурсамжаас хамтдаа хуваалцъя.
– орчуулагч –
-Би олны л жишгээр өссөн, хотын жирийн сэхээтэн айлын охин. Аавын маань ах Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат гэж “Арав дахь хавраа үдье”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Миний ардын сэтгэл цагаан” зэрэг олон сайхан дуу зохиосон хүн байсан. Ах маань аавын талын ганц урлагийн хүн нь. Харин ээж залуу байхдаа Драмын театрт жүжигчин байсан. Гэхдээ олон хүүхэд төрүүлж, асарсан учраас театрынхаа ажлаас эрт хөндийрч, гарсан юм билээ. Би нэгдүгээр ангийнхаа шинэ жилээр цасан охин болж байснаа их тод санадаг юм. Аав гоё хувцас оёж өгөөд л. Ер нь манай аавын талынхан их уран хүмүүс байсан.
Тухайн үед 10 жилийн сургуулиа төгсөж, хуваарь авдаг байлаа. Тэгсэн ангийн багш маань “Ц.Төмөрбаатар Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг авах гэж байгаа. Чи сургуулиас тодорхойлолт аваад, цуг орооч” гэлээ. Би “Пээ Цогт тайжид тоглосон хүний хүүхэдтэй би зэрэгцэж очино гэдэг юу гэсэн үг вэ? Ц.Төмөрбаатар авьяастай юм чинь жүжигчин болно. Би ч ёстой дэмжлэг байхгүй хүн” гэх зэргээр бодож байлаа. Гэхдээ санаа нь бол дотроо жигтэйхэн дуртай байдаг. Сургуулиа төгсдөг жил дүнгээр жагсаах болоход багш маань “Гэрээсээ хүн дууд” л гэж байна. Нагац ахыгаа жижүүрийн утсаар дуудлаа. Яг хуваарь сонгох болоход миний урдхан гадаадын хуваарь дуусчихдаг юм байна. Тэгсэн багш нар “Энэ жил Монгол Улсын их сургуульд орчуулагчийн ангийн шинэ хуваарь ирсэн” гэсэн чинь нагац ах шууд л “Энэ хуваарийг авлаа” гээд л сонгочихож билээ. Авга ах маань намайг бүр шанз хөгжимчин болгох шахсан. Би өөрөө дургүй, сонирхолгүй учраас шанзчин болж чадаагүй.
– Их бүрдийн домог –
-Ингээд МУИС-ийн орчуулагчийн ангийн нэгдүгээр курст орлоо. Баахан орос багш нар лекц уншина. Анх оюутан болоод сонссоноороо бүх үгнүүдээ залгуулж бичсээр байгаад хавартай золгосон. Нэг өдөр хичээл тарах үеэр сургуулийн үүдэнд гадуур хувцсаа авахаар зогсож байлаа. Тэгсэн чинь сургуулийн гол хаалгаар Гавьяат жүжигчин М.Бадамгарав гуай инээд алдаад, толгой хаялаад л ороод ирсэн. Түүнийг дагаад “Сэлэм Тогмид” буюу Ц.Цэрэндорж гуай бас нэг хүнтэй явж байсан. Тэд нар орж ирүүтээ л ийш тийш оюутнууд руу их анхааралтай харж байв. М.Бадамгарав гуай бид нар руу дөхөж ирээд “За хүүхдүүдээ сайн байцгаана уу? Юуны анги билээ” гээд л хэзээний танил хүн шиг ярьж байснаа “Чамайг хэн гэдэг вэ. ‘Монгол кино’ үйлдвэр дээр очоорой. Нэг киноны сорил авна” гэлээ. Би чинь ухаан алдах шахаад нэр, усаа нэг юм хэлж өгч, гэрийн утсаа бичүүлсэн. “Хэзээ над руу залгах бол” гэж хэд хоног хүлээлээ. Нэг өдөр хичээлээсээ ирсэн чинь ээж “Монгол кино” үйлдвэрээс чамайг дуудсан гэдэг юм байна. Тэр орой нь бараг нойргүй шахам хонож, догдолсон байх. Маргааш өглөө нь автобусанд суугаад “Ах аа намайг яг “Монгол кино” үйлдвэрийн автобусны буудал дээр буулгаарай” гээд л жолоочид байн байн захиад, замаас харц салгахгүй явсан санагдана. Тэгэхэд нээх сайхан, хаврын дулаахан өдөр байсан. Би тухайн үеийн сэтгэгдэл, мэдрэмжээ ерөөсөө мартдаггүй юм. Одоо ингээд бодоход насан турш минь ивээх тэр сайхан газар руу зориод явж байжээ.
“Монгол кино” үйлдвэрт очиход 40 гаруй сайхан бүсгүйчүүд “Их бүрдийн домог” киноны Нарангаравуугийн дүрд шалгуулахаар ирсэн байв. Би хамгийн жаахан нь буюу 18 настай нь байсан. Бусад бүсгүйчүүд бүжигчин, дуучин, нүүрээ гоё будчихсан, гоё хувцастай, ганган гэж жигтэйхэн. “Их бүрдийн домог” киноны нэг хэсэгт миний нүцгэн усанд орж байгаа хэсэг байдаг. Тэр үед хэрвээ нүцгэн зураг кинонд орсон бол Монголын уран сайхны кинонд хамгийн анхны нүцгэн гарсан хүн нь болох байсан байх шүү. Би чинь дөнгөж 18 нас хүрч байсан учраас оюутнууд шоолно шүү дээ. Тэрийг бодолцоод дан дээлтэйгээр, нүцгэнээр хоёр хувилбараар авсан. Эхлээд нүцгэн зургийг нь авахад трико өмсүүлж, урт үс залгаж, биеийг маань хаалаа. Их гоё цөөрөм шиг тогтсон хөлгүй бүрдэд наагуур нь манайхан зөндөө олон зэгс суулгачихсан. Тэгээд найруулагч маань “Тааваараа байгальд өөрийнхөөрөө гүй” гээд л. Ж.Бунтар гуай цөсний хагалгаанд ороод удаагүй байж “Ингэж гүй” гэж байгаад бүдрээд уначихлаа. Тэгсэн би сандраад тэр чигээрээ гүйчихсэн. Олон жилийн дараа Ж.Бунтар найруулагч ярихдаа “Энэ ёстой бааштай шүү. Намайг гүйгээд уначихсан чинь тэр дороо зүгээр гүйчихэж байгаа юм даа” гэж байсан сан. Тэр үед их ичимхий, даруу, ёс суртахуунтай байлаа шүү дээ. Өмнө нь хэний ч хийж байгаагүй нүцгэн зураг авалтыг 18 настай бүсгүй гүйцэтгэнэ гэдэг бараг цаазын тавцан байхгүй юу.
– захиа –
-Тэр үеийн залуус захидал их бичдэг байлаа. Одоо бол залуус интернэт, утасны мессежээр сэтгэлээ илчилдэг болжээ. Захиа их ирнэ ээ. Монгол Улсын их сургуулийн орчуулагчийн ангийн шүүгээнд багтахгүй олон захиа ирж байсан. Шүүгээний дээд талд нь хүртэл тавьчихдаг байсан. “Суварган цэнхэр уулс” кинонд тоглосны дараа тэр олон захиа ирдэг болсон байх. Цэргийн ангиудаас ч юм уу. Хоёулаа танилцъя гэдэг үгийг шууд бичихгүй шүү дээ. Тийм даруухан байсан. Зүгээр л “Сайн уу? Чиний хичээл сайн уу. Гоё кино гарсан байна лээ” гэсэн л чин сэтгэлийн сайхан үгтэй захианууд байдаг байсан.
Би 10 жилийн сургууль, дараа нь дээд сургуулиа төгсөн төгстлөө хүнтэй үерхэж үзээгүй. Манай ангид хөвгүүдтэй үерхэж үзээгүй гурван хүүхэд байсан. Хожмоо ангийнхан маань тоглоод “Хамгийн хоцрогдолтой улсууд нь. Ер нь хүн тоож эргүүлж байсан юм уу, та нарыг” гэж шоглож суудаг юм.
Манай ээж, аав хоёрыг хүмүүс их сайхан хос гэж ярьдаг байсан гэнэ лээ. Би ээжийнхээ нүдийг дуурайсан. Миний гаднах төрх, ааш араншин бол харин яг аав. Би нөхөртөө их хэнэггүй гэж шүүмжлүүлдэг байсан. Аав маань аливаа юманд сэтгэлээсээ ханддаг, гарын уртай, аялах дуртай сайхан хүн байлаа. Харин ээж их хатуу хүн байсан. Ээж маань Монголын анхны “Шинэ жил” гэдэг кинонд тоглосон байдаг юм.
– газарчин –
-Миний хувьд “Монгол кино” үйлдвэрийн бүх найруулагчидтай хамтарч ажиллаж, үзсэн юм билээ. Манай үйлдвэр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Жигжид тэргүүтэй киноны алдартай 10 гаруй найруулагчтай байсан. Тэр дундаа Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар найруулагчтайгаа нэлээд хэдэн кинонд хамтарч ажилласан. “Газарчин” уран сайхны кино бол Монгол, Германы хамтарсан хоёр дахь кино. Эхнийх нь “Алтан Өргөө” кино байсан. Тэр кинонд Ж.Бунтар найруулагч гуай “Батцэцэг ээ, чамайг пробонд оруулна. Чи энэ кинонд тоглохгүй. Яагаад гэвэл чи хотын пүнтүүз шиг охин. Би С.Сарантуяаг тоглуулах бодолтой байгаа” гэсэн. Найруулагч Ж.Бунтар гуай жүжигчидтэйгээ их дотно сайхан хүн байсан. Би ч тоглохгүй зүгээр сэтгэлээсээ киноных нь пробонд ороод л явсан. Тэгсэн нэг өдөр баахан хүмүүс “Монгол кино” үйлдвэрт ирж, намайг сураглалаа. Би тэр өдөр яагаад ч юм гангалмаар санагдаад, гоё засалттай парик зүүчихсэн байсан чинь герман хүүхдүүд дуу алдаад л, амаа дараад уналаа. Тэгсэн чинь намайг индиан хүүхний дүрд тоглуулахаар болсон байсан. Жүжигчин С.Сарантуяа маань хүүхэд төрүүлээд удаагүй байсан учраас намайг сонгохоор болсон юм билээ.
Би шууд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах цэргийн морин сургууль руу герман морь сургагч, орчуулагчтай очлоо. Өдөртөө уул даваад л, морь унаж, давхисаар хоёр сар болсон шүү. Бүр зайдан моринд үсэрч мордохыг хүртэл заасан. Тэр үед би морь үнэхээр сайн унаж сурсан. Сүүлдээ бүр морин дэл дээр хийсч явах нь жаргал юм шиг санагддаг байсан. Даанч тэр кинонд тэгж сайхан давхиж байхыг минь оруулаагүй. Дараагаар нь “Хааны сүүлчийн хатан” кинонд морь унаж давхидаг хэсгийн зураг авахад морин дээр сайн давхиж чадахгүй болсон байна лээ. Миний хувьд дэлхийн хэмжээний уран бүтээлч Югославын од Гойко Митичтэйгээ их дотно найзууд болсон. Гойко маань одоо 70 гаруй настай, амьд сэрүүн байдаг. Энэ кино зураг авалтын үеэр нэгэн герман залуу надад гэрлэх санал тавьж байлаа. Би сандарсандаа найруулагч, кино группийнхэндээ хэлж, сүйд болоод. Найруулагч Ж.Бунтар маань зөвөөр хэлж ойлгуулж байж би тайвширч байлаа. Хөгжилтэй зүйл их гарна аа.
– суварган цэнхэр уулс –
-“Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт хоёр жил дараалан хийгдсэн юм. 1976 онд бараг хоёр, гурван сар хилийн заставаар явж, зураг авсан. Яагаад ч юм Буйр нуурын эрэг дээр миний усанд ордог хэсгийг арваннэгдүгээр сард авахаар болсон. Нэг өглөө босоод иртэл нэвсийсэн цас орчихсон байсан. Манайхан шүүрдэж, цас ороогүй юм шиг болгоод, зэгс хатган зургаа авахууллаа. Би усны хувцастайгаа зогсож байсан чинь нэг нь дурангийн таганд хийсэн юм авчирч өгөөд “Уучих” гэлээ. Зургийн талбай дээр юу хийхийг уран бүтээлчид л мэддэг юм чинь “За” гээд л уучихлаа. Гэтэл тэрнээс хойш юу болсон юм бүү мэд. Нэг мэдсэн гэртээ ирчихсэн, унтаж байна. Уран бүтээлчдээсээ асуусан чинь “Чи согтоод зургаа авч чадаагүй” гэдэг байгаа. Дааруулахгүй гээд багахан архи өгсөн чинь би тийм байдалд орсон юм билээ. Тэгээд дараа жил нь тэр хэсгийн зураг авалтыг дахиж авахаас өөр аргагүй болсон.
Тэр үед улсын төсвөөр жилдээ долоон кино хийдэг байж. Тэгэхдээ тухайн киног найруулах найруулагч, тоглох жүжигчдийг маш өндөр шалгуураар шалгаж байж, тоглуулдаг байлаа. Миний хувьд “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна” киноны зохиол авч, тоглож байсан юм. Надад Г.Жигжидсүрэн найруулагч “Суварган цэнхэр уулс” киноны зохиолыг өгөхдөө “Батушка чи энэ кинонд тоглохдоо Цэнд дэслэгч, Солонго сурвалжлагч хоёрын харьцааг голчилж, тоглоорой” гэж оросоор бичсэн байсан. Зохиол дээрээ ажиллахыг мэдэхгүй мөртлөө нээх их уншиж, тоглож байлаа. Энэ кино нь сурвалжлагч Солонгын нүдээр хилийн заставын амьдралыг харуулсан шүү дээ. Найруулагчийн бодож дүрсэлсэн тэр хун, байгалийн үзэсгэлэн, хилийн цэргийн өвөрмөц төрх, киноны хөгжим, дуу гээд ёстой сайхан уран бүтээлийн тохироо нь бүрдсэн кино. Тэгэхэд би 20 настай байлаа.
– эсрэг дүр –
-Кино жүжигчний мэргэжлээр сурч байгаагүй надад 18 настайгаас эхлэн олон киноны гол дүрийн санал цуварч орж ирсэн нь ховор боломж. Жүжигчин хүн бүр киноны гол дүрд тоглоод байх нь ч ховор завшаан. Тэр бол найруулагчдын надад үзүүлж буй том итгэл. Би найруулагч нартаа эсрэг дүрд тоглоё гэж хэлж үзсэн. “Чи наад нүдээ сайн толинд хар даа’ гэдэг үгийг тэд хэлдэг.
– заяаны хань –
-Тэр үед 1985 он байсан байх. Монгол, Зөвлөлтийн циркийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиосон юм. Тухайн үед Машка /Найруулагч О.Машбат, түүний нөхөр/ Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгсч байлаа. Орос талын найруулагч найз нь байсан. Москвад бүх бэлтгэлийг нь хийж, Соёлын яамаараа дамжуулан Машкатай хамтран ажиллах хүсэлтийг тавьсан юм билээ. Оросын талаас өөрсдийн гавьяат хөтлөгчийг өгнө. Танайх нэг эмэгтэй хөтлөгч гарга гэжээ. Циркийн хамт олонтойгоо зөвлөлдөөд таван эмэгтэйн нэр гаргахад нь би багтчихсан юм байна. Намайг нэг өдөр дуудлаа. Очтол жигтэйхэн том ширээний цаана жижиг биетэй нэг залуу сууж байна. Байж байгаа төрх нь их догь. Яагаад ч юм надтай нэг л тулгангуй өнгө аясаар ярихаар нь “Би циркэд ажиллахгүй” гэдгээ шууд хэлчихлээ. Тэгсэн “Энийг чи шийдэхгүй, яамнаас шийднэ” гээд үлдсэн юм. Ингээд удалгүй кино үйлдвэрээсээ “Соёлын яамнаас чамайг цалинтай чинь цирк руу шилжүүлчихсэн. Тэр ойн арга хэмжээг нь дуусгаж байж ир” гэсэн даалгавар өгдөг юм байна. Би ч нэг хэсэг гүрийж байгаад аргагүйн эрхэнд очлоо. Сүүлдээ эвлэрч, Оросын нутгаар жил орчим хугацаанд аялан тоглолт хийсэн. Аялан тоглолтыг ЗХУ-ын алдарт жүжигчин Юрий Владимирович Никулин ирж үзээд л, намайг танилцуулж байлаа. Яваандаа нөгөө монгол залуугаараа бахархаж, тийм сайхан боловсрол эзэмшээд, сайхан уран бүтээл хийж байгааг нь хараад сайхан санагддаг боллоо. Ингэж явсаар бид хоёр дотносож, гэр бүл болсон доо.
– хөвгүүд –
-Би одоохондоо эмээ болоогүй л байна. Одоогийн хүүхдүүд зорьсон ажлаа амжуулж, эхнэр, хүүхдээ тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг боддог болж. Бидний үед ч эсрэгээрээ аав, ээжтэйгээ хамт амьдраад л тусдаа гардаг байлаа шүү дээ. Том хүү М.Бишрэл Чикагогийн их сургуулийг төгссөн. Бага хүү М.Ивээл Колумбийн их сургуулийн кино найруулагчийн анги төгссөн. Одоо хоёр хүү маань АНУ-д амьдарч байгаа. Нэг нь кино зохиол бичнэ, нөгөө нь богино хэмжээний кино хийж байна. Хүүхдүүд маань ирээдүйн их гараагаа эхлүүлэх гээд бэлтгээд л байна гэж боддог. Гэр бүлээрээ эрхэлдэг “Монголжин” кино студийнхээ ажилд ханийгаа өнгөрснөөс хойш ойртож чадахгүй байгаа. Хэдийгээр би захирал нь гэж явдаг байсан ч хамаг гол ажлыг манай хүн нугалж байсан юм. Хань маань байнга л уран бүтээлийн санаагаар асч, дүрэлзэж явдаг уран бүтээлч байлаа. Хүүхдүүд маань “Ээжээ та өөрийнхөө дуртай юмыг хийгээд, нутагтаа сайхан байх нь зөв’ гэж хэлдэг юм. Түүнээс биш хүүхдүүд дээрээ хааяа очмоор, хамт амьдармаар санагддаг л юм. Гэхдээ Монголдоо байх нь миний сэтгэлд сайхан байдаг.
Бага хүү М.Ивээлтэйгээ “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд тоглосныхоо дараа “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” кинонуудад бас дүр бүтээсэн. Цаашдаа хоёр хүү маань киноны уран бүтээлчид учраас хөвгүүдтэйгээ хамтрарч уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Миний хувьд тийм боломж гарвал сайхан л байна.
– шинэ ном –
-“Монгол кино” үйлдвэрээс Дандарбаатарын тухай уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа. Хэрвээ энэ киног энэ жил хийхээр болбол би ажиллах байх. Сүүлийн үеийн уран бүтээлчдээс маань кинонд тоглох санал ирдэг. Магадгүй би ийм тохиолдолд хуучны шаардлага тавиад байдаг байх. Зарим хүмүүс бүр зохиолгүй, хоёр хуудас барьчихсан ирэх нь бий. Тийм учраас олон саналаас татгалзсан.
Харин сүүлийн үед цаг зав гаргаж жүжигчин болох хүсэлтэй хүүхэд, залууст зориулан “Жүжигчин ба би” нэртэй гурван цуврал ном бичсэн. Эхнийхийг нь хэвлүүлчихсэн байгаа. Кино урлагийн дээд сургуульдаа багшилж байна. Одоо удирдаж байгаа ангиа төгсгөөд, багшлах ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй л байна. Номон дээрээ ажиллах цаг мөн хэрэгтэй болж байна.
Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таньд Ардын жүжигчин болох ерөөл тавья.
Холбоотой мэдээ