Таван тивийн 88 улсад салбартай алдарт Hilton зочид буудал 93 жилийн түүхэнд 610 мянган өрөөг зочдынхоо өмнө нээжээ. Тэгвэл гарааны бизнес /Цахиур хагалах бизнес/-ээр анхлан үйл ажиллагаагаа эхэлсэн Airbnb аялал жуулчлалын сүлжээ нь үүсгэн байгуулагдаад 4 жилийн нүүр үзсэн ч дэлхийн 192 оронд салбар байгуулж, 650 мянган өрөөнд зочдоо хүлээн авч, тэр хэмжээгээрээ орлого ашгаараа Хилтон зочид буудлыг давж байгаа нь дэлхийн нийтийг амжилтаараа гайхшируулж байна.
Оновчтой шийдэл, шинэ санааг түгээн дэлгэрүүлж ажиллах гэсэн ч санхүүгийн нөхцөл байдлаас хамааран ажил хэрэг болгож чадахгүй тохиолдол нийгэмд элбэг байгаа. Тэгвэл эдгээр шинэ санааг амьдрал дээр ажил хэрэг болгох, залуучуудын амьдралын түвшинг нэмэгдүүлэх, “Үндэсний брэнд” бий болгохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэг, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 15-34 насны залуусын дунд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, үнэлгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр /2018.02.01/ зохион байгуулсан юм.
Бизнес эрхлэх зорилго өвөрлөсөн 15-34 насны залуус хамрагдаж буй тус сургалтын нээлтэд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгжийн захирал Т.Энхтуяа нар оролцож, залууст амжилт хүслээ.
“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, үнэлгээ” сургалтын зорилго нь:
Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч мэдлэг, мэдээлэл өгөх
Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах
Шилдэг бизнес санаануудыг шалгаруулах, шилдэг бизнес эрхлэгч шалгаруулах, шагнал урамшуулал буюу дэмжлэг үзүүлэх, санхүүжилт олгох юм.
Хан-Уул дүүргийн хувьд 169,5 мянган хүн амтай, үүнээс 15-34 насны 55043 залуучууд бий гэсэн статистик мэдээлэл байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 1828 байгаа бөгөөд үүнээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54,9 хувь нь 15-34 насны залуучууд байна. Эдгээр залуучуудын амьжиргааг дэмжих, цаашид өрсөлдөх чадвартай, үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах бизнес эрхлэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн удирдлагууд болон төрөөс анхаарч ажиллахаар ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг 2018 онд хороо бүрт гарааны бизнесийг дэмжих бүлэг байгуулах, дүүрэг дэх хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, бизнесийн хөгжлийг дэмжих байгууллага, зөвлөхүүдийн оролцоо, хамтын ажиллагааг гарааны бизнесийг дэмжихэд чиглүүлж ажиллах юм.
Эх сурвалж: ХУД