Хойд Солонгост шатахууны хориг тавих нь дайн зарласантай адил гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост шатахууны хориг тавих нь дайн зарласантай адил гэв

Хойд Солонгост шатахууны хориг тавих нь дайн зарласантай адил  гэв

Пхеньянд суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегора Хойд Солонгосын шатахуун, нефтийн бүтээгдэхүүний импортыг бүр мөсөн зогсоох нь дайн зарласантай адил гэжээ. Хойд Солонгосын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрт саад учруулж, пуужингийн туршилтуудыг зогсоох зорилгоор НҮБ болон АНУ дахин шат дараалсан эдийн засгийн хориг арга хэмжээ авсны нэг нь шатахуун, нефтийн импортод тавьсан хориг юм.

Хятадаас Хойд Солонгост жилд 540,000 тонн түүхий нефтийн экспортлох, ОХУ болон бусад улсаас жилд 60,000 тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх квотыг НҮБ гаргажээ. ОХУ-ын элчин сайд Хойд Солонгосын нефть, шатахууны импортод хориг тавьсан нь тус улсад хүмүүнлэгийн хямрал бий болгохоос гадна Пхеньянд дайн зарласантай адил аюултай алхам хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Хойд Солонгосын газрын тосны яам болон бусад яам, газруудын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Конгресст анх удаа хэлсэн үгэндээ АНУ болон холбоотон орнуудад аюул заналхийлж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд Пхеньянд шахалт үзүүлэх нь зүйтэй хэмээн дурдсан. Хойд Солонгос АНУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан юм. Мөн ОХУ-ын гадаад харилцааны дэд сайд Игорь Моргулов хэлэхдээ АНУ-ын тавьсан хориг арга хэмжээг ОХУ заавал мөрдөж, хэрэгжүүлэх шаардлагагүй гэжээ. Харин АНУ-ын шинжээчид тагнуулын мэдээлэлд үндэслэн  Хойд Солонгос хүрэн нүүрсээ ОХУ-аар дамжуулан БНСУ болон Япон руу экспортолж байгаа нь НҮБ-ын хоригийг зөрчиж байна гэж үзэж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж