Өмнөд Солонгосын өөртөө засах муж Чежү аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого баримталж, аялал жуулчлалын чөлөөт бүс байсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль бусаар амьдарч, ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон байна.
БНСУ-ын Хууль зүйн сайдын мэдэгдсэнээр Чежүд хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийн тоо 10 мянган дөхсөн нь сүүлийн таван жилд 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Чежү болон Гванжү мужийн цагаачлал болон хөдөлмөрийн албаны хүмүүсийн уулзалтын үеэр дээрх тоо баримтыг танилцуулсан байна. Бичиг баримтгүй гадаадын иргэд, хууль бус хөдөлмөр эрхлэлтийн асуудал сүүлийн үед хурцаар яригдах болсон тул мэдээлэл солилцох үүднээс албаны хүмүүсийг хамарсан уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Хууль зүйн яамны Чежү дахь хэлтсээс тус мужид гадаадын 9846 иргэн хууль бусаар амьдарч байгаа гэх мэдээлэл өгсөн байна. Гэтэл таван жилийн өмнө 992 байжээ. Тэдний дийлэнх нь 30 хоногийн хугацаанд визгүй зорчих нөхцөлөөр Чежүд ирсэн байна.
Чежү мужийн захиргаанаас Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудаас жуулчид татах зорилгоор 2002 онд аялал жуулчлалын чөлөөт бүс болгон зарласан юм. Гэтэл боломжийн цалинтай ажил хийх гэсэн ядуу буурай орны иргэд ихээр очих болжээ. Тиймээс мужийн захиргаанаас гадаадын иргэн хүлээж авах бодлогоо чангатгаж, гадаадын иргэд голдуу ажилладаг барилга болон бусад салбар дахь ажиллах хүчний асуудлыг сайтар хянах шийдэлд хүрсэн байна.
Өнгөрсөн жил гэхэд л мужийн захиргаанаас 334 газарт хууль бусаар ажил эрхэлж байсан гадаадын 1445 иргэнийг илрүүлжээ. Мөн гадаадын 3508 иргэнийг албадан гаргасан байна.
С.ЦЭЛМЭГ