Еврейчүүдийг устгасан хэрэгт Польшийг буруутгахыг хуулиар хориглов

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Еврейчүүдийг устгасан хэрэгт Польшийг буруутгахыг хуулиар хориглов

Еврейчүүдийг устгасан хэрэгт Польшийг буруутгахыг хуулиар хориглов

Польшийн парламентын дээд танхим болох Сенатын гишүүд ихээхэн маргаан дагуулсан Холокостын тухай хуулийг хэлэлцэж, дэмжсэн байна. Хуулийн төсөлд холокост буюу фашистууд еврейчүүдийг хоморголон устгасан харгислалд Польш улсыг хамаатуулан буруушаахыг хориглохоор заажээ.

Мөн Польшийн нутаг дэвсгэрт байсан нацист хорих лагериудыг Польшийнх мэтээр тодотгож, тодорхойлохыг хориглосон байна. Хууль зөрчсөн этгээдэд их хэмжээний торгууль ногдуулж, гурван хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ. AFP агентлагийн мэдээлснээр Сенат хуулийн төслийг хэлэлцэх явцад 57 гишүүн дэмжиж, 23 нь татгалзсан байна.

Одоо Польшийн Ерөнхийлөгч хуулийн төсөлд гарын үсэг зурснаар албан ёсоор баталгаажих ажээ.

Хуулийн төслийг санаачлах үеэр израильчууд “түүхийг гуйвуулах гэсэн явуургүй оролдлого” гэж Польшийг буруутгаж байсан юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би энэ хуулийн эсрэг байр суурьтай байна. Хэн нэгэн нь түүхийг өөрчилж чадахгүй, Холокостыг үгүйсгэж чадахгүй” гээд, хуулийн төслийг буцаах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда телевизэд өгсөн ярилцлагадаа хуулийн төслийг буцаах боломжгүй бөгөөд Польш улс “түүхийн үнэнийг хамгаалах болно” гэсэн байна.

Польшийн Засгийн газар энэхүү хуулийн төсөл нь холокостын талаар судлах, хэлэлцэх эрх чөлөөг хязгаарлах зорилгогүй, харин улсынхаа нэр хүндийг хамгаалах зорилготой гэж мэдэгдсэн юм. Хуулийн төслийг санаачилсан Хууль зүйн сайд Патрик Яки харин “Израилийн мэдэгдэл нь энэ хуулийн төсөл ямар чухал болохыг баталсан хэрэг боллоо” гэжээ.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж