УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэд сонгогчидтойгоо уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэд сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэд сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхоо 6 хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж УИХ, ЗГ-ын бодлого шийдвэр болон тойрогтоо хийсэн ажлаа танилцуулж, санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын эхэнд улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Монгол улсын эдийн засаг сэргэж, дампуурлын ирмэгт ирсэн монгол улсын төсөв санхүү 6 сарын өмнө “сэхээний тасгаас энгийн тасаг руу” шилжиж байсан бол одоо “эмнэлгээс гарахтайгаа” болоод байна. Өнгөрсөн онд эдийн засагт 4 хувийн бодит өсөлт гарсан.

  • Төсвийн орлого 500 тэрбумаар давсан

  • гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж 1,2 тэрбум ам.долларт хүрсэн

  • гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон.

  • 2016 онд төсвийн алдагдал 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувьд хүргэсэн.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн

  • Олон улсын Moody’s агентлаг Монголын эдийн засгийг С зэрэглэлээс В рүү оруулсан нь манай улсын эдийн засаг сайжирч байгаагийн илрэл.

Энэ бүхэн биднийг ОУВС-тай хамтран ажиллах шийдвэр маань зөв байсныг харуулж байна. Төр засаг санхүүгийн сахилга батыг чанд сахиж, хариуцлагатай ажиллаж, төсвийн НЭГ төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж чадсан тул ОУВС өмнөх гэрээний нөхцөлийг эргэн харж, зарим өөрчлөлтүүдийг хийх боломжийг өглөө. Иймээс өмнөх шийдвэрүүдээ эргэн харж тэтгэвэрт гарах насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлж байсныг 3 сар болголоо. Тэтгэврийн насыг сонголтой болгосон. Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллагсад эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжтой боллоо.

Хүн амын орлогын албан татвар(ХАОАТ)-ын 4 шатлалыг нэг болгосон. Өөрөөр хэлбэл ХАОАТ-ыг хуучнаар нь үлдээж 1-р сард төлсөн татварыг буцааж олгоно.

Инфляцийн түвшинтэй уялдуулан цалин тэтгэвэр, тэтгэмжийг энэ оны 10 дугаар сараас эхлэн үе шаттай нэмэгдүүлэхээр болж байна. 2-р сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.

Дараагийн нэг том сэдэв бол Улаанбаатар хотын Агаарын бохирдлын асуудал. БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Монгол улсад анх удаагаа “Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал юм. Тус хөтөлбөрийн хүрээнд өвлийн улиралд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэж байна. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шат дараалалтайгаар хангаснаар 2020 он гэхэд Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулна. Энэ хүрээнд “Утаагүй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж 2019 оны 4-р сараас эхлэн нийслэлд ахуйн хэрэглээний зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргалаа.

Бодлого шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн 1,6 жилийн хугацаанд тойрогтоо хийсэн ажил болон 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлүүлсэн ажлаа танилцууллаа. Мөн МАН 2016 оны сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлж байгааг танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд тойргийнхоо иргэдэд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27-р хорооны өрхийн эмнэлгүүдэд автомашин, иж бүрэн компьютер олгож, 27-р хорооны ӨЭМТ-д бүрэн засвар хийлгэсний зэрэгцээ 2, 21, 27-р хорооны өрхийн эмнэлгүүддээ халаахаас гадна ариутган халдваргүйжүүлдэг, агаар цэвэршүүлдэг төхөөрөмжийг суурилуулсан байна.

Гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд 10-аад жил амьдарсан 400 орчим өрхийг төвийн эрчим хүчинд холбуулж, үлдсэн 80 орчим өрхийг 2018 онд багтаан холбуулахаар ЭХ-ний сайдын багцад төсвийг суулгуулжээ.

2018 онд Ганц худагын амнаас Дарь-Эхийн төв зам дагуу 2,6 км үерийн далан барих 3.5 тэрбум төгрөг, БЗД-ийн 2-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга худалдан авах, 1-р хорооны 48-р сургуулийн дэргэд спорт заал шинээр барих, Хил хамгаалах Ерөнхий газрын хажууд 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих, БЗД-ийн 3,7 дугаар хорооны Иргэний танхимын тохижилт, 2 дугаар хорооны 12 дугаар хэсгийн Сэлбийн гудамжинд, 21 дүгээр хорооны 3 дугаар хэсгийн Сэлбийн хэсэгт, 27 дугаар хорооны 18 дугаар хэсэгт “Дарь-Эхийн булаг”-ийн эх орчмуудад бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 7 дугаар хорооны 1 дүгээр байрны тоглоомын талбайн тохижилт, 40 дүгээр байрнаас 37Б байр орчмын шороон замыг асфальтан зам болгох ажлуудыг гүйцэтгүүлэхээр улсын болон хотын төсөвт хөрөнгө оруулалтуудыг суулгуулсан байна.

Хууль санаачлах ажлынхаа хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлуулж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох тэргүүн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго бүхий “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас төсөл хөтөлбөрт хамрагдах, буцалтгүй тусламж авах нөхцөлийг бүрдүүлсэн бол “Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлуулав. Мөн олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах зохицуулалт бүхий Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан байна.

Үүнээс гадна 1990-ээд онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэдэг үндэслэлээр 30 гаранхан насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж хамгийн бага тэтгэвэр тогтоолгон хэлмэгдсэн алдарт эхчүүдэд тэтгэмж олгуулах, тэтгэврийг нь нэмэгдүүлэх тухай, Сайн дурын үйл ажиллагааг дэмжин зохицуулах тухай хуулийн төслүүдийг санаачилж байгаагийн зэрэгцээ Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа юм байна.

Отгонтэнгэр сургуулийн спорт зааланд хоёр ээлжээр зохион байгуулсан уг уулзалтын үеэр хонжворт сугалаа явуулж нийт 216 азтан шалгаруулсан юм. Сугалааны супер азтанаар “Улаан-Үүд-Итгэлт Хамба” чиглэлд аялах эрхийн бичгээр 20 хүн, 32 инчийн телевизор 2 хүн, хоёр хаалгатай монель брэндийн хөрөгчөөр 2 хүн тодорлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж