Словенийн аялал жуулчлалын салбар өнгөрсөн 2017 онд өсөлттэй байж, тус улсын гадаад жуулчдын урсгал өнгөрсөн жил 17 хувиар нэмэгдэж, 3.4 саяд хүрсэн тухай тус улсын статистикийн хорооноос мэдэгджээ. Словени гаралтай Меланья Трамп АНУ-ын Тэргүүн хатагтай болсон нь аялал жуулчлалын салбарыг дэмжих нэгэн хөшүүрэг болсон гэнэ.
Европын зүрхэнд орших тус улсын эрх баригчид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аюулгүй бөгөөд эко улс гэх мессежийг идэвхтэй түгээж байгаа юм.
Сүүлийн дөрвөн жил дараалан тус улсын аялал жуулчлалын салбар тасралтгүй өсөлттэй байгаа аж.
АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп Словенийн зүүн өмнөд нутгийн Севница хотод төржээ. Тэрбээр загварын ертөнцөд нэр хүнд олж, улмаар АНУ-д суурьшсан юм.
Словенийг зорих гадаадын жуулчдыг улсаар нь авч үзвэл Итали, Герман болон Австрийн жуулчид дийлэнх хувийг эзэлдэг байна. Германы жуулчид өмнөх жилтэй харьцуулахад 26 хувиар нэмэгджээ. Харин АНУ-аас Словенийг зорих жуулчдын тоо 24 хувиар өссөн байна.
С.ЦЭЛМЭГ