Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
“Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчилсэн бүс байхгүй. Өвлийн бүсийн хязгаарлалтаараа явна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн орчмоор их ачаалал авдагтай холбогдуулан төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвүүдийг ажиллуулахаар болсон” хэмээн ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ярилаа.
Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар болжээ.
Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.