Сангийн яамны сар шинийн "бэлэг"

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Сангийн яамны сар шинийн "бэлэг"

Сангийн яамны  сар шинийн "бэлэг"

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Сангийн яамыг онцолж байна. 

Сар шинийн өмнөхөн Сангийн сайд хэвлэлээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт болох 78.1 тэрбумыг тарааж байгаагаа дуулгав. Мөн хүүхдийн мөнгө, “Насны хишиг”, НӨАТ-ын буцаан олголт орж эхэллээ. Энэ бүх халамж, тэтгэмж, буцаан олголтыг  цагаан сарын өмнөх Сангийн яамны ‘бэлэг’ гэж хэлж болохоор.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувь нь авна

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ. Ардчилсан нам болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгч байсан бол энэ Засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд нь өгөхөөр ажиллаж байгаа билээ. 

Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан байна. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан аж. Монгол Улс  нийт 1 сая 30 орчим мянган хүүхэдтэй. Үүний 678 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авах бол цаана нь 300 гаруй мянган хүүхэд 20 мянган төгрөг Засгийн газрын ‘бэлэг’ хүртэж чадсангүй. Аав ээж нь ажилтай, амьжиргааны төвшин боломжийн гэх айлын алаг үрсийг ийнхүү Ардын засаг алагчлав. Аяганы алагаас агтны алаг гэдэг.

Хэрвээ таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол  хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгийг авахгүй гэнэ лээ.

НӨАТ-ын буцаан олголт орж эхэллээ

Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78.1 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголт өгч байгаа бөгөөд  уг мөнгийг Монголбанкаар дамжуулан олгож эхэллээ. Өчигдрөөс ‘Голомт’ банкны харилцагчдын дансанд буцаан олголтын мөнгө нь орсон бол өнөөдрөөс ‘ХААН’ иргэдийн дансанд шилжүүлж байна. Яагаад ийнхүү хоногийн дараа шилжүүлж байгаагаа ХААН банкныхан системийн алдаагаар хаацайлав.

Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай юм байна. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг Сангийн сайд сануулсан. Магадгүй буцаан олголтынх нь мөнгө дансанд нь ороогүй хүмүүс бүртгэлийн мэдээллээ шалгаад үзэхэд гэмгүй.

Цаашид НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улиралд тутамд олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх аж.

‘Насны хишиг’ олгож эхэллээ

Нийслэлийн ахмадуудад ‘Насны хишиг’-ийг нь өнөөдрөөс олгож эхэллээ. Жил бүр сар шинэ болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ‘Насны хишиг’-ийг хоёр удаа олгохоор хуульчилсан билээ. Үүний дагуу сар шинийн баярын өмнөх ахмадын “Насны хишиг”-ийг өнгөрөгч долоо хоногоос эхлэн орон нутгаар олгоод эхэлжээ.

Энэ онд нийт 20.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгохоор төсөвлөсөн. Энэ төсвийг Цагаан сарын баяр, Улсын баяр наадмаар хоёр хуваан олгоно. Өнгөрсөн жил 128 мянган ахмадад “Насны хишиг”-ийг олгосон. Энэ жил 5130 ахмад шинээр насны болзлыг хангаж, бүртгүүлсэн тул нийтдээ 133.700 ахмад “Насны хишиг”-ээ авахаар болжээ. 

‘НАСНЫ ХИШИГ’-ИЙГ АВАХ ХЭМЖЭЭ:

•    65-69 настай ахмад настанд 50.000 төгрөг
•    70-79 настай ахмад настанд 80.000 төгрөг
•    80-89 настай ахмад настанд 150.000 төгрөг
•    90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250.000 төгрөгийг олгодог.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж