Б.Бат-Эрдэнэ багийн ахлагчаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Б.Бат-Эрдэнэ багийн ахлагчаар ажиллана

Б.Бат-Эрдэнэ багийн ахлагчаар ажиллана

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XXIII олимпийн наадам найм хоногийн дараа буюу хоёдугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийх билээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд 92 орны 3000 гаруй тамирчин долоон спортын 15 төрлөөр өрсөлдөнө.

Манай улсаас гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцох бөгөөд баг тамирчдыг үдэх арга хэмжээ өнөөдөр  /2018.02.01/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо. 

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болжээ. Тэрбээр зуны олимпийн наадамд (1988, 1992, 2000) жүдо бөхийн тамирчнаар гурван удаа оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа ахлан оролцохоор боллоо. 

Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн, “Пёнчан 2018” олимпийн наадмын Монголын багийн ахлагч)

Мэдээж, олимпийн наадамд оролцох баг тамирчид маш хариуцлагатай оролцох хэрэгтэй байдаг. Дэлхийн хүн төрөлхтний энэхүү том наадмын үеэр багагүй асуудал гардаг. Гэхдээ манай тамирчдын хувьд асуудал гаргах нь бага байдаг. Зуны олимпийн наадамд оролцож явсан миний хувьд гадны тамирчид асуудал гаргаж байсныг сайн мэднэ. Бид бол их зүйлийг даван туулсан шүү дээ. Одоо шигшээ багт багтсан тамирчдын хувьд ямар ч асуудалгүй байна. Бүх зүйлийг улсаас гаргаж байна. Дээр нь цалин өгч байна. Өндөр амжилт гаргасан тамирчид хичнээн хэмжээний шагнал урамшуулал авч байгааг та бүхэн мэднэ. Ингээд өвлийн олимпийн наадамд оролцох гэж байгаа баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Ц.ЦОГЗОЛМАА (УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд)

2017 онд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан. Энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан сурталчилан таниулах, олны хүртээл болгоход салбарынхан ажиллаж байна. Өчигдөр /2018.02.01/ Төрийн ордонд спортын салбарынхан зөвлөлдөж, нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Олимпизмийн хүрээнд бид юу хийх ёстой юм. Мэргэжлийн спортын байгууллагуудыг яаж дэмжих, амжилт гаргаад байгаа тамирчдын нийгмийн асуудлыг яаж хамгаалах вэ зэрэг асуудлуудтай ярилцлаа. 336 суманд хүрч ажиллах зэрэг ажилд яамны зүгээс ажилдаа ороод байна.  

Ингээд хэдхэн хоногийн өмнө ард түмнээ баярлуулж, “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаалжуулсан тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нартаа дахин баяр хүргэе. Олимпийн эрхийн буухиаг залгуулж, хүчин чармайлт гаргасан цанын холбоо болон тамирчдадаа талархаж байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.

Тамирчин: ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг

“ПЁНЧАН 2018” МОНГОЛЫН БАГ: (2018.02.9-25)

Багийн ахлагч: Б.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 оны зуны олимпийн надаамд жүдо бөхийн тамирчнаар оролцож байсан бөгөөд бүгд нь тугчаар ажиллаж байсан )

  • Тамирчин: ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг
  • Дасгалжуулагч: Х.Хаш-Эрдэнэ (Гүйлтийн цанын тамирчин, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч)
  • Төлөөлөгч: Э.Очирсүрэн (Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон)

ХУВААРЬ:

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д уралдана. 

Ч.БОЛОР, Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж