Ардчилсан нам засгийн эрх баригчдаас ажлаа хийхийг шаардсан, эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр /2018.02.01/ зохион байгууллаа. Жагсагчид Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн билээ.
Ажилгүйдэл, ядуурал, татварын дарамт, үнийн өсөлт гэсэн бичигтэй томоос том ачаа үүрсэн залуучууд Ардчилсан намын жагсаалын тэргүүн эгнээнд алхсаар Сүхбаатарын талбайд орж ирсэн юм. Гадаах хүйтнийг үл ажран “Хонхны дуу”-г цуурайтуулж, Монгол Улсын төрийн далбаа, Ардчилсан намын далбааг намируулсаар тэд төв талбайг бүрхэв.
Жагсаалд Ардчилсан намын лидерүүд гэгддэг Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, М.Батчимэг, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хүмүүс оролцсонгүй. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд болон УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Батцогт нар оролцов. Мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд энэ жагсаалыг дэмжиж оролцов. Жагсаалыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлсэн
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Бид тэвчихээ байсан тул арга буюу энд цуглалаа. Бидний шаардлагын хариуд эрх баригчид түр аргацаах замаар хариу өгсөн. Бид дөнгөж саяхан чуулганы танхимд байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь 65 хотны ноход шиг “боорлож”, биднийг доромжилсон. Гэхдээ бид тэдний доромжлолыг үл хайхрах болно. Монголчуудыг, Монголын ард түмнийг үргэлж мөнх хуурч болно гэж бодож байгаа эрх баригчдыг сэрээх цаг болсон. Монгол түмэн тэвчиж ханалаа. Улсын гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж, эрдэс, баялаг цөөн хэдэн хүний халаасыг зузаатгаж байна. энэ бүхнийг тэвчиж суухуу: одоо бид мориндоо мордох цаг болсон. Хүлцэнгүй номхон тэвчээртэй байдлыг ашиглах эрх баригчид даварлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг харлуулах замаар эрх дархаа нэмэгдүүлэх гэж байна. Эд нар идэж, ууж, хагартлаа баяжиж цаг хугацааг өнгөрүүлсэн. Одоо болно, Монголчууд эх орныхоо эзэн болох цаг ирсэн.
Энэхүү жагсаалыг зохион байгуулахдаа мөнгө тараасан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнд Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай хариулт өгөв. Тэрбээр “Ийм асуудалд би хариулахгүй. Мөнгө тараасан гэдэг мэдээллээр Монголын ард түмнийг доромжилж байна. Тэсгим өвлийн 25 хэмийн хүйтэнд, мөнгөөр жагсах хүн байхгүй. Энд байгаа хүмүүс бол итгэл үнэмшлээр цугласан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Өнөөдөр Монгол өөрийнхөө эрхээр зовох, хүний эрхээр жаргах уу гэдэг сонголт дээр ирсэн. 2012-2016 онд эдийн засгийн хамгийн хүнд үе байсан. Тэр үед монголчууд өөрийнхөө эрхээр зовсон юм. Монгол төгрөгтэй байдаг юм, Монголчууд ажил хийж чаддаг юм гэдгийг харуулсан он жил болсон. Харин эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийг харлуулах гэж улстөр хийж байна. Өнөөдөр эдийн засаг өссөн ч ард иргэдэд мэдрэгдэхгүй байна. Татвараар дарамталж байна. Өнөөдөр цаг үе өөр болсон. Монголчууд Монголдоо бүтээх тэр сайхан сэтгэлийг ухрааж, халамжийн орон болгохыг хүсэхгүй байна. Тиймээс бид Засгийн газраас шаардаж байна. Таанууд яагаад гадныханы үгэнд орж, монголчуудаа доош нь хийгээд байгаа юм бэ. Таанууд яагаад хөдөлмөрийн чадвартай хүмүүсээ ажилгүй болгож, халамжийг тэтгээд байгаа юм бэ. Таанууд яагаад сайхан залуучуудыг гадаадад явуулахын төлөө гадныхантай сүлбэлдээд байгаа юм бэ. Таанууд яагаад Монгол төгрөгийн үнэ цэнийг алдагдуулж, гадны банкны заавраар Монголыг ядуу байлгах гээд байгаа юм бэ гэдгийг асуух ёстой.
УИХ-ын гишүүн Болд:
-Эрх баригчид бидний амыг чуулганы танхимд таглаж болно. Гэхдээ бид ард түмэндээ үгээ хэлж чадна. Ардчилал аюулд учраад байгааг хүн бүр ухаарах цаг болсон. Эрх баригчид Монголын ардчиллыг булшлах, Монголыг үүрд өөрийнхөө эрх мэдэлд байлгах гэсэн зорилготой байна. Ирэх чуулганаар Үндсэн хуульд халдаж, ард түмний сонголтод өс хонзон санах, Монголчуудын эрх, эрх чөлөөг булааж авахыг оролдож байна.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:
-Монгол Улс эдийн засгийн гүн хямралтай, Улаанбаатар утаатай, татварын нэмэгдэлтэй байна. Хоёрхон жилийн өмнө МАН-ынхан 20-60 мянган төгрөгөөр сонгогчлын саналыг худалдаж авсан. Ард түмний амьдрал хүнд нөхцөлд байгаа энэ үед улстөрийн аль ч хүчин нийгмээ эрүүл болгохын төлөө ажиллах ёстой. Бид оффшор, хүчирхийлэгчдийн үүр уурхай болсон УИХ-ыг тараах саналтай байна.
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:
-НИТХ байгуулагдаад хоёр жил орчим болж байхад яагаад “Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний хөтөлбөр”-өө өргөн барихгүй байгаа юм бэ гэдгийг асуух гэж ирсэн. Өнөөдөр эдийн засаг өссөн ч ард иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг асуух гэж ирлээ. Бид та бүхэнтэйгээ хамт хөгжил дэвшлийг нэхсээр байх болно. Өнөөдөр хотын удирдлагууд Улаанбаатар хот аз жаргалтай байна гэдэг. Гэвч аз жаргалтай байж чадахгүй байгаа. Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрх баригчид амлалтаа биелүүлэхийг нэхсээр байх ёстой. Энэ жагсаал бол Монголыг хөгжүүлэх хөгжлийн эхлэл юм.
Ингээд Ардчилсан намынхан төв талбайг нар зөв тойрч, Төрийн ордоод эрх баригчдаас ажлаа хийхийг шаардсанаар жагсаалыг өндөрлүүлэв.