УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд лоозонтой оролцож, нийслэлд төдийгүй аймгуудад эрх баригчдын бодлого шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн юм.
Сөрөг хүчнийхний бэлтгэсэн “сюрприз” нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын эгдүүг хамгийн ихээр хүргэв бололтой. Тэрбээр “Ардчилсан намынхан ийм үгтэй цаас тавьжээ. Зууны онигоо болох нь дээ. Эрх барьж байхдаа мартчихсан байсан үгсээ бичжээ” гэж цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардчилсан намын гишүүдээс тавьсан шаардлагаас хамгийн их таалагдаж байгаа нь энэ. Даанч Ардчилсан намынхан 60 тэрбумаас дутахгүй төрийн албыг зарсан даа” гэж хариу барилаа.
Цагтаа өнөөгийн эрх баригчид чуулганы танхимын үүдийг буйдангаар хааж, бүлэг байгуулж өгөхгүй байна гэж эсэргүүцэл илэрхийлж суусан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн өнөөгийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж, өнгөрсөн намар чуулганы танхимд лоозон байршуулж, хурааж авлаа хэмээн хэл ам таталж байв.
Г.ХОРОЛ