Таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг

Таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг

Хорт хавдар нь Монгол Улсын хүн амын нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Энэ нь нас барж буй таван хүний нэг нь хорт хавдрын улмаас хорвоог орхидог гэсэн үг. Энэ өвчний нас баралт өндөр байгаагийн гол шалтгаан нь хорт хавдрын 76 хувь нь эмчлэгдэх боломжгүй буюу хожуу үедээ оношлогдох, өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт их байгаатай холбоотой. Монгол Улсад бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Иймд хүн амын хорт хавдраас сэргийлэх мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, эрсдэл бүхий зан үйлээ өөрчлөх, тогтмол шинжилгээнд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэхээр Хавдар судлалын үндэсний төв зорьж байна.

Хавдрын эсрэг үндэсний аяныг 2011 оноос хойш Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Энэ онд “Би чадна, бид чадна, та ч бас чадна” урианы дор хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд аяны хүрээнд 115,750 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, 9485 эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулан, 477 иргэнд яаралтай мэс засал хийжээ. Энэ бүх ажилд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт орсон байна.

“Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тэмдэглэдэг. Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) анх 2005 онд санаачлан хорт хавдрын улмаас нас барж буй сая, сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, засгийн газрын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд дэлхий дахины анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэхийг зорьж байна.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж