АНУ-ын цэргийн командлагч монгол охидоор зугаацжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийн командлагч монгол охидоор зугаацжээ

АНУ-ын цэргийн командлагч монгол охидоор зугаацжээ

Трой Амундсон

АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсон гэгчийг авлигын хэрэгт буруутган шүүж эхэлсэн байна. Түүнийг Сингапурт төвтэй GDMA (Glenn Defense Marine Asia) компани болон тус компанийн захирал Леонард Гленн Фрэнсис нартай хамсаж, өргөн хүрээг хамарсан авлигын хуйвалдаан зохион байгуулсан, мөрдөн байцаалтыг санаатайгаар гуйвуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Амундсон өөрөө гэм буруугаа хүлээсэн байна.

Энэ талаарх Прокурорын газрын албан мэдэгдлийг АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны цахим хуудсанд өнгөрсөн лхагва гаригт /2018.01.30/ нийтэлжээ.

 



 

50 настай Амундсон өөрөө Фрэнсис тэргүүтэй хүмүүстэй үгсэн хуйвалдаж, АНУ-ын Тэнгисийн цэргийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчиж, GDMA компанид дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангадаг байсан. Хариуд нь өндөр үнэ бүхий эд зүйлс, зугаа цэнгээн, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний дунд монгол бүсгүйчүүд ч багтаж байжээ.

Өмнө нь, 2015 онд Амундсон АНУ-ын Тэнгисийн цэргийн бусад албан тушаалтнуудын хамт бэлэн мөнгө, охид бүсгүйчүүд, биеэ үнэлэгч, тансаг аялал зугаалгаас авхуулаад куб навчин тамхи, Японы алдартай кобэ үхрийн мах, Испанийн шарсан торой гээд хэдэн сая ам.долларын үнэ бүхий эд зүйлс, тансаг чамин бэлэг сэлт авснаа өчиж байжээ.

Трой Амундсон 2005 оны тавдугаар сараас 2013 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд АНУ-ын Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнд олон улсын цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан гэнэ. Ажил үүргийн хуваарьт нь АНУ-ын Тэнгисийн цэргийн гадаад түншүүдтэй холбоо тогтоож, хамтын ажиллагаа тогтоох, сайжруулах үүрэг ч багтаж байжээ. Энэ хүрээнд Сингапурын GDMA компанитай холбогдсон байна.

2012 оны есдүгээр сараас 2013 оны аравдугаар сарын хооронд GDMA компанийн захирал Фрэнсис хоол унд, тээвэр, зугаа цэнгэл, биеэ үнэлэгч бүсгүйчүүдэд төлөх зардлыг хүртэл хариуцуулж, Амундсон болон Тэнгисийн цэргийн өөр бусад албан тушаалтнуудыг дайлж цайлсан болохыг Амундсон хүлээн зөвшөөрчээ. Энэ үеэр Амундсон хувийн и-мэйл хаягаар Фрэнсист бичсэн захидалдаа “Авсан уу? Чиний хөтөлбөр янзын байлаа шүү, анд минь. Би чинь яс олохоор гүйж яваа бяцхан нохой шүү дээ. Гэхдээ энэ жижигхэн хөтөлбөртөө сэтгэл хангалуун байна. Зарим мэдээлэл дамжуулж дуусахад 5 минут хэрэгтэй байна. Тэгээд уулзацгаая. Хэвлэж болохгүй байна” хэмээн бичсэн байв. Тэр шөнө Фрэнсис хэрэгтэй мэдээллээ авсны хариуд Амундсоныг дайлж, Монголоос ирсэн биеэ үнэлэгчдийг дуудаж, түүнийг зугаацуулсан гэнэ.

Трой Амундсоны ялын тогтоол унших шүүх хуралд 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд товлогдсон байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Тэнгисийн цэргийн 20-29 албан тушаалтанд авлигын хэрэгт холбогдож, улмаар гэм буруугаа хүлээж байжээ.
 

С.ЦЭЛМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж