‘Насны хишиг’-ийг жил бүр сар шинэ болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан билээ. Үүний дагуу сар шинийн баярын өмнөх ахмадын “Насны хишиг”-ийг өнгөрөгч долоо хоногоос эхлэн орон нутгаар олгоод эхэлжээ.
Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяраас тодруулахад “Насны хишиг”-ийг олгоход 2018 онд нийт 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ төсвийг цагаан сарын баяр, Улсын баяр наадмаар хоёр хуваан олгоно. Өнгөрсөн жил 128 мянган ахмадад “Насны хишиг”-ийг олгосон. Энэ жил 5130 ахмад шинээр насны болзлыг хангаж, бүртгүүлсэн. Тэгэхээр энэ жил нийт 133.700 ахмад “Насны хишиг”-ээ авна. Одоогоор ихэнх аймгуудад “Насны хишиг”-ийг олгоод эхэлсэн. Нийслэлд энэ долоо хоногоос ахмадуудад тэтгэмжийг нь олгоно. Учир нь санхүүжилт нь Сангийн яамнаас орсон ч хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 10-ны өдрөөс өмнө гэсэн байдаг. Тийм учраас шинээр бүртгүүлж буй ахмадуудынхаа бүртгэлийг эцэслэж, дуусгах гээд хүлээгдсэн. Энэ долоо хоногоос нийслэлийн ахмадуудад “Насны хишиг”-ийг олгож эхэлнэ” гэв.
‘Насны хишиг’-ийг авах хэмжээ:
• 65-69 настай ахмад настанд 50.000 төгрөг
• 70-79 настай ахмад настанд 80.000 төгрөг
• 80-89 настай ахмад настанд 150.000 төгрөг
• 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250.000 төгрөгийг олгодог.
А.Сүрэн