Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2018.02.01/ зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших “Айрагийн Гозгор” хэмээх дурсгалт газар малтлага судалгааг дөрвөн жилийн туршид явуулжээ.
Хуралд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Ховд их сургууль, Хэнтий аймгийн музей, Дорноговь аймгийн музей зэрэг 10 гаруй байгууллагын 112, мөн гадаадын хамтрагч 89 байгууллагуудийн нийт 201 эрдэмтэн судлаачийн хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүлэх аж.
Хурлын үеэр Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн археологи, антропологи хариуцсан секторын эрхлэгч Ц.Одбаатараас тодруулга авлаа.
-“Айрагийн Гозгор” хэмээх дурсгалт газрын онцлогоос та бидэнд товчхон хуваалцахгүй юу?
-Уг дурсгалт газрыг 2014 оноос судалсан. Ингэхдээ 13 булшийг судалж одоогоор эд өлгийн зүйлсийг Орхон аймгийн музей, Монголын үндэсний музейд байршуулсан. Судалгааны ажлыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний музейгээс санхүүжүүлдэг. 2016 онд малтан судалсан булш он цагийн хувьд Сяньбигийн эрт үед холбогдож байна. Мөн малтлагаас олдсон эд өлгийн зүйлсийг олон хүнд хүргэх зорилгоор энэ хавар Монголын үндэсний музейд байршуулна. Түүнчлэн энэ ондоо багтааж “Айрагийн горзгор” тайлан хэвлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Уг дурсгалт газраас ямар эд өлгийн зүйлс илрүүлсэн бэ?
-Малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлж АГ89 хэмээн бүртгэгдсэн дурсгалаас хөмөг дотор зүүн хананд шахаж тавьсан банзан авсанд толгойгоор нь зүүн хойт зүг хандуулсан торго, нэхмэл хувцастай хүний баруун талд нь модон морь, хүний сийлбэр, үхэр тэрэг, жижиг ширээ, шавар ваар банзан хайрцаг зэрэг эд өлгийн зүйлсийг илрүүлсэн. Уг булш нь огт тоногдоогүй байсан бөгөөд оршуулгын зан үйлтэй холбоотой олон дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн. Эдгээр булш нь газрын гүнд, ханыг нь хөндийлсөн байдалтай олдсон. Булшны амыг том чулуугаар хаасан ба дотор талдаа байгалийн жамаар сүйтгэгдсэн байсан. Одоогоор энэ дурсгалуудыг Япон улстай хамтран сэргээн засварлах үйл явц үргэлжилж байна.
Э.Ариун