"Эрдэнэт"-ийн 51 хувийг "Жаст"-аас болж алдах уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн 51 хувийг "Жаст"-аас болж алдах уу?

"Эрдэнэт"-ийн 51 хувийг "Жаст"-аас болж алдах уу?

‘Эрдэнэт’ үйлдвэр Английн дээд шүүх дэх арбитрын маргаанд ялагдсантай холбоотойгоор тус үйлдвэрийн гадаад данс, санхүүгийн гүйлгээг хаасан байна.

2009 оны долдугаар сарын 9-нд Жаст Группийн ерөнхийлөгч Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн өмчит 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас 110сая ам.долларын зээл авсан нь олон жил үргэлжилж буй арбитрын маргааны  үндсийг тавьсан юм. Өнгөрсөн хугацаанд арбитрын маргаанаар дөрвөн шүүх хуралдаан болсон бөгөөд сүүлийнх нь 2017 оны сүүлчээр болсон байна. Шүүх хуралдаанд хариуцагч талаас төлөөлөгч оролцоогүй бөгөөд Английн дээд шүүх ‘Эрдэнэт’ үйлдвэрээс ‘Стандарт’ банкинд  90 сая ам.доллар төлүүлэх 2016 оны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр Английн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тус үйлдвэр ‘Стандарт’ банкны адил Монголын бизнесмен Ш.Батхүүгийн өдүүлсэн энэ хэргийн хохирогч болсон гэж үзэж байна. Английн дээд шүүх дээрх шийдвэртээ “Хэрэв ‘Эрдэнэт’ үйлдвэр, удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзвал шүүх тогтолцоог үл хүндэтгэсэнд тооцож, баривчлан хорих, торгууль ноогдуулах буюу хөрөнгийг битүүмжилнэ” гэжээ.

Хэргийг эргэн сануулахад С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэгтэйгээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний ам.доллар зээлсэн бөгөөд Ардчилсан намын үед энэ хэрэг илэрсэн. Түүнийг шүүхээс гурван жил хорих ялаар шийтгэсэн ч Монголыг хохироосон асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ мөнгө МАН-ын дарга нарын дансанд орсон гэх хардлага байсан юм.

Энэ хэрэг илэрсний дараа Ш.Батхүү хэвлэлийн бага хурал зарлаж “Өмнөд Африкийн тус банкнаас мөнгө зээлэхийн тулд эхний ээлжид “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, 20 сая ам.долларыг зээлсэн. “Эрдэнэт” үйлдвэртэй 1997 оноос түншийн харилцаатай явж ирсэн болохоор холбогдох албаны хүмүүстэй ярилцаад гэрээ байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан. Удаа дараагаар “Стандарт” банкнаас зээл авч, төлөх ёстой өр нь 120 сая ам.доллар хүрсэн. Гэрээ байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг авсан” гэдгээ хүлээсэн юм.

Харин удалгүй энэ яриагаа үгүйсгэж, Ш.Батхүү шүүх дээр “Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын нарын үсэг баталгаатай болохыг “Стандарт” банк нотолж ийнхүү, Монгол Улс Английн арбитрын шүү дээр ялагджээ.

Харин УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Эрдэнэт”-тэй холбоотой  шүүхийн шийдвэрийн талаар асуулт тавьсан  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэр ‘Стандарт’ банктай арбитрийн шүүх дээр маргаантай байгаа. Засгийн газрын хувьд ‘Эрдэнэт’-тэй холбоотой асуудлаар арбитр дээр элдэв хэлцэлд ороогүй. Нарийн мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм.

Энэ шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн нөлөөлөх талаар тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн “Үйлдвэрийн үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг үр дагавар дагуулахгүй” гэдэг тайлбар хийлээ.

Харин Хууль, зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ш.Батхүү ‘Стандарт’ банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдэг 2013, 2014 оны үед эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа.  Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги,  торгууль, хүү гэсэн юм бий. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал. Өмнөх эрх баригчдын үед ч яригдаж л байсан.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулах юм хийгдээд, ажлын хэсэг байгуулаад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан юм билээ. Маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын асуудал” гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж