Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 1 буюу өнөөдрөөс тэтгэврийн мөнгө 27 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Нийтдээ 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Түүнчлэн өнөөдрөөс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Мөн хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 155 мянган төгрөг болсон бол асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг болж өсч байна. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг байна. Харин байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.
Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.
Б.БАТ