АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

Ч.Хүрэлбаатар сайдын “Өнөөдөр оройноос НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд шилжинэ” гэх мэдээлэл сар шинийн бэлтгэлд дарагдсан иргэдийн хамгийн их түгээсэн, лайк, шейр дагуулсан өчигдрийн трэнд мэдээ байв. Тиймээс өчигдөр шөнөөс эхлээд НӨАТ-ын буцаан олголт дансанд нь шилжин орсон тухай баярласан, орж ирээгүй нь сурагласан постууд олон нийтийн сүлжээнд цуварч эхэлсэн юм.

Жилийн өмнөхөн, НӨАТ-ын буцаан олголт орж олонх нь баярлаж, цөөнгүй нь худалдан авсан баримтаа бүртгүүлээгүйдээ амаа барьж суусансан. Харин өчигдөр миний мөнгө дансанд хэзээ орох бол гэсэн хүлээлттэйгээр иргэд энэ мэдээг талархалтайгаар хүлээж авсан.

Учир нь 2016 онд худалдан авалт хийж баримтаа бүртгэлжүүлсэн 497 мянган иргэнд 35,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгосон нь өнгөрсөн 2017 онд олон хүн худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ баримтыг шивэхэд хүргэсэн билээ.

Цаашдаа НӨАТ-ын баримтыг жилд нэг удаа биш, дөрвөн удаа олгох асуудлыг Засгийн газар хэлэлцэхээр болсныг Сангийн сайд дуулгасан бөгөөд хэрэв У.Хүрэлсүхийн засаг үнэхээр ийм шийдвэр гаргаж чадвал  НӨАТ-ын буцаан олголт буюу эцсийн хэрэглэгчдийн дэмжлэгтэйгээр нийт эдийн засагт эргэлдэж буй төгрөг бүрийг бүртгэх, тоолох хяналтын систем сайжирна, дагаад татварын бааз ч өснө.

Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг гэж Итгэл баяны үг бий. Мөнгө өөрөө эргэлтэд орж байж л эдийн засагт ашгаа өгдөг. 78.1 тэрбум төгрөгийг бүтэн жил эргэлтгүйгээр хав дарж байхаар жилдээ дөрвөн удаа эргэлтэд оруулах нь төсөвт ч, иргэдэд ч, эдийн засагт ч хэрэгтэй. Нөгөө талаасаа нийтийн үйлчилгээ, банкны систем НӨАТ-ын шинэ хуультай холбосноор далд эдийн засагт эргэлдэж буй хэдэн зуун тэрбум төгрөгийг хянах хяналтын систем бий болох юм.

Одоо бол “Улаанбаатар”, “Ачлал”, “Сандэй” гээд томоохон их дэлгүүрүүдээс эхлээд “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Хангай”, “Зуун айл”, “Хүчит шонхор”, “Тэди” зэрэг хэдэн зуун тэрбум төгрөг эргэлддэг захын наймаачид, лангуу түрээслэгчид НӨАТ-ын баримт огт өгдөггүй. Дээр нь урлаг соёлын тоглолтууд, сүм хийдийн үйлчилгээ, цайны газрууд, томоохон оффис, орон сууц түрээслүүлэгчид байна. Энэ бүгдийг POS буюу кассын машинтай болгох ажлыг энэ онд хийх хэрэгтэй.

Үнэндээ, өнгөрсөн шөнө НӨАТ-ынхаа хоёр хувийн буцаан олголтоор авсан иргэн бүр Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавт баярлах ёстой байх. Хэрэвзээ Ардчилсан намын Засгийн үед  НӨАТ-ын хуулийг шинэчилж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлаагүй сэн бол Ардын нам НӨАТ-ын буцаан олголт гэж хоёр жил дараалан иргэддээ мөнгө өгөхгүй байсан нь үнэн.

Гэхдээ, Ч.Сайханбилэгийн засаг болон З.Энхболдын парламент эхэлсэн ажлаа 2015 ондоо гүйцэд хийчихсэн бол Ардчилсан нам ард түмнээсээ “муу” дүн авахгүй байсан биз.

Энэ удаад МАН-ын засаг Ардчилсан намын эхлүүлсэн ажлыг улс төржиж, намчирхалгүйгээр үргэлжлүүлж чадвал У.Хүрэлсүхийн засаг эдийн засагт хийсэн реформоор  ньнэрлэгдэж үлдэх юм.

Засгаа огцруулж, ихээхэн улстөржсөн намрын чуулган удахгүй өндөрлөнө. Харин Татварын ерөнхий хууль болон Хүн амын орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслүүд УИХ-ын хүлээлгийн танхимд тоостой хэвтэж байна. Ч.Хүрэлбаатар сайд том зүйл мөрөөдөлгүйгээр хүлээлгийн танхимд байгаа эдгээр хуулийн төслүүдийн тоосыг нь гөвөөд УИХ-д барьчихвал аж ахуйн нэгж, иргэд, эдийн засагт ч хэрэгтэй гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав зөвлөж байна лээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж