Хар массын харанхуй сонголт

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Хар массын харанхуй сонголт

Хар массын харанхуй сонголт

Төр барьж, хууль батлалцахад боловсрол мэдлэг, туршлага нь дутах олон хүнийг сонгосныхоо горыг монголчууд өнөөдөр жинхэнэ утгаар нь эдэлцгээж байна. Иргэд нь ажилгүй, аж ахуйн нэгжүүд нь өртэй, улсынх нь эдийн засаг Олон улсын валютын сангийн барьцаанд байна. Амаа бариад ч яалтай, эцсийн дүндээ сонгогч та бидний буруу шүү дээ. Бидэнд, монголчуудад сонгогчийн боловсрол огтоос байдаггүй болохоор л дуучин, бөхчүүд өнөөдөр Монголын эдийн засаг, улс төрд гоцлон тоглолт хийж байна.

Биелэгдэхгүй амлалт өгсөн ч хууртаж ханадаггүй. Дахин, дахин сонгоно. Төр барьж, хууль батлалцаад ирэхээр гаргах шийдвэр нь ямар их хор хохирол дагуулахыг огт тооцдоггүй. Харанхуйгаар л сонголт хийдэг болохоор хар масс гэж нэрлэгдэхэд хүрсэн нь сонгогчдын бас буруу. Саналаа худалдах бол хэвийн үзэгдэл болсон, сонгууль болгоноор мөнгөөр сонголтоо хийдэг үзэгдэл хавтгайрсан.

Сонгуульд өрсөлдөж байгаа нам нь ч, нэр дэвшигч нь ч бидний боловсролгүйг далимдуулж, чихэн дээр цэцэг ургуулж ханахгүй. Шилний цаанаас долоолгож буй улстөрчдийн чихэрт нь бид хууртаж ханахгүй. Чухамдаа өнөөдрийн улс төрийн талцал, хэрүүл, засаглалын хямралд сонгогч та бидний хувь нэмэр ч багагүй байгаа.

Хэдийгээр мөнгөөр саналаа худалддаг, сонгогчийн саналыг мөнгөөр худалдан авахыг хориглосон хууль байгаа ч Монголын хууль хэзээд мөнгөтэй, нөлөөтэй, намтай, бүлэглэлтэй хүнд үйлчилж байлаа. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ч, АН ч мөнгөөр бороо оруулсан нь худлаа биш. Ямар сайндаа л энд тэнд тэрбум, тэрбумаар нь шуудай, шуудай мөнгө цагдаагийнханд ‘олзлогдох’ вэ дээ. Үнэндээ сонгуулиар ажилласан хүмүүсийн цалин байсан уу, сонгогчийг хахуульдах мөнгө байсан уу гэдгийг хэн ч нотлоогүй, хэн ч бас нотлох билээ. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь биелэгдэх боломжгүй амлалт өгөхийг хориглосон ч хязгаарлаж чадаагүй.  

Жишээбэл, өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригч намаас нэр дэвшигч нь зүрх гаргаж амлаагүй зүйлийг сөрөг хүчнийх нь зүгээс нэр дэвшигчдээ иргэдийн зээл чөлөөлөх даалгавар өгснийг санаж буй биз. Эдийн засаг нь хямарчихсан, хөгжил буурай Монгол байтугай, хөгжилтэй орнууд иргэдийнхээ зээлийг чөлөөлөөгүй байхад монголчууд энэ үлгэрт итгэсэн. Одоо ч итгэсээр л байгаа. Гэтэл зээлийн хүүг ч бууруулж чадахгүй л байгаа.  

Одоо энэ харанхуйгаар сонголт хийдэг ухаангүй үйлдлийг зогсоох цаг нь болсон. Хэн гоё амлалт өгсөнд нь бус хэрэгжих боломжтой юу гэдгийг үнэлж дүгнэх чадвартай сонгогчдыг бэлтгэх хэрэгтэй боллоо. Хэрэв энэ ажлыг одооноос хийхгүй орхивол 2020, 2021 онд сонгууль  болно, сонгуулийн дараа сонгогчид гасална. Хэрэвзээ бид улс орноо хөгжүүлье гэвэл эхлээд өөрсдийнхөө сонгогчийн боловсролыг сайжруулъя. Мөнгө биш ирээдүйгээ харж сонголтоо хийе.

“Тэтгэвэр нэмнэ, оюутны сургалтын төлбөрийг чөлөөлнө” гэсэн амлалтад саналаа худалдахаа больё. Харин бодит мөрийн хөтөлбөр, бодлого нэхье.

Улс төрийн намууд ч сонгогчдын боловсрол нимгэн байгааг далимдуулж, хэн боловсрол, мэдлэгтэй вэ гэдгийг шалгуур болгохоос илүү хэн намдаа нөлөөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй вэ гэдгээр эрэмбэлж, нэр дэвшигчдээ гаргаж ирдэг байдал хумигдана. Бидэнд сонголтоо хийх ямар том боломж байгааг Х.Баттулга, М.Энхболд нарыг эсэргүүцэж, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 мянган хүн цагаан хуудас өгсөн. Хэрэвзээ ийм боломж байсан бол илүү олон хүн цагаан хуудас өгөх байсан болов уу. Иймээс төрийн бус байгууллагууд, ирээдүйдээ санаа зовдог иргэд хар масс гэх харанхуйгаар сонголт хийдэг байдлыг халахын төлөө бүгд оролцох хэрэгтэй:

Хэрэв сонгогчийн боловсрол өндөр болбол цагаан хуудас өгч, нэр дэвшигч шалгуур хангахгүй байна гэдгийг сонголтоороо илэрхийлж улс төрийн намд ч, нэр дэвшигч нарт анхааруулга өгнө. Тэр хэрээр улс төрийн намуудын нэр дэвшигчдээ тавих шалгуур өндөр болж, төр барилцах, хууль тогтоох дээд байгуулагад сонгогдож гарч ирсэн хүмүүс нь боловсролтой, мэдлэгтэй, улс орноо хөгжүүлэх дадлага туршлагатай хүмүүс болж чанаржина. Дээр нь улс төрийн намууд бодлогоор өрсөлддөг болно. Сонгогчийн боловсролгүй сонгогч бол ердөө цагаан хуудас шүү дээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж