Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас Хойд туйлын мөс эрчимтэй хайлж буй энэ үед улс орнууд энэ бүс нутагт олон улсын худалдаа, далайн тээврийн шинэ гарц нээх боломжийг эрэлхийлэх болжээ.
Хойд туйлд дэлхийн байгалийн хийн нөөцийн 30 хувь, судлагдаагүй газрын тосны нөөцийн 13 хувь нь бий гэнэ. Дэлхийн дулаарлын улмаас далайн усны температур нэмэгдэж, туйлын мөсөн бүрхүүл хайлснаар өмнө нь хүн бараг очдоггүй байсан байгалийн асар их баялагтай энэ бүс нутагт хөлөг онгоцнууд одоо ямар ч саадгүй хүрэх боломжтой болжээ.
Асар их баялагтай энэхүү “шинэ” бүс нутагт ямар улс түрүүлэн дэд бүтэц байгуулж, санхүүжүүлж чадсан нь ирэх жилүүдэд эдийн засгийн ноёрхлоо тогтоож, тэргүүлэх байр сууриа тогтоох юм.
Дэд бүтэц хөгжөөгүй, алслагдсан, олон улсын худалдааны системийн гадна буй Хойд туйлд хөрөнгө оруулна гэдэг амар зүйл биш ажээ. Хойд туйлд сүүлийн долоон жил гаруй судалгаа, шинжилгээ явуулж буй Гуггенхэйм Партнерс компанийн судалгааны дүнгээс харахад тус бүс нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, одоо хэрэгжүүлж буй, хэрэгжүүлсэн, цуцалсан дэд бүтцийн 900 гаруй төсөл бий ажээ. Үндэсний, аж үйлдвэрийн, нийгмийн зорилготой тэдгээр том жижиг төслүүдэд нийт нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Уул уурхай, зам барилга, сэргээгдэх эрчим хүч, үйлчилгээний бизнес зэрэг дэд бүтцийн асар олон төсөл энэ бүс нутагт хэрэгжинэ. Хойд туйлаас газрын тос, байгалийн хий олборлоход уул уурхай, сэргээгдэх эрчим хүч болон төмөр зам зэрэг дэд бүтцийн гурван том төслийг нийлүүлснээс их буюу 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж шинжээчид тооцоолсон. Хойд туйлд дэлхийн газрын тос, байгалийн хийн судлагдаагүй нөөцийн тавны нэг хувь нь бий гэж үздэг.
Өрсөлдөгчид
Хойд туйлын хэвтээ тэнхлэгийн дагуух алтны уурхайнуудаас авхуулаад зам, эрчим хүчний төслүүдэд ОХУ бусад орнуудаас давуу үүрэг гүйцэтгэдэг. Мөн зузаан хэтэвч, том амбицтай Хятад ялангуяа энэхүү бүс нутагт гол тоглогч болох санаархлаа нуухгүй байгаа юм.
Хойд туйлд ОХУ бусад хөрш орнуудаас хавьгүй олон буюу 250 төслийг гардан хэрэгжүүлж байна. Финлянд, АНУ, Канад зэрэг орнуудын аль нь ч тэдгээр дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт болон бусад оролцоогоор ОХУ-тай эн зэрэгцэж чадахгүй байна. Харин тус бүс нутагт худалдааны гэрээ болон стратегийн санхүүжилт хийж эхэлсэн Хятад улс саяхан “Нэг бүс- нэг зам” санаачилгын хүрээнд дэд бүтэц, олон улсын худалдааны тээврийн “Туйлын торгоны зам” байгуулах амбицтай төлөвлөгөөг танилцуулсан юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах найдвартай эх үүсвэрийг хайж буй билээ. Хятад улс сүүлийн жилүүдэд Хойд туйлын судалгаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд 2013 онд тус бүс нутгийн зөвлөлийн ажиглагчийн статустай болсон юм. Хойд туйлын бүс нутгийн зөвлөлд Канад, Дани, Финлянд, Швед, Норвеги, ОХУ болон АНУ багтдаг ажээ.
Хойд туйлын бүс нутагт ОХУ болон Хятад зэрэг орнууд гол тоглогч болохоор хөөцөлдөж буйн цорын ганц шалтгаан бол газар доорх байгалийн асар их баялаг.
Хойд туйлын бүс нутаг ОХУ-ын ДНБ-ний 20 хувийг бүрдүүлдэг нь үүнтэй холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний төслүүдийн санхүүгийн болон техникийн хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгдөг.
Дэлхийн дулаарал ба Хойд туйлын эко систем
Аж үйлдвэрлэлийн амин сүнс нь эрчим хүч байдагтай адил Хойд туйлд хүн амыг хэдэн арван жил тэжээж хүрэлцэхүйц загас бий ажээ. Хэрэв байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй л бол загас бол шавхагдашгүй баялаг билээ. Гэвч далайн усны температур нэмэгдэж, мөс хайлснаас болж зарим төрөл зүйл дайжиж эхэлсэн тул эрдэмтэд Хойд мөсөн далайн загас агнуур ирээдүйд ямар байхыг урьдчилан тааварлах аргагүйд хүрчээ. Тус бүс нутгийн есөн орон болон Европын холбоо мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлж дуусахад далайн эко систем хэрхэн өөрчлөгдөж болзошгүйг судлах боломжийг эрдэмтдэд нээхийн тулд арваннэгдүгээр сараас хойш Хойд мөсөн далай дахь олон улсын загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоосон юм.
2017 оны есдүгээр сарын байдлаар Хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээ 1981-2010 оны хоорондох үеийнхээс 25 хувиар багассаныг судалгаа харуулсан. Гэвч эрдэмтдийн хэлж буйгаар ирэх 25 жилийн хугацаанд Хойд туйлын мөс бүр мөсөн хайлахгүй ажээ. Мөс бүрмөсөн хайлж дууссан ч энэ бүс нутагт хүмүүсийн таамаглаж байгаа шиг дулаан болохгүй гэнэ.
Хойд мөсөн далайгаар Европыг Азитай холбох худалдааны зам өрнийг дорнотой холбосон Суэцийн сувгаар дамжин өнгөрдөг уламжлалт олон улсын худалдааны замаас 40 хувь дөт болох юм. Хятад улс Хойд туйлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн тунхаглаж чадахгүй ч хөрөнгө оруулах замаар өөрт ашигтай хувилбараар нөлөөгөө бэхжүүлж чадна гэж шинжээчид үзэж байна. Хятадын зөөлөн бодлогын гол чанар нь эхэндээ шинжлэх ухааны хамтын ажиллагаа мэт харагдах боловч цаана нь ямагт эдийн засгийн ашиг сонирхол нуугдаж байдаг. Хятадын нөлөө улам нэмэгдэж буй энэ үед ОХУ Хойд туйл дахь ноёрхлоо хэр удаан хадгалж үлдэхийг хэн ч таамаглан хэлж чадахгүй билээ.