Э.Бат-Үүл: Ардчилалд аюул учраад байна

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ардчилалд аюул учраад байна

Э.Бат-Үүл: Ардчилалд аюул учраад байна

Монгол Улсын Баатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та жагсаал цуглаан зохион байгуулж, ардчиллын төлөө тэмцэж явсан партизануудаа жагсаалд уриалсан байсан.  Та ямар учраас жагсаал зохион байгуулахаар болсон бэ?

Ардчилалд аюул учраад байна. Өөр, өөрийн дарангуйллын хувилбарыг санал болгож байгаа талуудын хүч тэнцчихээд байгаа учраас л ардчилал амь голтой байна. Энэ тэнцвэр алдагдахад л ардчилал устана.

-Ингэхэд АН, ардчилагчид хаачив. Сүүлийн үед Монгол Улс ардчиллаасаа улам бүр ухрах боллоо шүү дээ?

-С.Зориг байхгүй, Ц.Элбэгдорж ажлаа өгөөд сураггүй алга болсон, партизанууд урам зориг нь мохсон, ардчиллагчид хааш яаш байдалд автсан. Баабар, баабар.мн-тэйгээ хамт ардчиллыг хамгаалан тэмцэж ядаж байна. Би Сүхбаатарын талбай дээр ‘бүрээгээ татаад’ хэдэн залуустай зогсож байна даа.

-Цэргийн социализм байгуулах Ерөнхийлөгчийн байр суурьтай та санал нийлэхгүй байгаа бололтой. Энэ талаар бичсэн хоёр ч нийтлэлийг тань уншсан?

-Би Х.Баттулгад үнэхээр гомдоод, гайхшаа бараад байгаа юм. МАН, ардчиллыг устгаж хэмжээгүй эрхэт засаглалаа сэргээх гэж байгаа энэ эгзэгтэй үед ардчиллаа хамгаалан тэмцэхийн оронд харин ч ардчиллыг устгах цэргийн социализмыг зөрүүлээд санал болгож байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь маш ихээр баярлаж байгаагаа нуулгүй халуун дотноор тэврэлдэхэд нь би их гайхаж байсан юм. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг ингэж таалан тэвэрч байсан тохиолдлыг би ерөөсөө урьд нь хараагүй. Ядахдаа хүний нүднээс далд тэгэхгүй.

-Хүн өмчтэй байх, эрх чөлөөтэй байх нийгмийн төлөө та өлсөж, жагсаж байсан Ардчилалын 13-ын нэг. Гэтэл АН, танай нам улам бүр ардчиллаасаа ухарч байна?

-Одоогоор манай нам ардчиллаасаа ухраагүй байгаа. Харин ардчиллаа хамгаалан давшиж тэмцэхгүй байна. 

-Ардчилсан нам шинэчлэгдлээ гэж ярьж байна. Гэтэл дарга солигдсоноос өөр зүйл харагдсангүй гэдэг шүүмжлэл байна. УИХ дээр ч, НИТХ дээр ч Ардчилсан намын дуу хоолой хүчгүй мэт харагдаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Дуу хоолойгоо гаргасаар байгаа шүү дээ. Зарим хүмүүс олж сонсохгүй байгаа юм байлгүй. 

-Намынхаа шинэчлэлийг та хэрхэн харж байна вэ?

-Үзэл баримтлалын шинэчлэлийн төслийг харсан. Хэрэвзээ тэр төсөл батлагдвал манай нам ардчилсан биш, шовинист, фашист хэв маягийн нам болно. Үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэсэн тодорхойгүй эрх ашгийн төлөө хувь хүний эрх, эрх чөлөөг золиосонд гаргах үзэл санааг шинэ өөрчлөлтөөр оруулж ирэх гэж байна. Манай нам чинь хувь хүний эрх, эрх чөлөөний ‘дархан хилийг’ дотоод, гадаадын халдлагаас хамгаалахыг л үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэж ойлгож ирсэн юм шүү дээ.

-Ардчилсан намын сул гишүүд идэвхгүй, партизанууд нь нам гүм болсон нь юутай холбоотой вэ?

Клиентлизм буюу ‘гар харах’ байдал газар авчихаад байна.

-Таны санаачилж эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг МАН-ынхан сонгуулийн үеэр улстөржилтийн бай болгосон. Гэтэл одоо Улаанбаатар хотыг утаанаас салгах ганц арга нь орон сууцжуулах гэж дуу нэгтэй хэлж байна. Энэ байдалд та ямар нэг дүгнэлт хийсэн үү?

-Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг биз дээ.

-Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг ямар арга хэлбэрээр үргэлжлүүлэх ёстой вэ?

-Хамгийн эхлээд хашааны газрын ‘зээлжих зэрэглэл’ ААА болгох багц арга хэмжээг авах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг МАН-ынхан олонх болсон энэ цаг үед хийх нь зөв үү. Зарим судлаач нэг нам дангаараа засаглаж байгаа үед хийхгүй бол хэзээ ч өөрчлөлт оруулж чадахгүй гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

МАН-ынхан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар ардчилсан хувьсгалаар алдсан хэмжээгүй эрхээ эргүүлэн олж авах санаатай байгаа юм. Тэд хэмжээгүй эрхтэй байхдаа 70 жил халаагүй засагласан юм. 

-Ардын намын эргэж буцсан шийдвэрийг олон удаа гаргалаа. Засгийн газраа унагааж, НИТХ-ын даргаа ч огцрууллаа. Энэ байдалд та ямар дүгнэлт өгөх вэ?

-Ардын намын тэнэглэлд би дүгнэлт өгөх гэж цагаа бараад яахав.

-Та бол хотыг сайн удирдаж чадсан дарга нарын нэг. Удирдагч хүн ямар зарчимтай байх ёстой вэ. Улстөрийн зорилгогүйгээр хойч үедээ сургамж хэлбэрээр хариулт өгөхгүй юу?

-Ард иргэд нь сайхан амьдарч байвал өөрөө дунд нь сэтгэл амгалан тайван сайхан амьдрах болно гэдгийг сэтгэлээсээ ойлгосон ‘гэгээрсэн хувиа бодогч’ байх хэрэгтэй. Эргэн тойрны чинь хүмүүс ядуурал стресстэй амьдралаас болоод зомбирчихвол ‘өргөст торон хашаатай хаус’-д амьдрах болно. Ийм амьдрал шиг аз жаргалгүй хошин шогийн амьдралаар яах юм бэ.

-Ардын намд засаглах, төр барих чадвар байна уу. МАН-ын явуулж байгаа бодлого шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН ардчилал, хүчтэй засаглал хоёрыг хослуулж ерөөсөө чаддаггүй. Нийслэлийн ардчилсан нам өнгөрсөн 4 жил ардчилсан байхтай зэрэгцээд хүчтэй, шийдэмгий, үр дүнтэй засаглаж болдогийг нийслэлд харуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж