Трамптай “учир ургуулсан” хатагтай

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Трамптай “учир ургуулсан” хатагтай

Трамптай “учир ургуулсан” хатагтай

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хамгийн их адал явдалд орооцолдож, хамгийн их дуулиан шуугиан тарьсан төрийн тэргүүн гэж түүхэнд тэмдэглэж мэднэ. Этгээд зан авир, элдэв зохимжгүй үгс, дэлхийг донсолгосон шийдвэр, дураараа ойворгон мэдэгдэл гээд Трампаас юу ч гарч мэднэ. Чухам төрийн тэргүүний хувиар сайн, эсвэл муу байсан эсэхийг цаг хугацаа гэрчилнэ гэж аналистууд хэлдэг.

Дэлхийн тэргүүлэх том гүрнийг удирдахаар сонгогдсон үеэс эхлээд цаг, хором бүрт хэвлэлийн гол хуудсыг эзэлсээр ирсэн Трампын ээлжит дуулиан амрагийн явдалтай холбоотой байв. Харин “хэргийн эзэн” нь Никки Хейли. Улс төрд зүтгэгсдийн дунд харьцангуй залууд тооцогдох хатагтай Хейли өдгөө АНУ-ыг төлөөлөн НҮБ-д суугаа.

Тэднийг дотно харилцаатай байсан тухай Трампын Цагаанд ордонд төвхнөсөн нэг жилийн тухай өгүүлсэн номонд цухас дурдагдсан юм. Сэтгүүлч, зохиолч Майкл Вулф гэгчийн бичсэн “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” нэртэй ном хэвлэгдсэн цагаасаа л “хэл ам таталж”, дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Олон сонирхолтой факт дурдсан тус номын зохиолч нь Ерөнхийлөгчийн тусгай зөвшөөрлөөр Цагаан ордны хонгилоор өдөр шөнөгүй холхиж, олон хүнтэй уулзаж, ярилцсандаа тулгуурлан номоо бичсэн гэж мэдэгдээд байгаа. Тэрбээр номондоо

“Ерөнхийлөгч Air Force One онгоцонд Хейлитэй хамт хоёулхнаа нэлээд цагийг өнгөрүүлсэн. Бас түүний цаашдын улс төрийн карьерыг онцгой анхаардаг болох нь харагдсан”

гэж бичсэн юм.

Энэ өгүүлбэрээс үүдэн Ерөнхийлөгч Трамп, Никки Хейли нарыг “учиртай” гэх мэдээлэл шар хэвлэлээр асар хурдтай тархсан юм. Батлагдаагүй цуурхал төдий энэ мэдээллийг Никки Хейли мэдээж шууд үгүйсгэсэн. Өнгөрсөн баасан гаригт /2018.01.26/ Politico сонинд хэвлэгдсэн ярилцлагадаа Хейли үүнийг “гүжирдсэн”, “жигшмээр” цуу яриа гэжээ. Харин номын зохиолч Вулф HBO-д өгсөн ярилцлагадаа “гарцаагүй үнэн” гэж тодотгосон юм. “Бөмбөг дэлбэлж орхисон” Вулфын “Гал ба уур хилэн” ном хэвлэгдээд сар ч болоогүй хэрнээ хэдийн 1.7 сая хувь борлогдоод байна.

НИККИ ХЕЙЛИ ГЭЖ ХЭН БЭ?

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2016 оны арваннэгдүгээр сарын 22-нд Өмнөд Каролина мужийн захирагчаар ажиллаж байсан Никки Хейлиг АНУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор дэвшүүлсэн юм. Тэрбээр энэ албан тушаалд томилогдон ажиллаж буй анхны эмэгтэй. Түүнийг Трамп “Тэр дэлхийн тайзан дээр биднийг төлөөлөх агуу удирдагч байж чадна” хэмээж байв.

Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 24-нд Сенат Хейлиг НҮБ дэх Байнгын төлөөлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж, 94:6 саналын харьцаагаар баталсан юм.

НҮБ-д ажиллаж эхэлсэн эхний хэдэн сарын дотор Хейли ОХУ, Хойд Солонгос болон Ираны асуудалд онцгой анхаарал хандуулж байв. Харин сүүлд, өнгөрсөн оны сүүлээр Йерусалемыг Израилийн нийслэл хэмээн зарласан Трампын шийдвэрийг өмгөөлж, “Энэ бол америкчуудын хүсэл” гэж байлаа.

Никки Хейлигийн жинхэнэ нэр нь Нимрата “Никки” Рандхава. Эцэг, эх нь Энэтхэгийн цагаачид. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 20-нд Өмнөд Каролина мужийн Бамберг хотод төржээ. Залуу насандаа улс төрд хөл тавьж, 39 насандаа мужийн захирагч болохоос өмнө Өмнөд Каролина мужийн Төлөөлөгчдийн танхимд сонгогдон ажиллаж байв.

Хейли Өмнөд Каролина мужийн анхны эмэгтэй захирагч төдийгүй энэ албанд томилогдсон энэтхэг-америк гаралтай анхны хүн юм.

Хотынхоо жижиг сургуулийг төгсөөд Хейли Клемсоны их сургуульд суралцаж, нягтлан бодох чиглэлээр бакалаврын зэрэг горилжээ. Улмаар ээжийнхээ бэлэн хувцасны бизнест тусалж, Exotica International компанийг хэдэн сая ам.долларын үнэлгээтэй томоохон байгууллага болгон өргөжүүлж чадсан байна.

Хейли нэлээд хожуу христийн шашинд сүсэглэх болжээ. Гэхдээ эцэг, эхийн соёл, өв уламжлалыг дагаж, одоо ч Энэтхэгийн сихчүүдийн үйл ажиллагаанд оролцохоос цааргалдаггүй гэнэ. Тэрбээр АНУ-ын Зэвсэгт хүчний Үндэсний гвардын ахмад Майкл Хейлитэй гэрлэсэн, хоёр хүүхэдтэй.

Никки Хейли нөхөр, хоёр хүүхдийн хамт

Никки Хейли 2004 онд Өмнөд Каролина мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдож, 2006 онд улиран сонгогджээ. Бүгд Найрамдах намын гишүүний хувьд Хейлигийн мөрийн хөтөлбөрөөс консерватив үзэл нэвт ханхалж байсан гэдэг. Тэрбээр үр хөндөлтийг хуульчлахыг дэмжиж, хууль ёсны цагаачийн хүүхдийн хувиар цагаачлалын хуулийг хатуу чанд мөрдүүлэхийг шаардаж байв.

Улс төрийн карьераа бага багаар ахиулсаар Хейли 2010 оны арваннэгдүгээр сард Өмнөд Каролина мужийн “Тэргүүн хатагтай” болжээ.

Улс төрийн өрөгт гаргасан Хейлигийн энэ амжилттай нүүдлийн өмнө түүнийг хоёр ч эртэй учир ургуулсан гэх шуугиан дэгдэж байв. Нэг нь Уилл Фолкс. Өмнө нь Өмнөд Каролина мужийн захирагчаар ажиллаж байсан Марк Сэнфордын хэвлэлийн төлөөлөгч. Нөгөөх нь Хейлигийн сонгуулийн өрсөлдөгч Андре Бауэрийн улс төрийн зөвлөх Ларри Марчант юм. Фолкс хэдэн жилийн өмнө Хейлитэй амраглаж байснаа хүлээн зөвшөөрсөн, харин Марчант нэг удаа түүнтэй энгэр зөрүүлсэн гэж хэлж байв. Хейли дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, нөхөртөө үнэнч гэж мэдэгдэж байжээ. Түүнчлэн өөрийг нь чиглэсэн энэ мэт цуурхал хэрэв үнэн гэж батлагдвал албан тушаалаасаа огцроход бэлэн гэж байлаа.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж