Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг төгсөн, найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ. Тэрбээр энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээгээд буй. Хамгийн сүүлд ‘Гэгээн Муза’ наадмаас шагнал хүртэж, ОХУ-д зохиогдсон “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч байжээ.
-Сүүлийн үеийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг та. Уран бүтээлийн олз омог ихтэй юу. Та Ромеогийн дүрээр “Гэгээн-Муза” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авч байсан санагдана ?
-Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2013 онд СУИС-ийг гавъяат Э.Чулуунчимэг, Л.Дэмидбаатар нарын удирдлага дор төгссөн. Тэгээд дараа жил нь Улсын драмын эрдмийн театр гэх өндөр босготой айлын гишүүн болж байлаа. Удалгүй У.Шиксперийн алдарт зохиол “Ромео Жульеьта” жүжгийн гол дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм. Тэр жилдээ Ромеогийн дүрээр “Гэгээн-Муза” наадмаас шилдэг гол дүрийн шагнал авсан. Түүний дараа их зохиолч Д.Нацагдоржийн түүхээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжигт их зохиолчийн дүрд тоглосон. Харин өнгөрсөн онд зохиолч Л.Толстойн “Адууны түүх” жүжигт цэргийн даргын дүр дээр ажилласан байгаа.
-Энэ онд кино, жүжигт тоглооч гэсэн санал хэр их ирж байна. Та бас ‘Драм-3’ хамтлагт дуулдаг байх аа?
-Мэдээж олон ирж байгаа. Хэд, хэдэн киноны санал ирсэн. Гэхдээ одоогоор нууц хэвээр үлдээе. Харин манай хамтлагийн хувьд олон ажил ундарч байна. Манай ‘Драм-3’ хамтлаг байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа юм. Одоогоор зургаан дуу гаргачихсан, хоёрыг нь дүрсжүүлсэн. Үүнээс үзэгчдэд хүрсэн нь “Нүдээ аниад төсөөл”, “Макарина” зэрэг дуунуудаа хүргэсэн. Энэ ондоо багтааж шинэ цомог, дээрээс нь тоглолт хийхээр ярьж байна. Ер нь хамтлагийнхаа уран бүтээлд түлхүү анхаарч залуучуудад хандсан шинэлэг уран бүтээл хийнэ гэсэн бодолтой байна даа.
-Урлагийн хүн болно гэдэг таны мөрөөдөл байв уу. Эсвэл тохиолдол байв уу?
-Манай гэр бүлээс урлагийн хүн бараг байхгүй. Харин өвөө маань гарын ур дүй сайтай, сийлбэрчин хүн байсан юм. Бага байхад өвөө маань надад сийлбэрчин болж магадгүй гээд багажаа өвлүүлж байсан түүхтэй. Гэхдээ би багаасаа л урлагт элэгтэй байсан болохоор жүжигчин болно гэж боддог байлаа. Тэр үедээ хамтлагт дуулж бүжиглэдэг, драмын дугуйланд явдаг авьяастай хүүхэд байсан. Тэгээд л төгсөх жил хаяанд ирж СУИС-т жүжигчний ангид орье гээд шийдчихсэн. Оюутан болоод эргэж буцалтгүй мэргэжилдээ дурлаж, бүх сэтгэл зүрхээ өгсөн. Түүнээс хойш өдийг хүртэл мэргэжлээрээ ажиллаад, ахмад үеийнхнээсээ суралцаад явж байна.
-Та анх театрт орж байхдаа Ц.Цэрэнболд жүжигчинтэй багш, шавь болж байсан гэл үү?
-Тийм шүү. Театрт орохоор бид нар багшийгаа өөрсдөө сонгодог юм. Би Ц.Цэрэнболд багштайгаа хамгийн анх 2013 онд И.Нямгаваа найруулагчийн “Хязгааргүй” киноны үеэр таарч байсан юм. Тэгээд театрт ороод Ц.Цэрэнболд ахыг хамгийн түрүүнд багшаар сонгочихсон. Яагаад вэ гэхээр багш минь үгээрээ үйлдлээрээ, хүндэлмээр мэдрэмж төрүүлдэг. Багш минь амьдралын, уран бүтээлийн асар үнэтэй зөвлөгөөг өгдөг. Одоог хүртэл багшийнхаа заавар зөвлөгөөг сонсоод явж байгаа.
-Таны хамгийн анхны тоглосон кино “Аав” уран сайхны кино байсан уу?
-“Аав” кино бол миний тоглосон гурав дах кино байгаа. Хамгийн анх би И.Нямгаваа найруулагчийн “19” кинонд Үүрцайх нэртэй боксчны дүрд тоглосон юм.
-Үзэгчид таныг “Аав” киноны дүрээр чинь сайн мэддэг?
-Театрт ороод удаагүй байлаа. Хэдэн сар л болж байсан. Г.Эрдэнэбилэг ахтай уулзаад ийм кино хийх гэж байгаа. Цэрэнболдын залуу насны дүрд чи тоглоно шүү гээд л хэлсэн. Тэгээд л кинонд тоглохоор болсон юм.
-Урлагийн хүнд золиос их гардаг гэж ярьдаг. Жүжигчин болсондоо харамсах үе гарч байв уу?
-Зөндөө л золиос гаргана. Жишээлбэл, ар гэрийн асуудал байна. Юуны түрүүнд өөрийгөө хамгийн түрүүнд золиослох шаардлага гарна. Бас сэтгэл санааны хувьд золиослох зүйл олон тохиолдоно. Нэг удаа тайзан дээр Нацагдоржийн дүрийн сургуулилттай байхад өвөө маань бурхан болчихлоо гэсэн мэдээг сонссон. Дараа нь охин минь төрөхөд тайзан дээр жүжгээ бэлдэж байсан. Тэр үед би сэтгэл дотроо бүхнийг орхиод гэр бүл рүүгээ очмоор санагдсан ч болохгүй шүү дээ. Тэр болгонд зүрх сэтгэлийн золиос гаргадаг. Гэхдээ энэ бол ганцхан надад биш бүх л жүжигчдэд тулгардаг асуудал.
-Хамгийн анх Ромеогийн дүрд тоглоно гэдгээ сонсоод ямар мэдрэмж төрж байв?
-Үнэхээр сайхан байсан. Би “Атганд үлдсэн эрдэнэ” киноны зураг авалтаас орж ирээд удаагүй байсан. Тэгээд Н.Наранбаатар найруулагч дүр хуваарилахад миний нэр эхлээд дурдагдаагүй. Тэгэхээр нь би дүр аваагүй юм байна гээд бодож суусан. Ромеогийн дүрдээ би их хайртай. Учир нь миний сонгодог жүжгийн анхны дүр, байгаа юм. Тухайн үед баярлахаас илүүтэй хамгийн түрүүнд айсан. Яана, яаж дүрээ илэрхийлэх вэ, гээд шантарч байсан үе байгаа. Тайзан дээр гарахад үзэгчид намайг яаж хүлээж авах бол, алдаж болохгүй шүү зэргээр олон л бодол төрсөн. Их ч сандарч байсан. /инээв/
-Хэнээс юунаас урам зориг авдаг вэ?
-Үзэгчдийн алга ташилтаас их урамшдаг. Дүр аваад уран бүтээлд орлоо гэхэд хамгийн эхэнд энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй байх хэрэгтэй гэж бодогддог. Тайзнаа гарахын өмнө эсрэгээр “надаас өөр хүн энийг хийж чадахгүй” гэж өөртөө хэлээд зоригжуулдаг даа.
-Сүүлийн үед жүжгийн бэлтгэл гээд чөлөөт цаг танд гарч байна уу? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарахаар ихэвчлэн охинтойгоо өнгөрүүлэхийг хичээдэг. Ер нь аль болох гэр бүлтэйгээ байхыг хүсдэг ч тэр бүр зав болдоггүй. Хэрвээ цаг гарвал хамтлагийнхаа дууны үгэн дээр ажиллана, жүжгийнхээ зохиолыг уншина гээд л ажил мундахгүй. Сүүлийн үед гадаад хэлийг маш сайн суралцахыг хичээж байна. Саяхан ‘Аав’ уран сайхны кино Хятадад албан ёсны эрхтэйгээр гарч эхэлсэн. Цаашдаа ч гадаадын зах зээлд ур чадвар, мэргэжлээрээ танигдахыг хүсэж байгаа.
-Өнөөгийн залууст шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг уу?
-Одоогийн залуусыг зөв талаар дэмжих ёстой. Зарим үед зоригжуулмаар санагддаг. Ялангуяа залуучуудад хандсан хүчтэй уран бүтээл хийхийг зорьж байна. Заримдаа шүүмжлэлтэй хандах үе байдаг. Жишээлбэл, залуучууд юманд их өнгөцхөн байдлаар ханддаг болж. Фэйсбүүкт өнөөдөр хэнийг ч харлуулж, ямар ч байдлаар харуулж болж байна. Ер нь аливаа нийгэмд сайн муу зөндөө л юм байна. Тэгэхдээ залуус нэг зүйлд туйлшрахаас илүүтэй зөв талаас олж харах хэрэгтэй.
-Одоо ямар дүрд тоглохыг хүсэж байгаа вэ?
-Өөрийгөө эвдсэн дүрд тоглохыг хүсэж байна. Мөн сонгодог жүжгийн Отелла гэх мэтчилэн дүрд тоглохыг мөрөөддөг. Дүр бүтээнэ гэж том ярихгүй. Харин ажиллана гэвэл илүү оновчтой юм болов уу?
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.