Талийгаач журамлагдсан машиндаа осгосон байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Талийгаач журамлагдсан машиндаа осгосон байх магадлалтай

Талийгаач журамлагдсан машиндаа осгосон байх магадлалтай

Журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан гэх харамсалтай хэрэг гарсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам дээр байсан автомашиныг ачилтын компани журмын хашаанд аваачихдаа дотор нь хүн байгаа эсэхийг шалгалгүй хайнга хандсаны улмаас ийн нэг хүний амь эрсдсэн бололтой.

Тодруулбал,   Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 57 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага  26-ны өдөр  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Талийгаач Г нь 57 настай эрэгтэй байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд одоогоор цогцсыг задлан шинжилж байгаа учир  өөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, талийгаач яг хэзээ, ямар шалтгаанаар нас барсан, гадны нөлөөтэй эсэхийг задлан шинжилгээгээр тогтоох аж.

Талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсныг анзааралгүй ачиж журмын хашаанд хонуулсан байж  болзошгүй гэж ачилтын компанийнхан хардаж байгаа бололтой. Гэхдээ ямар компани хэзээ, хаанаас ачсаныг цагдаа нар ихэд нууцалж буй юм. Өмнө нь хүүхэд дотор нь унтаж байсан машин ачсан гэх асуудал гарч байсан. Хэрэвзээ талийгаач машиндаа унтаж байхад нь ачсан бол машин ачилтын үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч асуудалд орж болзошгүй байна.  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 12 машин ачилт хийдгээс гадна ‘Хас транс’, ‘Тэнүүн Огоо’, ‘ВММЛ’, ‘Ачит Сэлэнгэ’, ‘Очух’ зэрэг 21 компани тээврийн хэрэг­сэл зөөж, шилжүү­лэх гэрээ­тэй гэсэн мэдээлэл байна. Юутай ч задлан шинжилгээний дараа талийгаач яагаад машиндаа нас барсан хэрэг тодорхой болох юм байна.

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж