Монгол, Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрэв

Монгол, Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрэв

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Энэ удаагийн айлчлал нь Хятадын талтай зам, тээврийн салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэх, Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж буйгаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн “БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий 2014 онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, тэр дундаа зам тээврийн салбарт улам эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын үзэл санаа нийцэж байгааг онцлоод хоёр санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулахын чухлыг тэмдэглэлээ.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

2016 онд байгуулсан Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар боллоо.

Монгол улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг энэ үеэр хэлэлцлээ.

Мөн хоёр тал Гашуун сухайт Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Уулзалтын үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хоёр улсын эдийн засгийг дэмжих хүрээнд Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих, авто замыг шинэчлэх асуудалд Монгол улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Тэрээр цаашид нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуун сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талаар БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс анхаарал хандуулж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүслээ. Ли Сяопөн сайдын зүгээс асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэв.

БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад Европын чиглэлд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2017 онд Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлэгийн галт тэрэгний тээвэрлэлт гурав дахин өссөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, Эрээн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.

Хятадын талаас энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр талын холбогдох байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдвэрлэв.

Монгол Хятад хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аяллын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авахыг хүсэв.

Мөн Монголын агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгож дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2018 оны өвлийн улирлаас эхлэн БНХАУ-ын Чэндү, Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгаад энэ нь хоёр улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг өргөжүүлэх чиглэлд томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Мөн сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын далайн захиргаа, БНХАУ-ын Далайн захиргааны хооронд туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улс тээврийн бүх салбарт хамтын ажиллагаатай болж байгаа төдийгүй цаашид далайн тээврийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаар болж байна.

БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Олон улсын далайн байгууллагын А категорийн сонгуульд БНХАУ-ыг дэмжсэн явдалд Монголын талд талархал илэрхийлж дээрх санал, хүсэлтүүдийг бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр ярьсан асуудлуудыг Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар тохиролцов.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж