Сагсан бөмбөгийн холбоог С.Эрдэнэ хагалав уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбоог С.Эрдэнэ хагалав уу?

Сагсан бөмбөгийн холбоог С.Эрдэнэ хагалав уу?

Сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөл энэ долоо хоногт хэвлэлийн хурал, жагсаал зохион байгуулж, дотоодын зөрчил хэвээр байгааг дахин санууллаа.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нар өнгөрөгч Даваа гаригт /2018.01.29/ хэвлэлд хандаж, өөрсдийгөө хууль ёсны холбоо гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл  Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон баг тамирчид Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны гадна өчигдөр /2018.01.31/ жагсаал хийж, Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сагсан бөмбөгийн спортыг авраач хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарт хандсан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хууль бусаар холбооны тамга барьж байгаа Б.Тамиртай хамтран ажиллаж буйг буруутгасан юм .

Тиймээс хууль бусаар холбооны тамга барьж байгаа гэх хэрэгт холбогдсон Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч гэх Б.Тамиртай холбогдож, дараах тайлбарыг авлаа. Тэрбээр өөрийгөө холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж хэлэв. 

-Улсын дээд шүүхээс  МСБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба гэдгийг дахин нотолсон гэсэн. Та энэхүү шүүхийн шийдвэрийг юу үзэж байна? Таныг сагсан бөмбөгийн холбооны хууль бус ерөнхийлөгч гэж мэдэгдсээр байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?

-Би Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж яваа. 2013 оны холбооны хурлаар Удирдах зөвлөлөөс Ц.Цэвэрбал, Б.Дамба нар гарсан. Гэтэл тэд 2016 оны эхэнд Үйлдвэрчний соёлын төв ордонд хэдэн сагсчдыг цуглуулж, холбооны хууль бус хурлыг хийсэн. С.Эрдэнэ, С.Тулга өөрсдийн мэдлийн хэдэн нөхдийг идэвхүүлж, хурал зохион байгуулсныг улсын бүртгэл бүртгэж, хуурамч тамга гаргасан байсан. Ц.Цэвэрбал ерөнхийлөгчөөр сонгогдож, Б.Дамба нарийн бичгийн дарга болсныг зогсоож, давж заалдах болно. Бид хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Холбооны тамга Ц.Мөнх-Оргилоос Ч.Ганхуягт шилжээд тэгээд надад ирсэн.  

-Холбоодын асуудал маргаантай болсон нь тамирчдын амжилтанд нөлөөлж байна гэсэн шүүмжлэл гардаг. Бидэнд Спортын ордны заал олдохгүй боллоо гэж сагсдын төлөөлөл өчигдрийн жагсаалаар хэлж байна лээ?

-Биднийг одоо тайван юм хийлгэхгүй байна. Маргааш буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр Спортын төв ордонд Дээд лигийн тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан элдвийн хүмүүс янз бүрийн юм ярьж байна. Үндэснйи сагсан бөмбөгийн холбооны (MNBA) ерөнхийлөгч С.Эрдэнэ Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг 2012-2016 онуудад зохион байгуулах үедээ Спортын ордны заалыг хувийн эзэмшлийн заал мэт эзэмшиж байсан. Тэр үед албан ёсны Сагсан бөмбөгийн холбоо (MBA) холбоо нь тус зааланд орох эрхгүй болсон юм.

-Монголын сагсан бөмбөгийн холбооны дансанд байсан мөнгө хууль бус зүйлд зарцуулагдсан нь үнэн үү?

-Хүнийг гүтгэж болохгүй. Үүнийг шалгуулна. Би ямар ч мөнгө хулгайлаагүй. Сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны санхүүгийн асуудлыг би 90 хувь хувиасаа гаргасан. Удирдах зөвлөлийн гишүүд болон зарим нэг ивээн тэтгэлэгээр 10 хувийг гаргаж байсан. Би өөрөө сагсан бөмбөг тоглож байсан хүний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаа. Надад ямар нэгэн буруу зүйл хийсэн юм байхгүй.  

-Танай холбооноос сагсан бөмбөгийн Дээд лигийн тэмцээнийг эхлүүлэх гэж байгаа юм байна. Хичнээн баг оролцох вэ?

-Маргааш эхлэх сагсан бөмбөгийн Дээд лигийн тэмцээнд зургаан баг оролцох бөгөөд Спортын төв ордонд явагдана. Үүнээс хойш өсвөр, залуучуудын гээд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулаад явна. 


ТАЙЛБАР

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр 2005 оноос 2013 он хүртэл  УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил ажиллаж байгаад  өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тухайн үед “Хас” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Ганхуягийг МСБХ-ны ерөнхийлөгчөөр сонгож байсан юм.

Харин 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болсон холбооны чуулганаар ерөнхийлөгчид тухайн үеийн УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд МҮСБХ-ын ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Тамир нар өрсөлджээ. Ингээд 68 хувийн саналаар Б.Тамир МСБХ-ны ерөнхийлөгч болж байсан аж. 

Гэтэл 2016 оны нэгдүгээр сард Ц.Цэвэрбал, Б.Дамба нар МСБХ-ны хурлыг зохион байгуулж, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтан болсноор холбооны дотоод зөрчил улам даамжирчээ. Он гарсаар дээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, Б.Тамирыг хууль бус ерөнхийлөгч гэснээс гадна Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос эсэргүүцлийг жагсаалыг хийлээ. 

Сагсан бөмбөгийн холбооны чуулган 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болж, шинэ ерөнхийлөгч, тэргүүлэгчдийг сонгож байжээ. Фото Архив

 

 Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж