М.Оюунчимэг шүүмжилж, Д.Дамба-Очир бухимдав

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг шүүмжилж, Д.Дамба-Очир бухимдав

М.Оюунчимэг шүүмжилж, Д.Дамба-Очир бухимдав

-Зээлийн хүүг бууруулах тогтоол хэрүүл дагуулав- 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2018.01.31/ хуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн ч батлахыг түр хойшлууллаа.

Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь зах зээлийн бус арга болж, эргээд эдийн засагт сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй тул төрөөс тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсний үндсэн дээр зээлийн хүүг бууруулна гэж үзэн, тус байнгын хорооноос тогтоолыг санаачилсан байна.

Гэвч энэхүү тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нарын дунд маргаан үүсэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Энэ тогтоолын төслийг харахаар ичиж байна. Бизнес эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал энэ тогтоолд алга. Эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр төв банк ажиллах ёстой. Төв банк дан ганц инфляцыг бууруулах арга хэмжээ авснаар зээлийн хүүг бууруулах механизм хангагдахгүй. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: 

-Тогтоолыг боловсруулахад бүтэн хоёр сар хүмүүс ажилласан. Чи мэддэг юмаа л ярь. Авах юм байхгүй ч гэх шиг. Шүүмжлэхийн төлөө шүүмжлэхээ боль. Чамд микрофон өгөхгүй. Чиний эдийн засгийн зөвлөх хэн бэ, мэдэхгүй бол түүнээсээ очиж асуу. Тэгээд дараа нь ярь.Банкны зээлийн хүүг буруулах зах зээлийн орчин бүрдүүлэх гээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Зээлийн хүүг бууруулах тогтоол тунхагийн чанартай болчихоод байна. Инфляцыг найман хувьд барина гэдэг юмыг чинь Мөнгөний бодлогод заачихсан, бид ч яриад л байгаа тодорхой зүйл. Яаж зээлийн хүүг бууруулах вэ гэдгээ тодорхой оруулаад ирээч. 

Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо юу хийх юм санхүүгийн ямар шинэ бүтээгдэхүүн гаргах юм бэ. Энэ бүхэн тодорхой заагдах ёстой. Нэг ч юм алга. “Эрдэнэт”-ийн хувьцаа гаргая гээд яриад байна. Арилжааны банкуудаа энэ харилцаа руу оруулъя, тэгж байж зээлийн хүүг бууруулъя гэж болно ш дээ. Түүнд уурлах хэрэггүй. Таныг шүүмжлээгүй, тодорхой юм ярьж байна.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: 

-Аргаа бараад л зээлийн хүүд дээд хязгаар тогтоох ёстой гэж үзсэн. Том банкирууд “Эдийн засгийн ойлголтгүй байна” гэж шүүмжлэх юм. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Япон зэрэг орон зээлийн хүүд дээд хязгаар тогтоодог. Гэхдээ тус улсад инфляц 1-2 хувь байгаа. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг хязгаарлах боломж байгаа.

Харин манайх шиг инфляц нь хэт савлагаатай, сүүлийн хэдэн жил дунджаар 8-10 хувийн хүүтэй явж байгаа нөхцөлд хүмүүсийн хэл ам дарахын тулд хүчээр зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь буруу. Инфляциа барьж чаддаг байх агуулгаар л явах ёстой. Зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь эх үүсвэр өндөр. Инфляцыг бууруулах арга хэмжээг төр хийж чадахгүй байгаа учраас банкууд түүнээс давсан хүү амлаж, хадгаламж татдаг. Банкууд өнөөдөр төрөөс инфляци бууруулахыг шаардаж байна.

Гэвч өнөөдөр тогтоолын төслийг батлах боломжгүй, маргаан дагуулж байгаа асуудлыг дахин нягтлах ёстой гэж үзэн, хойшлууллаа. 

Хадгаламжид шаталсан татвар ногдуулж байгаа юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслөөр Хадгаламжийн даатгалын корпораци нь арилжааны банкин дахь даатгагдсан хадгаламжийн тооцоолол үнэн зөв бодитой байна уу гэдэгт хяналт тавих аж. Ингэхдээ улсын байцаагчаар дамжуулж шалгалт хийнэ. Арилжааны банкинд шалгалт хийх улсын байцаагчийн эрхийг төв банкны ерөнхийлөгчөөс авна. Гурван хүнд л энэ эрхийг олгохоор зааж өгч буй юм байна. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Ганбаатар төв банк арилжааны банкинд хяналт шалгалт хийдэг атал давхардуулж Хадгаламжийн даатгалын корпораци шалгалт хийх шаардлагатай юм уу гэдэг асуудал хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тайлбараар бол төв банк нь эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг арилжааны банкинд хийдгээрээ хийнэ. Хадгаламжийн даатгалын корпорацийн улсын байцаагч нарын хийх шалгалтыг үүнтэй хольж болохгүй. Зөвхөн даатгагдсан хадгаламжтай холбоотойгоор шалгалт хийх болно. Гуравхан байцаагч гарч ирээд энэ бүх банкийг шалгадаг юм биш шүү гэдгийг тодотголоо. 

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг арилжааны банкууд хадгаламжийн хүүгийн орлогоос шатлалаар татвар авах болсон тухай хөндөгдөж эхэлсэнд хариулт хүсэв. 

Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэмжээ заахгүйгээр хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулдаг болсон. Үүнээс өмнө 100 сая төгрөгөөс дээших хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулдаг байсан. Одоо бол шатлал байхгүй гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны хурал өндөрлөөд байна.

Г.ДАРЬ 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж