Улаан асрын зүүд (39-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (39-р бүлэг)

Улаан асрын зүүд (39-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Гучин есдүгээр бүлэг

ХӨДӨӨГИЙН ЭМГЭН ИРЖ АМНЫ ЗОРГООР ЧАЛЧИЖ, ХҮСЛЭНТ АГЬ ХАРИН УЧИР ЯВДЛЫГ УХААРЧ ОЙЛГОВ

Өгүүлэх нь: Пин Эрийг орж ирсэнд бүгдээр: “Найнай чинь юү хийж байна? Энд яагаад ирсэнгүй вэ” гэж асуусанд: “Түүнд юуны зав чөлөө байхав. Сайхан идээ олсон мөртөө ирж чадаагүй тул намайг явуулж, та нарыг хэр удаан байхыг асуулгаж, дахиад хэдийг авчруулан гэртээ идэх гэнээ” гэсэнд Шян Юнь: “Энд байна, байна. Их байна” гээд баахныг савлуулсанд Пин Эр: “Бүлтгэр хүйстэйгээс нь ахиухан хийгээрэй” гэв. Тэд нар Пин Эрийг суулгах гэж оролдсонд цаадах нь суусангүй. Тэгтэл Ли Вань барьж аваад: “Чамайг заавал суулгана” гээд дэргэдээ татаж аваад, нэг хундага архи аманднь барьсанд цаадах нь амсаад л явах гэтэл: “Заавал суулгана. Явуулахгүй. Чи ганцхан Фөн охины үгийг аваад минийхийг сонсохгүй юү” гэсээр мөөмөө нарт: “Энэ хайрцагтайг хүргэж өгөөд, Пин Эрийг, намайг явуулсангүй гэж хэл” гэв. Тэд хайрцагтайг авч яваад төдий удалгүй буцаж ирээд:

-Эр найнай ингэж хэллээ. Найнаа, авхай нар минь, намайг хоол гуйлаа гэж битгий шоолоорой. Энэ хайрцаг дотор сая нагац тайтайгийн тэндээс ирүүлсэн жонхууны гурилын боорцог, тахианы тосны боорцог байгаа. Үүнийг найнай, авхай нар идтүгэй гэж байна гэснээ, бас Пин Эрд: “Чамайг зарах гэсэн ховдоглоод ирэхгүй юм. Одоо яая гэхэв, бага л уугаарай гэж байна” гэж нэмж хэлэв. Энэ үгийг сонсоод Пин Эр: “Архи их уувал намайг яах юм бол” гээд архи амсаж наймалж идэв. Ли Вань түүнийг харж инээгээд: “Өдий сайхан хувьтай төрөөд, заяандаа торгуулж хүнд зарагдах нь юутай хайран бэ. Мэдэхгүй хүн бол хэнбугай ч чамайг найнай, дайдайгийн нэг л гэнэ дээ” гэв. Пин Эр, Бао Чай, Шян Юньтэй цуг сууж, идэж ууж байснаа эргэж: “Найнай битгий намайг элдэж талхиад байгаарай. Загатнаад болохгүй байна” гэсэнд Ли овогт, хүүе энэ нэг хатуу юм юү вэ гэв. Пин Эр: “Түлхүүр” гэв. Цаадах нь:

-За ямар сүрхий ховор юмаа алдахаас айгаад ийм юм биедээ авч явдаг юм бэ дээ. Тансан ламыг ном залахаар явахад нэг цагаан морь унуулдаг. Лю Жыюань дэлхий дахиныг эзлэхэд, нэг гоо шулам хуяг дуулгыг нь хүргэж өгдөг. Түүн шиг Фөн охиныг чи дагаж явна хэмээн би үргэлж хэлдэг билээ. Чи бол, тэр найнайгийнхаа амьд түлхүүр байж байтал энэ түлхүүрээр юү хийдэг хэрэг вэ гэж асуув. Пин Эр инээж: “Найнай архи уугаад бас надаар элэг барьж нааднаа” гэв. Бао Чай бас инээн:

-Энэ ч бас үнэн үг юмаа. Бид зүгээр л дэмий ярилцахдаа, таны энэ хэдэн хүн бол зуу дотроос олдохгүй улс гэдэг юм. Тус тусдаа цөм сайн газартай нь сонин байдаг гэсэнд Ли Вань:

-Их багад цөм тэнгэрийн зүй байна. Үлгэрлэвэл, Лао тайтайгийн гэрт Юань Ян охингүй бол яаж болох вэ. Тайтайгаас эхлээд, хэн нэг нь Лао тайтайгийн үгийг аймшиггүй няцааж чадна уу? Тэгтэл тэр одоо няцааж байна. Лао тайтай ч ганцхан түүний үгийг л сонсоно. Лао тайтайгийн өмсөж зүүхийг хэн ч мэдэхгүй байхад тэр бүгдийг андахгүй. Тэр л хямгадаагүй бол хичнээнийг хаяж гээснийг мэдэхгүй. Түүгээр үл барам тэрбээр үнэн голч зантай, үргэлж хүний сайныг мэдүүлэхээс биш, эрх сүрд эрэмшиж хүн дарладаггүй гэв. Ши Чүнь инээж

-Лао тайтай өчигдөр бас түүнийг биднээс дээр гэж байсан шүү гэсэнд Пин Эр:

-Тэр ерөөсөө сайн. Бидний хэн нь ч түүнд хүрэхгүй гэсэнд Бао Юй:

-Тайтайгийн гэрийн Цай Шя бол номхон хүн гэсэнд Тань Чүнь:

-Харин ч номхон биш, дотроо бодолтой хүн. Тайтай бол бурхан мэт үзнэ. Санаачилга муутайг нь ч бас мэднэ. Харин ямар ч юмыг тайтайд сануулна. Лаое гэртээ байх, гадагш явах мэтийн их бага явдлыг хүртэл цөмийг мэдээд, тайтайгийн мартсаныг далдуур сануулж л байна гэсэнд Бао Юй:

-Энд Ши Рэнь байгаагүй бол энэ айл ямар хэмжээнд хүрэхийг та нар бодож үзсэн үү? Фөн охин үнэхээр ч улсын эзэн ван болсон ч, хоёр гараараа мянган жингийн шанлууг өргөнө. Энэ охиноос өөр хүн ингэж сайхан авч явж чадах уу? гэсэнд Пин Эр: “Анх дөрвөн инж байснаас явах нь яваад, үхэх нь үхээд би ганцаар үлджээ” гэв. Ли Вань:

-Чи харин буянтай. Фөн охин бас буянтай. Даяа чинь сэрүүн байсан тэр цагт бас хэдэн хүн байсан. Би бас тийм хүн биш хүн авч явж чадахгүй юм. Тэд хэзээд санаагаар явж өгөхгүй байгаад байсан тул даяаг чинь үгүй болмогц би тэднийг залууд нь явуулсан. Овоо нэг охин байж намайг дагаж байсан бол надад бас нэг мөрний хүн болох байсан юмаа гэв. Ингэсгээд тэд гараа угаагаад явж Жя Мү, Ван Фүрэний амрыг эрэхээр болцгоов. Үлдсэн хүмүүс танхимыг шүүрдэж, арчиж цэвэрлэв. Ши Рэнь, Пин Эр хоёр хамтдаа явав. Тэд явсаар байрандаа очмогц Ши Рэнь, Пин Эрд цай өгөх гэсэнд: “Цай уухгүй” гээд явах гэхэд нь хоргоож: “Лао тайтай, тайтай нар энэ сарын мөнгөө яагаад тавихгүй байна вэ” гэж асуусанд цаадах нь: “Өөр хүнгүй байхад…” гээд шивнэж:

-Чи ийм юм битгий асуу. Юу ч болов хоёр өдөр болоод өгнө гэсэнд Ши Рэнь:

-Үүнийг хэлэхэд чинь айх юү байдаг юм гэсэнд цаадах нь ойртож ирээд бас л шивнэн

-Энэ сарын мөнгийг манай найнай хэдийн гаргуулж аваад хүнд өгч хэрэглүүлж байгаа. Өөр газраас ирэх мөнгөний хүү орж ирээд мөнгө бүрдэхээр өгнө. Чамд л гэж би хэллээ шүү. Цааш нь нэг ч хүнд хэлж болохгүй гэв. Ши Рэнь:

-Түүнд бас зарах мөнгө дутнаа? Ингэж иер өнгөргүй зан гаргаж, бие сэтгэлээ зовоож юү хийнэ дээ гэсэнд, Пин Эр инээж:

-Юунд тийм байхав. Энэ хэдэн жил тэр, их мөнгө эргэлдүүлж байна. Чи ганц энэ сарын мөнгийг тонгоруулсан гэж санав уу, үгүй шүү. Ингээд хэдэн зуун лан мөнгө олно. Албанаас өгч байгаа сарын мөнгийг зарахгүй. Арав таван лангаар цуглуулсаар бас зээлүүлнэ. Түүний ганц энэ мэтээр хувьдаа авч байгаа хүү мөнгө нь жил болоогүй байхад л мянган лан хүрч байна гэсэнд Ши Рэнь:

-Бидний мөнгөөр, эзэн боол та нар мөнгөний хүү идэж, биднийг залхтал хүлээлгэдэг юм байхдаа гэв. Пин Эр:

-Чи мөнгө зоосны чухал хэрэгцээтэй бол надад хэдэн лан мөнгө байгаа. Түүнийг аваад хэрэглэж байхгүй юү. Би дараа нь чиний мөнгөнөөс аваатахъя гэхэд нь Ши Рэнь:

-Энэ хэр яахав, иймээ тиймээ гэсэн юмгүй. Дараа мөнгө дутаад хэрэглэх бол хүн явуулж авахуулъя гэв. Пин Эр “Тэгээрэй” гээд хүрээнээс гартал хүн ирж түүнийг Фөн Же дуудлаа гэж хэлэв. Мөнөөх хүн:

-Найнай чамайг хэрэгтэй болоод хүлээж байна.

-Ямар юм болоод ингэж сандраа юм бол

-Сайн мэдсэнгүй.

-Их найнай надад бас юм яриад байсан болохоор орхиод явчихаж болохгүй байлаа. Түүнээс дутаасан ч юм бишээ. Тэртэй тэргүй харих гэж байхад дуудаад л…

-Энэ ямар миний санаа биш, энэ үгээ найнайд очоод өөрөө хэл дээ.

-Та нар битгий давар!

Пин Эр ингээд гүйн харьвал Фөн Же гэртээ байсангүй. Харин дээр үед, элтэлж холтлохоор ирж байсан Лю Лаолао, жаал хүү Бань Эр хоёр ирээд, бас Жан Цайн эхнэр, Жөү Рүйн эхнэр хоёр хань болоод байж байв. Хэдэн инж, жимс ногоо гаргаж байв. Пин Эрийг орж ирэхэд бүгд босож зогсов. Лю Лаолао дээр үед ирэхдээ, Пин Эрийн байр байдлыг мэдсэн тул санд мэнд босон харайж “Авхай сайн уу” гэж мэндлээд, бид гэр хотлоороо амар эрж байна. Аль хэдийн л ирж, найнаагийн амрыг эрэх байсан боловч тариа төмсний ажилд зүтгээд… Энэ жил арай гэж илүү хоёр дан будаа олж, гуа, жимс, ногоо цагаа ч хавтай сайхан ургасан тул энэ жаахныг анх түрүү түүж, гадагш худалдалгүйгээр найнай, авхай нарт амсуулах гэж охь дээжийг нь авчирч барилаа. Авхайнууд өдөр бүр уул усны амттаны дээжийг идсээр шандуурсан тул энэ хээрийн ногоог идвээс мөн бидний ядуу сэтгэл болно гэв. Пин Эр санд мэнд: “Санаж бодож ирсэнд тань их баярлалаа” гэсээр тэднийг суудалд урьж суулган найр тавьж бага инж нарт: “Цай авчир” гэж хэлэв. Хөдөөний хүмүүст бараа болж ирсэн хоёр эхнэр инээж:

-Авхайн царай өнөөдөр баярын шинж орж нүд чинь баахан улайжээ гэсэнд Пин Эр:

-Өө тийм байлгүй. Би уухгүй гээд байхад их найнай болон авхай нар албаар шахаад байхаар нь хоёр хундага тогтоочихсон юм. Тэгсэн чинь нүүр улайлгачихдаг байна шүү гэсэнд Жан Цайн эхнэр инээж:

-Би харин уусугай гэвэл шалах хүнгүй. Маргааш авхайг залах хүн байвал намайг дагуулж очоорой гэсэнд цөм хөхрөлдөв. Жөү Рүйн эхнэр:

-Өглөө би тэр наймалжийг үзсэн. Хоёр гурав нь л нэг жин хүрнээ. Ийм их сагсаар хоёр гурав байсан юм чинь, бараг дал наян жин байлгүй. Гэхдээ, дээр дооргүй бүгдэд хүрэхгүй байж мэднэ гэсэнд Пин Эр:

-Юү гэж бүгдээр идэх вэ, нэртэй, төртэй нь бага сага идэхээс бусад хүмүүс бол олж амсах ч бий, үгүй ч бий, Лю Лаолао:

-Ийм наймалж энэ жил нэг жин нь таван фун хүрнэ. Арван жин нь таван цэн, таван тавын хоёр лан таван цэн, гурван тавын арван тав, архи ногооны зоостой нийлээд, хорь гаруй лан мөнгө болно. Ум ма ни бад мэ хум. Энэ нэг цагийн мөнгөөр манай тариачин хүн нэг жилийг болгочихно гэв. Пин Эр: “Найнайтай уулзсан уу” гэж асуусанд Лаолао: “Уулзсаан, биднийг хүлээж бай гэсэн” гээд цонхоор гадаах тэнгэрийн байдлыг хараад: “Нарны эрт дээр бид явъя. Хотоос гарч чадахгүйд хүрвэл хэцүүднэ шүү” гэв. Жөү Рүйн эхнэр: “Би очиж, үзээд ирье” гээд гарав. Нилээн удсаны дараа ирээд: “Лю Лаолаогийн буян таарч, энэ хоёр хүнд ивээгджээ” гэв. Пин Эр: “Яасан бэ” гэвэл мөнөөх эхнэр инээж:

-Хоёрдугаар найнай Лао тайтайгийн дэргэд байна. Би тайтайд сэмхэн “Лю Лаолао оройтвол хотоос гарч чадахгүй гээд яарч байна” гэж хэллээ. Тэгсэн чинь, байж бай. Тэр холоос юм үүрч ирсэн хүн ядарч л байгаа. Нэг хоноод маргааш буц гэж хэл гэж байна. Энэ чинь хоёрдугаар найнайгийн ивээл мөн биз дээ. Энэ ч бас яахав, бидний яриаг Лао тайтай сонсчихоод: “Лю Лаолао гэдэг чинь хэн бэ” гэж асуулаа. Хоёрдугаар найнай товч мөртөө тодорхой хэлж өглөө шүү. Тэгтэл Лао тайтай “Би нэг хуучныг мэддэг настантай ярьмаар байгаа юмсан. Чи уриад аваад ир” гэлээ. Энэ чинь санаандгүй ивээгдсэн хэрэг бишүү. За явъя гэж Лао Лаог шавдуулав. Тэгтэл Лю Лаолао: “Би яаж энэ төрснөөрөө шахуу байж тийш очих вэ дээ. Бэргэн минь, намайг явчихжээ гэж хэлчих” гэсэнд Пин Эр сандарч:

-Хурдан явтугай. Хамаа байхгүй. Манай Лао тайтай настай хүнийг хайрлаж хүндлэн, ядуу доорд улсыг өрөвддөг хүн. Тэнд энд байдаг тэр мэхчин, гохчинтой хавирахгүй хүн. Бодвол та бишүүрхэж байгаа байх. Бид таныг хүргэж өгье гэсээр мөнөөх эхнэрийн хамт Лю Лаолаог авч Жя Мүгийнд очив.

Хоёрдугаар хаалганд жижүүрлэгч бяцхан хөвгүүд Пин Эрийг хүрч очиход босож зогсоод хоёр нь дөхөж: “Одоо нар нилээд эрт байна. Миний ээж өвчтэй, намайг явж эмч залж ир гэсээн. Би хагас өдрийн чөлөө гуйя. Болох уу эгч минь” гэв. Пин Эр:

-Та нар бүр иймдээ хүрч байгаа юу. Бүгдээр үгээ нэгсгээд өдөрт л нэг нь ирж чөлөө хэлдэг болж. Бас найнайд хэлэхгүй, намайг ноцно. Уржигдар Ү Эр явсан. Өнөөдөр чи ирж байна гэсэнд Жөү Рүйн эхнэр хажуугаас нь “Эх нь үнэхээр өвдсөн. Авхай түүнд тусалбал сайн шүү” гэж хэлэв. Пин Эр “За чи маргааш эртхэн ирээрэй. Чи анхаар. Би чамайг зарна. Чи, Вань Эрд хэл хүргэж өг. Найнайгийн үг шүү. Түүний хүү маргааш мөнгөө авчирч өгөхгүй бол найнай авахгүй, нэг мөсөн түүнд бэлэглэнэ гэсэн гээрэй… гэтэл бяцхан хүү учиргүй баярлаж за гээд явж одов. Пин Эр нарыг Жя Мүгийнд ирэхэд Да Гуань Юаний эгч дүү нар цөм тэднийд үйлчилж байсан тул Лю Лаолаог ороход гэр дүүрэн сувд индэрнаал солонгорон гэрэлтэж цэцэг хуар цэлгэрэн дэлгэрээд, энэ бүгд чухам юун улс болохыг мэдсэнгүй. Өргөн ор дээр нэгэн настан хажуулж, ар талд нь торго дурдангаар ороосон дагина гэлтэй нэг инж суугаад хөлийг нь атгаж байв. Фөн Же зогсоод инээнэ. Лю Лаолао энэ хүн Жя Мүг гэж мэдээд урагш дөхөн инээж хэдэнтээ мөргөөд:

-Өндөр настны од лагшин тунгалаг уу гэж асуусанд Жя Мү түргэнээр мэхийн мэндлээд Жөү Рүйн эхнэрээр сандал авчруулан суулгав. Тэр үед Бань Эр гэрэвшээд мэнд мэдэж чадсангүй. Жя Мү: “Садан эмгэн минь, энэ жил хэд насална вэ” гэсэнд цаадах нь даруй босож зогсоод “Би энэ жил далан тав хүрчихлээ” гэв. Жя Мү олонд хандаж,

-Өдий их наслаад, бас ийм чанга, саруул байна. Надаас хэд эгч юм. Би энэ насанд хүрвэл, аль хэр хөдөлж байхыг мэдэхгүй байна гэсэнд Лю Лаолао инээж:

-Бид насан турш зүдэрч, Лао тайтай насан турш жаргажээ. Харин бид энэ мэт байвал тэр тарианы ажлыг хийх хүнгүй болно гэв. Жя Мү: “Нүд, шүд чинь бас сайн уу” гэж асуусанд цаадах нь: “Сайн сайн. Харин энэ жилээс зүүн талын нэг араа хөдөлдөг боллоо” гэв. Жя Мү: “Би өтлөөд цөм болохгүй болов. Нүд ч бүрэлзэж, чих ч дүлийрээд, үг ч тогтоохгүй боллоо. Настай садан та нарыгаа би цөмийг мартлаа. Төрөл садан ирвэл, би элэг доог болуузай гээд ер уулздаггүй. Зажилж даах зөөлөн хоолыг бол бага сага идээд хэвтэж амарна. Уйдвал, энэ омбол хүү, омбол охид… Энэ ач зээ нартайгаа инээлдэж үймэхээс өөр ажилгүй юмаа” гэж ярив. Лю Лаолао инээж:

-Энэ бол үнэхээр Лао тайтай таны буян. Би энэ мэт явна гэвэл болохгүй гэсэнд Жя Мү:

-Юуны нь буян байх вэ. Зүгээр л өтөлсөн зовлого… гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Жя Мү бас инээж:

-Би сая, чамайг гуа ногоо их авчирсан гэж сонслоо. Би түүнийг сайхан хурааж тавь гэсэн. Би тарианы газраас шууд ирсэн гуа идэхийг бодож байлаа. Гадуур зарж байгаа нь танай газарт тарьсанд хүрэхгүй гэсэнд Лю Лаолао:

-Хөдөө хээрийн үнэр болой. Шинэ ногоог амталж болно. Бид бол харин загас идэхийг хүснэ. Гэтэл яаж олж идэх вэ дээ гэв. Жя Мү:

-Өнөөдөр бид садантайгаа уулзаж, танилцаж байгаа тул гар хоосон буцааж болохгүй. Манай эндэхийг голохгүй бол нэг хоёр өнжөөд явтугай. Манай энд бас нэг хүрээлэн байна. Дотор нь бас жимс байна. Чи маргааш амсаж үзээд, гэртээ бага сагыг аваач. Төрөл саднаа эргээд харж байгаагийн хувьд өөр юу байна вэ гэв.

Жя Мү ихэд таатай байхыг хараад Фөн Же яаран найр тавьж: “Манай эндэх хэдий танай хороо хүрээнд хүрэхгүй боловч бас хоёр тасалгаа сул байр байгаа тул чи тэнд хоноод, тэндхийнхээ сонин сайхан явдлуудаас манай Лао тайтайд ярьж өгөө” гэв. Жя Мү:

-Фөн охин, битгий үүнийг элэг баригтүн. Энэ бол хөдөөгийн хүн. Номхон томоотой хүн. Юуны чинь тоглоом наадам хийхийг сонсож чадах вэ гэснээ, жимс авчирч энэ Бань Эр хүүд өгтүгэй гэв. Өнөө хүүхэд нь олон хүний дунд жимс идэж чадахгүй ажээ. Тэгэхээр нь Жя Мү зоос авчруулж өгөөд гадаа дагуулж аваачин, бага хүүхдүүдтэй тоглуулж наадуул гэв. Лю Лаолао цай уух зуураа, тосгоныхоо харсан, дуулсан сонин хачнаас ярьж өгсөнд Жя Мү ихэд таашаан сонирхов. Тэднийг ийнхүү ярилцан суутал Фөн Же Лю Лаолаод оройн будаа идүүлэхээр урив. Жя Мү бас өөрийн ногооноос сонгож нэг хэсгийг хүргүүлэв. Жя Мүгийн таалалд нийцсэнийг Фөн Же нэгэнт мэдсэн учир хоол идсэний дараа Лю Лаолаог Жя Мүгийнд аваачив. Тэгээд халуун усанд оруулж, хувцас хунарыг нь сольж гэр зуур өмсөх хөнгөн шимгэн хувцас өмсүүлэв. Дараа нь Лю Лаолао, Жя Мүгийн дэргэд сууж хууч хөөрч эхлэв. Энэ хэр Бао Юй, эгч дүү нарын хамт тэнд сууж яриа сонсов. Тэрбээр ийм үг яриа урьд нь сонсоогүй болохоор эмгэний яриа үлгэрчдийн ярьдгаас хол дээр, их сайхан байна гэж үнэлэв.

Энэ эмгэн хэдийгээр хөдөө хээрийн хүн боловч угаасаа их үзэл, мэдэлтэйгээр барахгүй, нас ахиж ертөнцийн явдлыг өнгөрөөж ирсэн тул нэгд, Жя Мүгийн таалалд нийцэж, хоёрт, эдгээр аги, авхай сонсох дуртай байгааг мэдээд, ярих үг олдохгүй бол баахныг зохиогоод ярьчихна. Тэрбээр:

-Манай хөдөө газар тариа, төмс ногоо цагаа гэж яараад, хавар намар өвөл зуны жилийн гурван зуун жаран өдөр, цас бороо, нар салхинд юуны борви нугалах чөлөө олдох вэ. Өдөр бүр тарианы үзүүрт унаа хөлгөө амрааж, сэрүүцэх тул сонин хачин явдлуудаас үзэхгүй юм гэж ер үгүй. Ноднин өвөл хэд хоног цас орж улмаар гурав дөрвөн тохой зузаан болов. Би тэр өглөө эрт босоод, арай бас гарч завдаагүй байтал гадаа түлээн дээр нэг юм дуугарсанд, хүн ирж түлээ хулгайлж байна уу гэж бодоод, цонхоор гадагш харвал манай айлын хүн биш… гэтэл Жя Мү:

-Замын хүн таараад, бэлэн түлээнээс аваад дулаацах гэсэн байх л даа гэсэнд Лю Лаолао,

-Өнөөх чинь, замын хүн бишээ. Тэр нь сонин. Өндөр настай бишээ. Өнгө үзэмжтэй, арван долоо найман насны охин. Гал улаан оготор хүрэмтэй, цагаан дурдан хормогчтой, гэзгээ толийтол самначихсан… гэтэл гадаа хүмүүс шуугилдаад дотор байгаа хүмүүсийн яриаг тасалчихав. Тэгтэл: “Зүгээр хамаагүй. Лао тайтайг л битгий цочоочих” гэх сонсогдоно. Жя Мү сандарч: “Юу болов” гэж асуув. Инж нь:

-Урд хүрээний морьдын хашаанд гал гарчээ. Унтраасан гэнээ гэв. Жя Мү аймтгай болохоор сандран босож хүн түшиж гудамд гараад харвал зүүн өмнөх өнцөгт гал улалзаж байв. Түүнийг хараад Жя Мү сандран маани уншиж, галын бурхны өмнө хүж асаалгаж байтал Ван Фүрэнь нар бас ирж: “Гал унтарсан, тайтай дотогшоо морилогтүн” гэв. Гэвч Жя Мү гал харагдахгүй болтол гадаа зогсоод сая л тайвширч дотогшоо оров. Бао Юй адгаж: “Тэр охин, их цасанд түлээ авч яах нь вэ” гэж асуусанд эмгэн:

-Манайхаас зүүнтээ нэгэн настай эмгэнийх байлаа. Жар гаруй насны хүн. Тэр өдөр болгон бацаг барьж, маани уншина. Хонсим бодисадвааг баясгаснаар зүүдэнд нь: “Чи угаас үргүй болох байсан боловч ийнхүү үнэн сэтгэлээр сүсэглэсэн учраас хурмаст тэнгэр ивээж, чамд нэг омбол заяалаа” гэж орж гэнээ. Тэр настан ганц хүүтэй, ганц хүү нь бас ганц хүүтэй байсан юм. Мөнөөх ач нь дөнгөж арван долоо найм хүрээд үхлээ. Түүний энэлж шаналсан, уйлж унжсаныг хэлж барах аргагүй. Хожим, үнэхээр нэг хүү төрсөн. Тэр нь энэ жил арван гурав дөрөв хүрч байгаа байх. Үнэхээр арилгасан сармис мэт цэвэрхэн, хурц цэцний туйл болсон хүүхэд. Бурхан тэнгэр гэгч үнэхээр байна гэж ярив. Түүний энэ яриа Жя Мү, Ван Фүрэнь хоёрын санаанд цаагуураа нийцсэн тул хоёул чих тавин сайтар сонсов. Бао Юй дотроо, тэр түлээ хулгайлсныг л яагаад тэгээ юм бол гэсэн шиг бодож суув. Тэгтэл Тань Чүнь түүний анхаарлыг сарниулав. Тэрбээр, Бао Юйгээс:

-Өчигдөр Шы охин дүүгийн найрыг тохирлоо. Тэнд харьж ярилцаад нэг урилга хийвэл, хуримын хариу болохоор барахгүй Лао тайтайг бас залж удвал сонирхуулж байсан. Тэр юу болов… гэтэл цаадах нь:

-Бас ширээ засаж, Шы охин дүүгийн найрыг хийнэ. Бас биднийг хань болгоно гэж Лао тайтайд хэлж байсан. Лао тайтайг идэж уугаад явсны дараа дахиад засахад оройтохгүй гэв. Тань Чүнь:

-Хэдий хойшилбол төдий сэрүүн болох тул Лао тайтай таалахгүй байж мэднэ гэсэнд Бао Юй:

-Лао тайтай цас бороонд дуртай тул бид анхны цас орсон хойно түүнийг залж, цас бороо сонирхуулбал дээргүй юү. Бид ч бас анхны цаснаар шүлэг уянгалуулбал нэн хавтай бишүү гэсэнд Дай Юй:

-Бид цаснаар шүлэг уянгалуулснаас, нэг боодол түлээ авчраад, цасан дороос түлээ сугалбал хавтай юм бишүү гэсэнд Бао Чай нар хөхрөлдөж, Бао Юй тэднийг нэг ширвэж харснаа дуугарсангүй.

Хүмүүсийг тарсан хойно Бао Юй, Лю Лаолаогаас: – Тэр охин тэгээд хэн байсан бэ” гэж асуусанд, тэрбээр эвлүүлэн зохиохоос аргагүй болж: -Манай айлын хойт захын тарианы дэргэд нэг бяцхан сүм байсан юм. Тэр бол бурхан сахиус тахисан биш урьд нь ямар нэг Лаое… гэснээ бодолхийлэв. Бао Юй: – Ямар нэр овогтой байх хамаагүй. Та бодохын ч хэрэггүй. Учрыг нь л зүгээр хэлчих” гэсэнд эмгэн:

-Энэ Лаое хөвгүүнгүй, ганцхан охинтой. Нэр нь …За байз, ямар Мин билээ дээ. Мин Юй л гэдэгсэн. Бичиг үсэг мэднэ. Лаое тайтай нар түүнийг амьд эрдэнэ мэт хайрлана. Хөөрхий тэр охин, арван долоо хүрээд гэнэт өвдөөд үхчихсэн… гэтэл Бао Юй харамсан хөлөө дэвсэлж: – Хожим нь тэгээд юү болоов” гэв. Лю Лаолао:

-Лаое, тайтай хоёр түүнийгээ элэг зүрх мэт хайрладаг байсан учир хойтохыг нь бодоод тэр сүмийг бариулж, хөрөг баримлыг нь хийлгэж, хүн явуулж, хүж зул асаалгасан. Түүнээс хойш удсан тул хүмүүс мартаж, сүм ч нурсан. Харин мөнөөх охины шавар хөрөг нь чөтгөр болчихсон юм гэв. Бао Юй сандран:

-Чөтгөр болоогүй, тийм хүн үхэх ёсгүй гэсэнд эмгэн залбирч “Ум ма ни бад мэ хум” гэснээ:

-Бид түүнийг чөтгөр болсон гэж бодоцгоосон. Тэр үргэлж л хүн болчихсон, энүүгээр тэнүүгээр дэмий явж байна. Би түрүү түлээ хүн сугалсан гэсэн чинь тэр л дээ. Манай айлынхан лантуугаар хэмх цохино гэцгээж байсан… гэтэл Бао Юй:

-Хүүе яаж болох вэ. Сүмийг буулгаж хаявал тэр бас нүгэл болно гэсэнд Лю Лаолао:

-Золоор агь надад хэлж өглөө. Маргааш хариад тэднийг байлгасугай гэв. Бао Юй:

-Манай Лао тайтай, бусад тайтай бол цөм сайн санаатай. Манай гэр хотлоороо их багагүй, өглөг буян өргөх дуртай. Би маргааш бадар гуйх бичиг барьж өглөг цуглуулж чамд өгье. Чи гонир болж зул хүжний мөнгө цуглуул. Тэр сүмийг босгоод, шавар хөргийг барьж тахих хэрэгтэй. Сар бүр чамд зул хүжний мөнгө олговол болох уу гэж асуув. Цаадах нь сонсуут:

-Ийм болчихвол, би тэр охины буянаар бас хэдэн зоос олж зарна гэсэнд Бао Юй, газрын нэр, гацааны нэр, замын хэмжээ, зүг чигийг асуусанд Лю Лаолао амны зоргоор чалчиж гарав. Бао Юй үнэмшээд, гэртээ хариад шөнөжин бодол болж суугаад, өглөө эрт босож, Бэй Минд хэдэн зуун зоос өгч, эмгэний хэлсэн зүг чигээр, заасан газарт нь очиж тодорхой судалгаа хийлгэхээр мордуулав. Тэрбээр яваад сураггүй болчихсонд Бао Юй сүүлдээ учраа олохоо болиод “Халуун шороонд унасан мянган хөлт хорхой” гэгч шиг сандрав. Тийн гайхан тэвдэж байтал Бэй Мин хүрч ирлээ. Шууд л: “Олов уу” гэж ганц үг асуусанд цаадах нь нилээн тунирхуу: Эр Еэ сайн сонсоогүйгээс болов уу яав. Намайг бүр мунгинууллаа шүү. Тэр газрын нэр ус, зай хэмжээ сонссоноос чинь шал өөр юм. Би бүтэн өдөр эрээд цөхрөн явтал, нэг тарианы газрын тэнд эвдэрхий сүм байхыг оллоо гэсэнд Бао Юй баясан мишээж: – Лю Лаолао настай хүн болохоор мунгинаад эндүү ташаа хэлсэн байж болно. Чи юү үзэв. Чи тэрнээ хэл гэв. Бэй Мин:

-Тэр сүмийн үүд нь урагш харсан, эвдэрхий юм байна. Би эрээд юм олохгүй, урам хугараад байтал тэр сүм харагдаад… тэгээд би оллоо гэж бодоод хүрч очвол, нээрэн шавар баримал байхаар нь бас ч айгаад… буцаад явлаа. Тэгсэн чинь эмгэний ярьсантай адилхан санагдаад… Гэтэл Бао Юй инээж:

-Хүн болж хувилсан байлгүй. Амь орчихож уу гэсэнд Бэй Мин алга ташин:

-Нээрэн үнэн… Хар царайтай, улаан үстэй, хижгийн сахиус гэгч байхаа гэсэнд Бао Юй нулимж:

-Үхэл төрүүлсэн өөдгүй муу золиг. Энэхэнийг бас хийж чадахгүй гэж хараасанд цаадах нь:

-Эр Еэ бас ямар нэг номоос үзээд… эсвэл хэн нэгний чалчаа яриаг сонсож үнэмшээд, энэ иш мухаргүй дэмий юманд явуулж тэмтчүүлээд, бас тэгээд өөдгүй гэнэ шүү гэв. Бао Юй түүний ууртай байгааг хараад, даруй тайтгаруулан:

-За битгий уурла, дараагаар зав чөлөө олдвол, би явж эрье. Эрээд олдохгүй болбол биднийг мэхэлжээ гэж ойлгоё. Хэрэв байвал чи бас хойтдоо буян хураах бишүү. Тэгвэл би хүндэтгэн шагнана гэв.

Ийн ярилцаж байтал хоёрдугаар хаалганы сахиул хүүхэд ирж: – Лао тайтайгийн гэрийн авхай нар, хоёрдугаар хаалганд Эл Еэг хүлээж байна гэж дуулгав. Ямар явдал болсныг дараа бүлэгт үзтүгэй.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж