Оросын тэшүүрчин Ольга Граф өөрийн саналаар Пёнчаны олимпод оролцохоос татгалзжээ. Тэрбээр “Спорт улс төрийн бохир тоглоомын хэрэгсэл болсон” хэмээж, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны тугийн дор өрсөлдөхөөс татгалзсан байна.
ОХУ-ын эрх баригчид “Сочи-2014” өвлийн олимпийн үеэр допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр Оросын багийг Пёнчаны өвлийн олимпод оролцохыг хориглосон юм. Гэхдээ допинг хэрэглээгүй, цэвэр гэдгээ баталсан тохиолдолд тус улсын тамирчдыг ОУОХ-ны тугийн дор оролцохыг зөвшөөрсөн билээ.
Харин Ольга Граф багийн бусад гишүүд нь олимпод оролцохгүй болсонд сэтгэл эмзэглэж, өөрөө ч мөн татгалзахаар шийдсэн байна. Тэрбээр Сочийн олимпоос хоёр хүрэл медаль хүртсэн юм.
“ОУОХ-ноос намайг допингоос ангид, цэвэр гэдгийг баталгаажуулсанд баяртай байна. Гэхдээ тэшүүрийн шигшээ багийн бусад гишүүдийн талаас илүү нь хасагдсанд харамсаж байна. Би хувьдаа тэдэнд огтхон ч эргэлзэхгүй байгаа. Тамирчин хүний хувьд, бас иргэн хүний хувьд Оросын багийг ОУОХ-ны тугийн дор олимпод оролцуулах шийдвэрийг эрс эсэргүүцэж байна” гэж Граф хэлсэн байна.
Оросын олимпийн хорооноос нийт Пёнчаны наадамд оролцох 389 тамирчны нэрсийн жагсаалтыг ОУОХ-нд илгээсэн. Тэдний 80-аас дээш хувь нь Сочийн олимпод оролцоогүй тамирчид аж. Гэвч ОУОХ-ноос 169 тамирчинд л олимпод оролцохыг зөвшөөрсөн урилга илгээсэн бөгөөд Виктор Ан, Антон Шипулин гээд шилдэг тамирчид жагсаалтаас хасагдсан юм.
С.ЦЭЛМЭГ