“25 дугаар суваг” телевизийн өчигдөр /2018.01.30/ оройн мэдээллийн хөтөлбөрөөр ДК тусгай дугаар олгосон сэжигтнийг баривчиллаа”, “Авлигатай тэмцэх газар /АТГ/ авто тээврийн үндэсний төвийн гурван ажилтныг гэрээс нь саатуулжээ” гэх мэдээллүүд нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэв.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төв албан ёсны цахим хуудсандаа “ДК” дугаар хууль бусаар олгосон талаар, АТГ-аас манай гурван ажилтан албан хаагчийг баривчилсан тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын нэр хүндэд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараасан “25 дугаар суваг” телевиз өнөөдөр оройн мэдээллийн хөтөлбөрөөр албан ёсны мэдээлэл залруулга гаргахаар болсон” гэж бичжээ.
“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д Авто тээврийн хэрэгслийг бүртгэх хэсэгт “дипломат болон олон улсын байгууллагын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг” гэж заасны дагуу Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан “ДК” улсын дугаар олгох зөвшөөрлийн дагуу олгодог байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 446 тээврийн хэрэгсэл ДК улсын дугаараар бүртгэлтэй байгаа гэнэ.
Э.Бурам