Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн холбоодын асуудал маргаан дагуулсаар ирсэн.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нар даваа гаригт (2018.01.29) хэвлэлийн бага хурал хийж, өөрсдийгөө тус холбооны хууль ёсны удирдлагууд гэдгийг мэдэгдэж, холбооны зөрчилтэй асуудлыг нэг талд нь гаргах Дээд шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр (2018.01.31) Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ болон сагсан бөмбөгийн зарим багийн тамирчид Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны гадна жагсаал хийлээ. Жагсаал 30 орчим минут үргэлжилсэн юм.
Тэд ‘Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, сагсан бөмбөгийн спортыг авраач’ гэсэн уриа, лоозон барьсан байв.
2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр сагсан бөмбөгийн Дээд лигийн тэмцээн эхэлнэ. Гэтэл энэ тэмцээнийг хууль бус тамгатай Б.Тамир, Биеийн тамир, спортын газартай хамтран хийх гэж байна гэж энд ирсэн сагсчид ярилаа. МҮСБХ, зарим сагсчдын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарт хандаж, сагсан бөмбөгийн спортын дунд үүссэн бусармаг зүйлийг арилгаж, энэ спортод анхаарал хандуулахыг энэхүү сануулах жагсаалаар илэрхийлж байгаа аж.
Спортын төрийн байгууллага нь Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах, Монголын шилдэг сагсан бөмбөгчдийг бүгд нэг дор өрсөлдөх боломжоор хангахыг тэд холбогдох албан тушаалтнуудаас хүлээж байгаа гэлээ.
Энэ үеэр МҮСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга болон тамирчдын сэтгэгдлийг сонслоо.
С.Тулга (МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сагсан бөмбөгийн 3×3 холбооны дасгалжуулагч)
-Үнэхээр сагсан бөмбөгийн спортыг дэмждэггүй юмаа гэхэд битгий гай болооч ээ гэж хэлмээр байна. Бид өнгөрсөн онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдөө бүх зардлаа гаргаж, оролцсон. Монгол улсынхаа төлөө энэ спортыг хөгжүүлж байна. Ямар ч хувийн эрх ашиг надад байхгүй. Хуучин буюу хуурамч тамгатай холбоонд улсаас маш их мөнгө идсэн баримт байгаа. Энэ нь ил болохоос тэд сандарч, үл ойлголцлыг улам дэвэргэж байна. Санхүүгийн луйврын шинж чанартай зүйл байгаад харамсаж байна. Сагсан бөмбөгт хайртай, дуртай гэчихээд зөрчил гаргаад яваад байгаад харамсаж байна. Бид сагсан бөмбөгийн спортоо хөгжүүлэхийн тулд янз бүрийн менежмент хэрэглэн, санхүүгээ босгож байгаа ч буцаагаад түүнийгээ сагсан бөмбөгтөө зарцуулдаг. Гэтэл хууль бусаар холбооны тамга барьж байгаа Б.Тамир гэх хүнтэй Биеийн тамир, спортын газар хамтран ажиллаж байгаа нь буруу. Болохгүй юмыг болохгүйд нь үлдээгээд, сагсныхаа төлөө хамтраад ажиллая гэж бид олон удаа энэ хүмүүст хандаж, уулзаж үзсэн. Тэд хүсдэггүй, сагсны төлөө ажиллаж байгаа, цаг заваа зориулж байгаа олон залуусыг тэд үргэлж үл тоомсорлож, хэрүүл маргаан хийдэг.
Тамирчдын төлөөлөл:
-Бид 2017 онд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 3х3 төрөлд Оюутны дэлхийн аварга болон Азийн аварга болсон. Тэмцээнээс ирсний дараа Биеийн тамир, спортын газрын хамт олон баяр хүргэх нь байтугай уулзалт ч хийгээгүй. Ингэж л ялгаварлаж ханддаг. 2017 онд Спортын төв ордонд нэг ч удаа орж чадсангүй. Холбоодын зөрчлөөс болоод зааланд бэлтгэл сургуулилт хийх үнэхээр хүндрэлтэй болсон. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тусдаа хүмүүс байдаг юм билээ. Бид ч баг шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргахын төлөө хичээж байгаа хүмүүс. Сагсан бөмбөгт байсан, сагсчин хүмүүс энэ спортоо өнөөдөр ийм байдалд хүргэж байгаад харамсаж байна.
Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын 2017 онд үзүүлсэн амжилтууд:
- 3х3 оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, алтан медаль
- 3х3 “FIBA 3h3 Asia Cup” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, алтан медаль
- 3х3 Оюутны дэлхийн лиг, алтан медаль
- 3х3 "FIBA-Нанжинг" гранпри тэмцээн, хүрэл медаль
- ХБНГУ Берлин хотод болсон U14 өсвөрийн олон улсын тэмцээн, мөнгө, хүрэл медаль
- U11, U12 насны өсвөрийн шигшээ баг, ОХУ-ын Улан-Үдэ хотод болон олон улсын тэмцээн, Алт, мөнгө, хүрэл медаль
Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ