Онцгой албан татварыг тэглэсэн ч шатахуунаа борлуулж байна уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварыг тэглэсэн ч шатахуунаа борлуулж байна уу?

Онцгой албан татварыг тэглэсэн ч шатахуунаа борлуулж байна уу?

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэ өөрчлөгдсөн үү, шатахуун түгээх станцууд иргэдэд хэвийн үйлчилж байгаа эсэхийг сурвалжиллаа.

Хэдийгээр Засгийн газраас АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан ч зарим шатахуун түгээх станцууд “Засвартай” гэх шалтгаанаар ажиллахгүй, зарим станцууд хэт ачаалалтай,  дараалал үүсгэсэн харагдав.

Ингээд хотын захын дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зарим шатахуун түгээх станцуудыг зорьсон юм. Сонгинохайрхан дүүргийн Тойргийн автобусны буудлын эсрэг талд байрлах “Содмонгол” шатахуун түгээх станцын түгээгч “Манай шатахуун түгээх станц шатахуунаа хэвийн өгч байгаа. Иргэдийн хэрэглээний АИ92 шатахууныг 1630 төгрөг, А80 шатахууныг 1480 төгрөгийн үнээр өгч байгаа. Шатахууны үнэ нэмэгдээгүй. Манай салбар өнгөрсөн долоо хоногт нэг л өдөр засвартай байсан. Одоо хэвийн ажиллаж, шатахуунаа өгч байна” гэлээ.

Харин цааш Ханын материалаас 21 дүгээр хороолол явах замд байрлах “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын үнийн самбарт АИ92 шатахууныг 1630 төгрөг, А80 шатахууныг 1480 төгрөгийн үнээр өгч байгаа гэсэн ч засвартай гээд ажиллахгүй байлаа.

Учрыг тус шатахуун түгээх станцын ажилтнаас асуувал “Манай колонк өмнө нь шатахуунаа хэвийн өгч байсан. Одоогоор засвартай байгаа. Гэхдээ бусад салбар шатахуун түгээх станцууд шатахуунаа хэвийн өгч байгаа” гэдэг тайлбарыг өглөө.

Харин “Тэс петролиум” шатахуун түгээх станц АИ92 шатахууныг 1650 төгрөг, А80 шатахууныг 1480 төгрөгийн үнээр борлуулж байна. Энэ талаар тус станцын эрхлэгч Б.Гансүх ярихдаа “Манай шатахуун түгээх станцын хувьд АИ92 шатахууныг 1650 төгрөгөөр борлуулж байгаа. Гэхдээ тэс хөнгөлөлтийн картаар үйлчлүүлж буй жолооч нар 1620 төгрөгөөр нэг литр шатахууныг худалдан авч байна” гэв.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж